sonin.mn
ТОКИО. /TASS/. Японы Сагамихара хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувиллын газарт хутгаар зэвсэглэн нэвтэрч орсон этгээд 15 хүнийг хөнөөж, 4 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг өнгөрсөн шөнийн 02:30 цагийн үед гарсан билээ.
 
Шархадсан дөрвөн хүний биеийн байдал тун хүнд байна. Тэдний “зүрх болон уушигны үйл ажиллагаа зогссон” байдалтай байна гэж Японы эмч нар мэдэгджээ. Энэ нь клиник үхэлд орсон гэсэн үг юм.
 
Сувиллын газарт нийтдээ 18-75 насны 149 хүн хэвтэн эмчлүүлж байснаас халдлагад өртсөн бусад 20 хүний биеийн байдал хүнд байна.
 
Халдлага гарсан тухай дуудлагыг сувиллын газрын ажилтан шөнийн 3 цагийн үед цагдаагийн газарт өгчээ. Үүнээс нэг цагийн дараа 26 настай Сатоши Уэмацу гэгч этгээд цагдаагийн газарт ирж, дээрх хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна. Өмнө нь тэрбээр уг сувиллын газарт ажиллаж байгаад энэ оны 2 дугаар сард ажлаасаа халагджээ.
 
Сувиллын газар нь нийтдээ 31 мянган кв.м талбайтай бөгөөд захиргааны барилга, оношилгооны төв, хоёр орон сууцны байшин, спортын талбай болон задгай усан сангаас бүрддэг байна. Хэрэг гарах үед 8 ажилтан жижүүрлэж байжээ. Уг сувиллын газраас хоёр км-ийн зайд төмөр замын өртөө болон сургууль, эмнэлэг оршдог байна. 
 
Цагдаа нарын ярьснаар, сэжигтэн этгээд хар өнгийн автомашин унаж ирээд, нэгдүгээр давхрын цонхыг хагалан сувиллын барилга руу оржээ. Түүний авч явсан цүнхэнд гурван ширхэг хутга, автомашинд нь цусанд будагдсан скоч байсныг цагдаа нар илрүүлжээ. Алуурчин этгээд сувиллын газрын үйлчлүүлэгчдүүдийг скочоор хүлсэн байж магадгүй юм гэж таамаглаж байна.
 
Аймшигт аллага болсны дараа Канагава мужийн захирагч Южи Куроива хэлэхдээ “ийм хэргийг дахин гаргуулахгүйн тулд бүхнийг хийнэ” гэж мэдэгдлээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг