sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ./NHK/. Энэтхэгийн Химачал-Прадеш мужид 25 настай израиль эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн гэх хэрэгтэй холбогдуулан хоёр эрэгтэйг баривчилжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, хохирогч эмэгтэй өнгөрсөн ням гарагийн өглөө тус улсын Манали хотод такси гэж андууран нэгэн автомашинд суусан аж.
 
Эмэгтэйг бөглүү газарт аваачиж, хоёр этгээд хүчирхийлсэн байна. Манали нь Гималайн нурууны орчимд оршдог бөгөөд дотоод, гадаадын жуулчид олноороо очдог алдартай газар юм. Жуулчин эмэгтэй найзуудтайгаа нийлэхээр Кейлонг хот руу явахаар уг машинд суусан аж. Машинд зургаан хүн сууж явсан гэж цагдаа нар хэлэв.
 
“Хэрэг хийгээд зугтсан дөрвөн залууг баривчлахаар эрэн сурвалжилж байна. Ойролцоох бүх хот суурингийн цагдаагийн газруудад бид мэдээлэл явуулсан” гэж цагдаа нар хэллээ. Хохирогч эмэгтэй эмнэлэгт эмчлүүлж байна.
 
2013 онд Маналид америк эмэгтэйг гурван этгээд хүчирхийлж байжээ. Дели хотод 2012 онд автобусанд оюутан эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, хөнөөснөөс хойш бэлгийн хүчирхийлэл нь Энэтхэгийн нийгэмд тулгамдсан томоохон асуудлуудын нэг болоод байгаа юм.
 
Уг хэрэг гарсны дараа Энэтхэг даяар эсэргүүцлийн жагсаал болж, тус улс хүчирхийлэлтэй тэмцэх талаар шинэ хуулийг баталж байсан билээ. Гэсэн хэдий ч Энэтхэг даяар хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсаар байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг