sonin.mn
ДУРБАН./Prensa Latina/. ДОХ-ын тархалт хамгийн өндөр байгаа ӨАБНУ-д энэ өвчний тархалтыг зогсоохын тулд 420 сая орчим долларын тусламж үзүүлэхээ НҮБ мэдэгдлээ.
 
Тус улсын зүүн нутгийн Дурбан хотод болж буй ДОХ-ын асуудлаарх олон улсын 21 дэх удаагийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Уг бага хуралд 180 орны 18 мянган зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ мөнгийг ДОХ-оор өвчилсөн 3.4 сая өвчтөнийг эмчлэх хөтөлбөрийг өргөжүүлэхэд зарцуулах аж.
 
ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Аарон Мотсоаледи хэлэхдээ “ХДХВ-тэй хүмүүсийг эмчлэх ажилд ахиц гарч байгаа. Манай хөтөлбөр бол дэлхийн хэмжээний хамгийн чухал хөтөлбөрүүдийн нэг” гэлээ. Дэлхийн даяар ХДХВ-ийн эмчилгээ хийлгэж буй 17 сая хүний 20 гаруй хувь нь Өмнөд Африкт амьдардаг байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг