sonin.mn
СӨҮЛ. /TASS/. “Манай улс Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй” гэж Өмнөд Солонгосын эрх баригч “Сэнүри” намын парламент дахь бүлгийг ахалж байсан Вон Ю Чол хэллээ.
 
Одоо тэрбээр Өмнөд Солонгосын парламент болох Үндэсний хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшээд байгаа Дональд Трампын сүүлийн үед ярьж байгаа зүйлүүд нь ноён Вон Ю Чолыг улс орныхоо аюулгүй байдалд санаа зовнихоос аргагүй байдалд хүргэжээ.
 
Тодруулбал, Трамп хэлэхдээ “Өмнөд Солонгос зэрэг баян чинээлэг орнууд өөрийн оронд байрлаж буй Америкийн цэргийн зардлыг бүрэн хариуцан төлөх хэрэгтэй” гэсэн санааг илэрхийлсэн юм. Тэр ч бүү хэл, Солонгосын хойгоос Америкийн цэргийг гаргах боломжийн талаар ч мөн үг цухуйлгажээ.
 
Үүнтэй холбогдуулан дурдахад, Өмнөд Солонгосын тал өөрийн нутагт байрлаж буй Америкийн цэргийн хүчний зардлын тал хувийг буюу 900 сая долларыг хариуцан төлдөг аж.
 
Вон Ю Чол ярихдаа, энэ сарын сүүлчээр Пхеньян тавдахь цөмийн туршилтаа хийх магадгүй учраас Сөүл үүнд нь “хатуу хариу өгөх хэрэгтэй” гэжээ.  
 
Х.Сарнай 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг