sonin.mn
СӨҮЛ. /TASS/. АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг үргэлжлүүлэхийг уриалж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Уулзалт Лаосын нийслэл Вьентьян хотод өнөөдөр өндөрлөсөн байна.
 
Умард Солонгосын тал 2016 оны нэгдүгээр сарын 6-нд болсон цөмийн туршилт хийж, 2016 оны хоёрдугаар сарын 7-нд пуужин хөөргөж, 2016 оны долдугаар сарын 9-нд баллистик пуужин харваснаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаад бид ихээхэн түгшиж байна гэж сайд нар мэдэгдэлдээ дурджээ.
 
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2270 тоот тогтоолыг дагаж мөрдөн, өөрийн үйлдлээ цэгнэн ухаарахыг бид БНАСАУ-аас хүсч байна. Үүний зэрэгцээ Солонгосын хойгийг энхийн замаар цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн цаашдын алхмыг хийхийн тулд зургаан талт хэлэлцээг үргэлжлүүлэх нөхцлийг яаралтай бий болгох, тус бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоохын тулд нийтийн хүчин чармайлт гаргахыг бүх талуудад уриалж байна гэж АСЕАН-ы гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
 
Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон оролцдог бөгөөд уг хэлэлцээ хамгийн сүүлд 2009 онд Пхеньяны санаачилгаар зохион байгуулагдсан ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг