sonin.mn
ЧӨНДҮ. /Kyodo/. Европын Холбооноос гарах гэсэн Их Британийн шийдвэр нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж “Их-20” бүлгийн гишүүн улсуудын Сангийн сайд нар болон Төв банкны захирагчид мэдэгдлээ.
 
Тэд Хятадын Чөндү хотод хоёр өдөр хуралдсаны эцэст ням гарагт хамтарсан мэдэгдэл хийхдээ Их Британи улс Европын Холбооноос гарах болсныг /Brexit/ терроризм болон дүрвэгчдийн асуудлаас гадна дэлхийн эдийн засагт нүүрлэж буй шинэ эрсдэлүүдийн нэг мөн гэж тодорхойлсон байна.
 
Дэлхийн эдийн засагт “Brexit”-ийн учруулах сөрөг нөлөөг багасгахын тулд Их Британи болон Европын Холбоо илүү ойр хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж уг уулзалтад оролцогчид хэллээ.
 
Мөн мөнгө, санхүү болон бүтцийн бодлогын аргуудыг ашиглан тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ тэд илэрхийлсэн байна.
 
Түүнчлэн саяхан террорист халдлагууд үйлдсэнийг уулзалтад оролцогчид эрс зэмлэн буруушаахын зэрэгцээ терроризмыг санхүүжүүлж байгаа явдлыг үндсээр нь таслан зогсоохоо мэдэгджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг