sonin.mn
Бид салбар,салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “UCLA” докторын дараах судлаач Ж.Ариунболдыг урьж ярилцлаа.
 
 “БАГШ НАРЫН ЧАДВАРААС СУРАЛЦАГСДЫН ЧАДВАР ИЛҮҮ ГАРДАГГҮЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
 
Монгол орны хөгжил, маргаашийг харахын тулд өнөөдөр бид боловсролын тогтолцоог харах ёстой. Уул уурхайн баялагт тулгуурласан манай орны хувьд орлогын болон боломжит тэгш бус байдал үүсгэдэг маш олон асуудал байдаг. Үүнийг багасгах үндсэн арга нь боловсролын тогтолцоог хөгжүүлж, дэлхийн жишигт ойртуулах юм. Бидэнд маш их боломж байгаа. Гол асуудал нь хүнээ бэлдэх юм.
 
АНУ-д байрлах Олон улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний Макеинзигийн төвөөс хийсэн судалгаагаар “Тухайн сургуульд багшилж байгаа багш нарын чадвараас суралцагсдын чадвар илүү гардаггүй” гэсэн үндсэн том дүгнэлтийг хийсэн байна.
 
Тэгэхээр Монголын боловсролын тогтолцооны чанар ямар байна, цаашид юу хийх ёстой, чанартай боловсон хүчин бэлдэхийн тулд багш нараа хэрхэн хөгжүүлэх, ямар тогтолцоогоор явах талаар би нэлээд судалгааны ажлууд хийсэн. Хүн хэр чанартай боловсрол авснаар тухайн улсын үндэсний эдийн засгийн байдал хамаардаг.
 
Дэлхийн олон оронд боловсролын тогтолцоог үнэлдэг, жагсаадаг үзүүлэлтүүд байдаг. Үүнээс үзэхэд дунджаар МУИС 3200, ШУТИС 6500 орчимд байна. Эндээс дүгнэлт хийхэд эдийн засгийн даацтай хүчирхэг орон болохын тулд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дэлхийн жишигт хүрэхүйц бусад салбар сургуулиудыг байгуулах нь зүйтэй.
 
Дэлхийн хэмжээнд баялгийн тэгш бус байдал газар авч буй өнөө үед өндөр хөгжилтэй улс орнуудын намууд нь эдийн засгийн бодлого, боловсролын бодлогоо улс төрөөс хараат бус байлгаж мэргэжлийн хүмүүсээр удирдуулах ёстой гэсэн тогтсон шалгуурыг тавьдаг болж байна. Нийгэм ч үүнийг хүсч байна. Өндөр хөгжилтэй улс орнууд төрийн бодлогоо шинжлэх ухааны мэдлэгт тулгуурладаг тэргүүлэх сургууль дээрээ боловсруулдаг тогтолцоо бий болжээ.
 
АНУ-ын нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн нь 55 мянга ам.доллар бол Монгол Улсын хэмжээнд 5000 орчим ам.доллартай тэнцэж байна. Энэ их зөрүүг ойртуулах, Азидаа нэлээдгүй өндөр хөгжилтэй орон болохын тулд боловсролын тогтолцоогоо хөгжүүлж, нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн үед энэ зорилго биелэхэд ойрхон байна.
 
Монгол Улсад өнөөдөр хэмжилтийн алдаа үүслээ. Санхүүгийн зах зээлийн асуудал ярихад эдийн засгийн асуудлууд нягт уялдаатай байдаг. Үүнийг шийдэхийн тулд Монгол Улсад боловсролын тогтолцоог ул суурьтай авч үзэж байж дараагийн асуудлуудыг шийдэх болно. Бид эдийн засгийн бус тогтолцоог ярих цаг болсон. Үүний хамгийн чухал ойлголт бол их дээд сургуулийн тогтолцооны асуудал чухал байгаа юм.
 
МЭДЛЭГИЙГ БАЙНГА ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛБАЛ ҮНЭН ГЭСЭН ОЙЛГОЛТ РУУ ОЙРТДОГ
 
Улаан шугам татаж давсан сурагчдад нь гадаад, дотоодын тэргүүлэгч их, дээд сургуульд сурдаг тогтолцоо үгүй болж, дараагийн нэг хэлбэр болох босго оноо тогтоож, тэнцсэн сурагчид дотоодын их, дээд сургуульдаа элсэж tofel, gmat гэх олон улсын шалгуурыг давж байж гадаадын их сургуульд элсэж суралцдаг болсон.
 
Энэ үе шат дунд басхүү сурлага сайтай, тэргүүний сурагчид элсэн ордог сайн сургуулиудад дөрвөн аргын тоо муухан боддог оюутнууд зөндөө л сурдаг боллоо. Энэ нь дээд боловсрол бараг л хүн болгонд нээлттэй болсонтой холбоотой.
 
Сурах хэлбэрүүд нь үүлэн технологи, hybrid хэлбэр лүү шилжиж, нүүр нүүрээ харьж сурдаг үе үгүй болж, дэлхийн топ сургуулиудын дипломыг өөрийн амьдарч байгаа газартаа суралцаж авах боломж улам бүр нэмэгдсээр байна.
 
Дээрх байдлаас ажиглахад боловсролд өөрч­лөлт, хувьсал, шинэч­лэлийн давалгаа гарч байна. Энэ өөрчлөлтийн давалгаанд их сургууль гэж юуг хэлэх, юуг шинжлэх ухаан гэж үзэх вэ гэсэн асуултууд эргэлзээтэй.
 
Тэгвэл их сургууль хөгжлийнхөө үе шатуудад хэрхэн өөрчлөгдсөн, одоо хаашаа чиглэж байна вэ. Их сургууль судалгааны, сургалтын гэж хоёр хэсэгт хуваагдав уу. Гажуудал хэрэв байгаа бол юунд, хаана алдаа гардагт хариулах ёстой.
 
Монголд 1921 онд дээд сургуулийн суурь тавигдаж, 1924 оноос сургууль хэлбэрт шилжиж, 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулагдсан нь дээд боловсролын системийг бий болгож чадсан. Монгол Улсын их сургууль нь том, жижиг өөрчлөлтүүдийг цаг үетэйгээ уялдуулж хийсээр өнөөдрийг хүрлээ. Үүнээс үзэхэд манай улсад их сургууль үүсэн хөгжсөн тогтолцоог 1990 оноос өмнөх ба дараах гэж ангилахад болохгүй зүйлгүй мэт.
 
Харин олон улсын түвшинд их сургуулийн хөгжлийн томёоллыг судлаач Барнетт (1990) их сургуулийн хөгжлийн үе шатыг дундад зуун, XIX-XX зуун болон орчин үе гэж ерөнхийд нь гурав ангилан үзжээ. Их сургууль гэсэн ойлголтыг мэдлэг гэсэн үгтэй холбож тайлбарлаж байсан үе бол дундаж зуун юм.
 
Мэдлэг гэж юуг хэлэх вэ гэсэн асуултанд олон суутнууд хариулж байсан ч түүн дотроос хамгийн гол нэг санааг тодруулая. Мэдлэг бол тухайн цаг үеийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх боловч туйлын үнэн гэсэн үг биш юм. Гэхдээ мэдлэгийг байнга тасралтгүй сайжруулах аваас үнэн гэсэн ойлголт руу ойртдог гэсэн үзэл нэлээд оновчтой тодорхойлжээ.
 
Тиймээс бид өөрсдийн хэвшсэн мэдлэгийг байнга шалгаж, сайжруулж байх хэрэгтэй бөгөөд тэрхүү мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх, шүүмжлэх явцыг өрнүүлж байдаг эзэд нь эрдэмтэн багш нар болон оюутнууд, бөгөөд зохион байгуулагч, чиглүүлэгч өдөөгч нь их сургууль гэж үзжээ.
 
ИХ СУРГУУЛЬ БОЛ ЗӨВХӨН МЭДЛЭГИЙГ БҮТЭЭХ ТАЛБАР БИШ
 
Шинжлэх ухааны салбарууд хэт салангид хөгжиж, их сургууль дотроо шинжлэх ухааны тархай бутархай олон хэсгүүдтэй болсон тул XIX-XX зуунд их сургуулийн тухай ойлголтод томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн байна (Becher & Trowler, 2001).
 
Ньюмен (1852) энэ туйлширсан салангид байдлыг шүүмжилж, либерал боловсролоор дамжуулан мэдлэгийн өргөн нэгдмэл хүрээг оюутанд таниулахын чухлыг тодотгожээ. Энэ үед мөн оюутны тунгаан бодох, судлаачийн байр сууринаас харж, сургалтын хөтөлбөрийг явц дунд хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэх болжээ.
 
Мөн мэдлэгийг мэдээлэл маягаар заах бус яагаад гэсэн асуултанд хариулт олох зорилгоор заах буюу сургалтын явцад их анхаарах болсон байна.
 
Түүнчлэн Хумболдт тэргүүтэй Германы сэтгэгчдийн нөлөөгөөр их сургууль нь сургалт, судалгаа хоёрыг хослуулж, тэрхүү судалгааны эрэл хайгуулын идэвхтэй орчин оюутны билиг оюуныг хурцлахад тустай гэж үзжээ.
 
Түүнчлэн Жаспер (1965) дэлхийн II дайны дараах нийгмийн хүнд асуудлуудыг хөндөн тавьж, хүмүүнлэг нийгмийг цогцлооход их сургуулийн нийгмийн өмнө хүлээх чухал үүргийг сануулжээ.
 
Их сургууль бол зөвхөн мэдлэгийг бүтээх талбар биш, харин их сургуулийн боловсрол бол оюутны хүн болон төлөвших эрх чөлөөний процесс байх учиртай гэж үзжээ. Үүнээс үүдэн их сургуулиудын хэт хоосон номчирхсон, нийгмээс хол хөндий байдлыг шүүмжилж, нийгмийн үүргийг нь тодотгох болсон байна.
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ ДЭЛХИЙН XIX-XX ЗУУНЫ ҮЕД БАЙНА
 
XXI зуун хүртэлх их сургуулиудад зөвхөн сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг эрдэмтэн багш нар нь сонгон шалгаруулж тодорхой тооны оюутныг их сургуульд элсүүлж байлаа. Тэгвэл орчин үед энэ байдал эрс өөрчлөгдөж, дээд боловсрол эзэмших бололцоог олон нийтэд нээж өгснөөр, оюутны тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад их сургуулийн үүрэг зорилго, чиглэл, үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлтүүд орох боллоо.
 
Дээд боловсрол нь сургууль биш, хөтөлбөрөөр өрсөлддөг, тодорхой чиглэл рүү нарийсан, баклавар, магистр, докторын сургалтанд чиглэж, сайн багшаа дагаж сурдаг, дэлхий нийтэд хүлээн зөв­шөөрөгд­сөн мэдлэгийн санд бүтээл нь байна уу, үгүй юу гэдгээр нь багш нар өрсөлддөг, сургуулиуд нь кампус хэлбэр лүү шилжиж, оюутан амьдарч сурдаг тогтолцоо бий болж, оюутнуудын ёс зүй, төлөвшлийг спорт, урлагаар дамжуулан олгодог, тухайн сургуулиуд нь оюутнууддаа цагийн ажил олгож, кампус дотроо автобус, такси, цагдаа, эмнэлэг гээд улсын доторх улс болтлоо хөгжжээ.
 
Өнөөдөр Монгол Улсын дээд боловсрол дээрх гурван үе шатны хаана явж байгааг нь харахад дэлхийн XIX-XX зууны үед байгаа нь харагдаж байна. Тэргүүлэх их сургууль нь либерал арт боловсролын тогтолцоог нэвтрүүлэх үйл явц бол XIX зууны сүүл үеийн олон улсын түвшинд явагдсан боловсролын өөрчлөлт юм байна.
 
Их дээд сургууль нь кампус хэлбэрээр хөгжих зорилт байгаа хэдий ч одоо хүртэл улсынхаа “а” зэрэглэлийн бүсэд байрлаж, тархай бутархай буюу, нэгдмэл зохион байгуулалтгүй байна. Их дээд сургуулиудын багш нарын материаллаг хангамж, цалин хөлс нь дэндүү бага бөгөөд хуучинсаг арга барилаасаа ерөөсөө гараагүй байна.
 
БАГШ НАРЫН ЦАЛИН ГАДААДАД 150 МЯНГАН АМ.ДОЛЛАР, МОНГОЛД 800 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
 
UCLA гээд дэлхийд дээгүүрт ордог их сургуулийн багш нарын жилийн дундаж цалин 150 мянган ам.доллар байхад өнөөдөр Монголд дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай багш нар яаж мэдлэг бүтээж, шинжлэх ухааны санд бүтээллээ гаргах билээ.
 
Гадны ганц сурах бичиг л дунджаар 250-350 ам.долларын үнэтэй байна гээд бодоход асуудал бол эсрэгээрээ харагдаж байна. Оюутнууд жилийн 2-4 сая төгрөгийн төлбөр төлчихөөд сайн боловсрол авая, их юм сурмаар байна гэж мөрөөдөх нь худлаа бололтой.
 
Дунджаар нэг улиралд 3-4 хичээл сонгоод судлахад сургалтын төлбөр нь хамгийн багадаа 8000 ам.доллар болох жишээний. Их дээд сургуулийн удирдлагууд багш нарыг жилийн 15-28 кредитын хичээл заалгаад хажуугаар нь судалгаа хий гэж шаардах нь үнэндээ боломжгүй зүйл.
 
Гадны сургуулиудын жишгийг авч үзэхэд дунджаар улиралд 1-2 хичээл буюу манайхаар бол зургаан кредитийг нэг улиралд авч байна. Монгол Улсын их сургууль нь 22 мянга оюутан, 800 багштай буюу нэг багшид 23 оюутан оногдож байхад, ucla гэж бидний жишээ авсан сургууль 60 мянган оюутантай, 15 мянган багштай буюу нэг багшид дөрвөн оюутан ногдох жишээтэй.
 
Дараагийн нэг асуудал бол гадны оюутан элсүүлж, гадны өндөр мэргэжлийн багш нарыг зочин багшаар урьж, сургалт болон судалгааны ажлаа явуулаагүй цагт хэзээ ч дэлхийн 1000 сургуулийн тоонд багтахгүй.
 
Орчин үеийн их сур­гуулиу­дад гарсан эдгээр олон өөрчлөлтүүдийг дүг­нэн үзэхэд, орчин үеийн дээд боловсролд хоёр томоохон өөрчлөлт гарчээ. Нэгдүгээрт, мэд­лэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж, нийгэмтэй бүх төвшинд oлон хэлбэрээр ойртох, үйлчлэх хүрээ тэлсэн.
 
Хоёрдугаарт, үүнтэй уялдаад өөр, өөр хэрэгцээг хангах, өөр, өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэрүүд бий болж, мөн их сургууль илүү олон талт үйл ажиллагаатай болжээ.
 
Энэ өөрчлөлтүүдийн давалгаанд их сургуулиуд судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширмал хэлбэр лүү орох, тэрчлэн нийгмийн давхаргын хэт ялгарлыг нэмэгдүүлэх эрсдэл гарч байгааг судлаачид ажиглаж, энэ нь их сургуулийн уугуул үнэт зүйлд харшлахыг анхааруулсаар байна.
 
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: