sonin.mn
БЭЭЖИН. /Sputnik/. Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд ямар ч хамааралгүй учир тус бүс нутгийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятадын тал Японоос хүсээд, “ичгүүртэй” түүхээс нь дүгнэвэл тус улс бусад орныг буруушаах эрхгүй гэж мэдэгджээ.
 
Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида АСЕАН болон Азийн бусад орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр боломж олдвол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзаж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.
 
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан Японы сайдын энэ мэдэгдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлээд, Гааг хотод төвтэй, НҮБ-ын дэмжлэгтэй олон улсын шүүхийн зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр биш гэж мэдэгджээ.
 
Энэ сарын эхээр Арбитрын байнгын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар шүүх хуралдаан хийж, тус бүс нутагт их хэмжээний газар нутаг нэхэмжлэх эрх, үндэслэл БНХАУ-д байхгүй гэсэн шийдвэр гаргасан нь Филиппиний талын хувьд хууль эрх зүйн хүрээнд томоохон ялалт болсон юм.
 
Харин Лу Кан хэлэхдээ,  шүүхийн шийдвэр олон улсын хууль, НҮБ-ын Далай тэнгисийн хуулийн тухай конвенцийн дагуу байсан ч гэсэн БНХАУ эсэргүүцнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг