sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Германы өмнөд нутгийн Бавари мужийн албаны хүмүүс “ням гарагт Ансбах хотод өөрийгөө дэлбэлсэн сири залуугийн хийсэн дүрс бичлэгийг олсон” гэж мэдэгдлээ. Цагдаа нарын хэлснээр, тэрбээр “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд үнэнчээр зүтгэхээ амлаж байгаагаа дүрс бичлэгт буулгажээ.
 
Бид сэжигтэн этгээдийн амьдарч байсан өрөөнд нэгжлэг хийн гар утаснаас нь террорист халдлага үйлдэнэ гэж заналхийлж байгааг нь харуулсан дүрс бичлэг олсон гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Мөн тэсрэх бөмбөг хийхэд ашиглах төмөр зүйлсийг сэжигтний өрөөнөөс цагдаа нар олжээ.
 
27 настай сири залуу Бавари мужийн Ансбах хотод тэсрэх төхөөрөг дэлбэлэн өөрийгөө хөнөөж, 15 хүнийг шархдуулсан хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан билээ. Түүнчлэн уг дүрс бичлэгт энэ этгээд арабаар “би германчуудыг онилон амиа золиослон халдлага үйлдэх болно” гэжээ.
 
“Лалын улс” бүлэглэлтэй холбоотой “Amaq” мэдээллийн агентлаг мэдэгдэхдээ “энэ хүн бол манай цэрэг” гэсэн юм. Сэжигтэн этгээд 2014 оны 8 дугаар сард Германд нэвтэрсэн боловч түүнд орогнох эрх өгөхөөс татгалзсан байсан аж.
 
30 хоногийн дотор Германаас гарч явахыг шаардсан албан бичгийг энэ сарын 13-нд түүнд илгээсэн гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг