sonin.mn

Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг томилов
 
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг томилох асуудлыг хэлэлцлээ.
 
УИХ-ын Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь үг хэлж, саналаа илэрхийллээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эдийн засгийн хямралын үед автомеханикийн мэргэжлийн хүн Сангийн сайдаар оруулж ирснийг эхлээд гайхсан. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Төсвийн байнгын хороонд ажиллаж, төсөв санхүүгийн асуудлаар мэргэшсэн гэж бодож байна” гээд эдийн засаг хүнд байгаа энэ үед Төсвийн алдагдлыг бонд гаргах замаар нөхөж ирсэн буруу жишгийг зогсоох, Татварын багц шинэчлэл, НӨАТ-ын хуулиар татварын системийг ил болгосон шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэв.
 
О.Содбилэг гишүүн “Эрдэнэтийн асуудал их бүрхэг байгаа учир Сангийн сайдад захих зүйл байна. Хувьцаа эзэмшигчийн, компанийн үйл ажиллагааны, хөдөлмөрийн хамт олны эрх ашгийг цогцоор нь хангахуйц гэрээтэй байх ёстой. Үүнд анхаарч ажиллах ёстой” гэсэн бол Б.Жавхлан “Эрдэнэт үйлдвэр ДНБ-д томоохон хувь эзэлдэг хэвээрээ байгаа. Эрдэнэтийг Худалдаа хөгжлийн банк авсан гэж хэлж байгаа. Гэтэл тэр хөрөнгийг ХХБ дангаараа байтугай арилжааны 13 банк ч нийлээд гаргаж чадахгүй. Банкууд өөрийн хөрөнгийн 20 хувиас давсан хөрөнгө оруулалт хийх хориотой байдаг. Энэ хязгаарыг давсан бол том асуудал үүснэ. Энэ асуудалд Засгийн газар шийдвэртэй хариу өгөх хэрэгтэй” гээд бондуудын болон гадаад өрийг төлөх асуудлыг цэгцтэй, ил тод, төлөвлөлттэй явуулахыг сануулсан юм.
 
Санал хэлсэн гишүүдээс дурдвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сангийн яамны тогтвортой байдлыг хангах, Эрдэнэтийн асуудлыг яаралтай тодорхой болгох, Татварын системийг үргэлжлүүлэх, НӨАТ-ын татварыг 3 хувь болгох,  Б.Энх-Амгалан гишүүн хилийн боомтууд болон Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудыг дэмжих, С.Батболд гишүүн Хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, сэргээх, Д.Тогтохсүрэн гишүүн Орон нутгийн хөгжлийн санг нэмэгдүүлэх, Ц.Нямдорж гишүүн “Эрдэнэт”-ийн луйврын хэргийг нэн даруй шалгах, М.Оюунчимэг гишүүн Төсвийн тодотголыг яаралтай, үнэн бодитой оруулж ирэх, цэцэрлэг сургуулийн асуудлыг тусгах, Г.Занданшатар “Эрдэнэт”-ийн асуудалд яаралтай ажлын хэсэг гаргах, өр, зээлүүдэд аудит оруулах зэрэг олон санал хэлэв.
 
Гишүүдийн зүгээс мөн Сангийн сайдад нэр дэвшигчид хандан ажлаа аваад хамгийн эхэнд улс орны эдийн засгийн бодит байдал, Засгийн газар, улсын өр, гадаад өрийн талаар нийтэд мэдээлэл өгөх, гадаадын зээл тусламжинд мониторинг хийх, өрийн менежментээ тодорхой гаргаж танилцуулах, эдийн засгийн хямралаас хэрхэн гарах, өрийн төлөлтийг дарамтгүй явуулах боломжийг судлах, Эрдэнэтийн хувьчлалын асуудлыг хаанаас эхлэх, Оюутолгойн гэрээний биелэлтийг хэрхэн хангах зэрэг талаар УИХ, байнгын хороонд танилцуулахыг сануулж байлаа.   
 
Нэр дэвшигч Б.Чойжилсүрэн “Эрдэнэтийн болон бусад асуудалтай нарийвчлан танилцсаны дараа мэдээлэл өгнө” гэв.
 
Харин Д.Тэрбишдагва “Сайд гэдэг бол эрх ямба биш, үүрэг хариуцлага. Тэр дундаа Сангийн сайд улсын төсөв мөнгийг хариуцдаг амаргүй ажил учир маш хариуцлагатай ажиллах ёстой” гэсэн бол Л.Элдэв-Очир гишүүн шинээр томилогдож буй сайд нарт ажилдаа хариуцлагатай, сэтгэл гаргаж ажиллах, хэрэв эс чадвал МАН-д сайдаар ажиллах чадвартай олон боловсон хүчин бий гэдгийг сануулав.  
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувь нь дэмжиж Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилов.
 
Б.Чойжилсүрэн нь 1988-199З онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг автоматикч телемеханикч мэргэжлээр төгссөн. 199З-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг