sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Нямтайширын Номтойбаярыг томилох эсэхийг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 40-с дээш насныханд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд ямар бодлого баримтлах вэ? гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Хуулинд тоо заагаад нэмэргүйг харсан. ААН-үүдэд санхүүгийн урамшуулал буюу хоёр талд харилцан ашигтай байх бодлого хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэн ажиллах ёстой яамд хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүн ажиллахгүй байна. Тиймээс энэ салбарт анхаарч ажиллах зүйл нилээд хэд байна" гэв.
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахмадын тэтгвэрийн зээлийн хүүг хэзээ, хэрхэн бууруулах талаар мэдээлэл өгнө үү?, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1000 гаруй залуусыг Япон руу явуулна гэсэн хүлээлтэд хариулт өгнө үү? гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Хоёр тал харилцан тохиролцох замаар хадагламжийн хүүгээр тохиролцон зээлийн хүүгээ бууруулах боломжтой. УИХ-ын өмнөх дарга Японд ажиллахдаа санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичиг бол гэрээнээс өөр. Ямар арга замаар хичнээн хүн гаргах нь тодорхойгүй. Ганц л өгүүлбэр байгаа. Японд бол гадаадаас ажиллах хүч авдаг эрх зүйн зохицуулалт байхгүй юм билээ. Намраас Японы парламентаар хэлэлцэж магадгүй юм билээ. Ажиллах хүч гаргана гэсэн мессежийг залуусын санал авах гэж гаргасан гэж харж байгаа" гэж хариулав. 
 
УИХ-ын гишүүн А.Ундраа Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ямар ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх вэ? Ямар ажлаас ажлаа эхлүүлэх гэж байна вэ? гэхэд "Хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол нийт ард түмний өмнө тулгамдаад байгаа бодлого нь алдагдсан асуудал. Хөдөлмөрийн салбар,боловсролын салбар эмээлийн бүүрэг шиг ажиллах ёстой байна. Дипломтой хэрнээ ажилгүй хүмүүстйн тоо их байгаад анхаарна. Статистик тоон үзүүлэлтэд анхаарна. Би нэг ч тоо хэлэхгүй байгаа. Ажилгүйдэл 10 хувь гараад явчихбал аюултайд тооцогддог. Тэгэхээр бүх тоог гаргана. Мониторинг хийнэ. Урсгал зардлыг бууруулна. Мэргэжлийн салбараа мэддэг цомхон боловсон хүчинтэй болно" гэв. 
 
Энэ мэтчилэн гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны санал хураалт явуулахад 94.8 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилов. 
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг