sonin.mn
МЮНХЕН. /АР/. Германы өмнөд нутгийн Мюнхен хотын худалдааны дүүрэгт  буудалцаан болсны улмаас наад зах нь есөн хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна. Цагдаа нар энэ хэргийг “террорист халдлага” гэлээ.
 
Буудалцаан өчигдөр орой тус хотын баруун урд хэсэгт болжээ. Олон тооны хүн шархадсан гэж цагдаа нар хэлэв. Буугаар зэвсэглэсэн сэжигтнүүд хэргийн газраас зугтсан байна. Цагдаа нар хэрэг гарсан бүсийг хаажээ. Хэрэг гарсан газрын ойролцоо амьдардаг хүмүүст гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
 
Мөн галт тэрэг, трамбай болон автобусны шугамыг түр хаагаад байгаа аж. Энэ хэрэгт гурван зэвсэгт этгээд холбоотой гэж цагдаа нар мэдэгдсэн боловч Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “буутай этгээд ганцаараа байсан байж магадгүй” гэж мэдээлж байна.
 
Нэг долоо хоног хүрэхгүй хугацаанд Германд хоёр дахь удаагаа халдлага гарсан нь юм. Энэ долоо хоногийн даваа гарагт Германы өмнөд нутгийн Вюрцбург хотоос холгүй галт тэргэнд сүхээр зэвсэглэсэн, Афганистанаас ирсэн 17 настай дүрвэгч хүү хүмүүс рүү халдаж, олон хүнийг шархдуулсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг