sonin.mn
Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Билгүүнтэй ярилцлаа. Монгол Улсад Стандарчлал, хэмжил зүйн салбар үүсч хөгжөөд бүхэл бүтэн жарныг үджээ.
 
Гэхдээ дэлхийн зах зээлд гарч, бизнесээ тэлэх гэхээр олон улсын чанар, стандарт дээр манай компаниуд бүдэрчих гээд байдаг нь нууц биш. Уг нь гадагшаа зах зээлээ тэлэх хүсэл байдаг. Гэтэл чаддаггүй. Харин одоо яах ёстой вэ гэдгээсээ илүү яаж хийх вэ гэвэл зөв асуулт болно. Энэ сэдвийг өнөөдрийнхөө “Бизнес, хөгжил” булангаар хөндсөн юм.   
 
-Манай бизнес эрхлэгчид “Дэлхийн зах зээл дээр гаръя”, “Олон улсын хөрөнгийн зах дээр хувьцаагаа гаргая” гэх мэтээр ярьдаг ч үнэндээ чаддаггүй. Чадахгүй байгаагийн гол шалтгаан нь юу байдаг юм бол?
 
-Чанар, стандарт, баталгаажуулалт ярих цаг нь ирсэн гэдгийн л дохио.
 
Бид олон улсын стандартыг сайн мэдэхгүй байгаатай л холбоотой асуудал. Чанарын удирдлагын тогтолцооны стандарт энэ бүхний суурь нь, үүнийг байгууллага болгон нэвтрүүлсэн байх ёстой. Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа л энэ стандартыг бүрдүүлчих хэрэгтэй юм.
 
Тэгэхээр одоо бүтээгдэхүүний стандарт гэж ярихаа болих хэрэгтэй. Тухайн байгууллага удирдлага нь өөрөө чанартай байж бүтээгдэхүүн чанартай болно. Одоо дэлхий даяар чанарын удирлагын тогтолцооны болон  менежментийн стандартууд шинэчлэгдэж байна. Энэ бүгдийг мэдэж, хийж байж л бид олон улсын зах зээлд гарна. Ингэж байж Монгол Улс маань хөгжинө. 
 
-Манай улсын хувьд маш олон жил бүтээгдэхүүний чанар ярьж ирсэн нь буруу байсан гэсэн үг үү?
 
-Мэдээж хэрэг, бүтээгдэхүүний чанарын стандартыг тодорхой хэмжээнд ярина. Гэхдээ тухайн байгууллага өөрөө ISO 9001 буюу чанарын удирдлагын тогтолцооны суурь стандарт болон түүнд тулгуурласан мэргэжлийн стандартаа нэвтрүүлчихэд л зах зээлээ тэлэх, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох үүд хаалга нээлттэй.
 
Тухайлбал, Лондон, Хонгконгийн Хөрөнгийн бирж зэрэг дэлхийн томоохон биржүүд бүгд Британийн Стандартын байгууллагын баталгаажилттай байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүтээгдэхүүнд хэт анхаарах биш удирдлагууд өөрсөддөө анхаарч сайн зөвлөхүүд авах хэрэгтэй.
 
Ингэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн стандартыг байгууллагадаа нутагшуулна. Гэхдээ зөвхөн үндэсний хэмжээнд биш олон улсын хэмжээнд нутагшуулахаар ажиллах хэрэгтэй.
 
-Яагаад заавал Британийн Стандартын байгууллага гэж. Дэлхий даяар маш олон өөр стандарт бий шүү дээ?    
 
-Олон улсын стандарт /ISO/-ыг үүсгэн байгуулагч нь Британийн Стандартын байгууллага /BSI/ юм. Монголын аж ахуйн нэгж, компаниуд олон улсын стандартыг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсдэг ч хэрхэн яаж нутагшуулах талаар төдийлөн зөв, сайн ойлголт байдаггүй.
 
Ийм төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн тусалдаг мэргэжлийн байгууллага ч дутмаг байна. Гэтэл олон улсын жишгээр зөвлөх үйлчилгээ нь хүртэл өөрөө стандартчилагдсан байдаг.
 
Харин BSI удаан судалсаны үндсэн дээр Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоог өөрийн АСР/Accociate Consultant Programm/ хөтөлбөртөө хүлээн авч, олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийг саяхан олголоо.
 
-BSI-ийн баталгаажуулалтыг авахад хэр амархан байдаг бол?      
 
-BSI-ийн баталгаажуулалтыг авахад хэцүү. Гэвч заавал авах хэрэгтэй. Яагаад гэвэл, BSI-ийн баталгаажуулалттай компаниудад хөрөнгө оруулагчид итгэлтэй ханддаг юм. Бид одоо юм л бол “Чингисийн Монгол”, “Бид чадна” гэх мэтээр цээжээ дэлдэх хэрэггүй. Харин үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлээд гэрчилгээгээ үзүүлэхэд л дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө.
 
-Тэгвэл олон улсын энэ стандартад нийцсэн компани Монголд хэд байна вэ?
 
-Одоогоор манай улсад BSI-ийн нэг ч баталгаажуулалт хийж амжаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ стандартыг нэвтрүүлсэн байгууллага алга. Дандаа унаж байна. Саяхан хүртэл хоёр компани унасан. Хамгийн гол нь тэд зөвлөхөө буруу сонгожээ.
 
Тэгвэл одоо Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоо эх орондоо төдийгүй дэлхийн аль ч улсад олон улсын стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлэх албан ёсны эрхтэй боллоо.
 
Манай төрийн болон төрийн бус байгууллага, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компани, нийт аж ахуйн нэгж, хувь хүнд хүртэл энэ холбоонд бүртгүүлж сургалтад хамрагдах боломж нээлттэй. Ингэснээр чанартай мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авах юм.
 
Өөрөөр хэлбэл, та олон улсын стандартыг нэвтрүүлж нутагшуулахаар шийдсэн бол заавал манай холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн, баталгаажсан зөвлөхүүдтэй гэрээ хийх хэрэгтэй. Энэ нь зах зээл дээр байгаа чанаргүй зөвлөх үйлчилгээг зогсооно.
 
Үүнээс өмнө АПУ, МCS зэрэг томоохон компаниуд гадаадаас чанартай зөвлөхүүд аваад олон улсын стандартыг байгууллагадаа нутагшуулан зах зээлээ гадагшаа тэлсэн. “Мах маркет”-ийнхан хүртэл яг ийм арга замаар өмнөд хөрш рүү хүнсний бүтээгдэхүүн экспортолж байгаа. Гэхдээ ийм чадвар чансаатай компаниуд гарын 10 хуруунд л багтаж байгаа. 
 
-Яахав, олон улсын чанар стандарт ярихаар үндэсний хэмжээний гэж тодотгодог цөөн хэдэн компанийг урдаа барьчихдаг. Тэд том гэдэгтэй хэн ч маргахгүй. Бас олон улсын чанар стандартыг хүлээн зөвшөөрч, нэвтрүүлэх чадвар чансаатай. Гэхдээ эдийн засгийн гол тулгуур багана нь жижиг, дунд үйлдвэрлэгчид шүү гэдгийг маш олон жил ярьж сануулсаар байгаа. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олон улсын стандарт, чанар гэдэг дэндүү том сонсогддог нь нууц биш? 
 
-Хувийн хэвшлийнхэн маань юм хийж чадаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн үндэсний хэмжээний томоохон компаниуд л чаддаг, бусад нь чаддаггүй гэсэн үг биш. Том, жижиг гэлтгүй манай бүх аж ахуйн нэгжүүд чадах ёстой.
 
Хүнсний жижиг дэлгүүрээс эхлээд “Оюутолгой” хүртэл уул уурхайн том компаниуд ч олон улсын чанар, стандартыг нэвтрүүлэн нутагшуулж байж амжилтад хүрнэ. Манай компани, аж ахуйн нэгжүүд Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбооны хүлээн зөвшөөрсөн, бүртгэсэн, баталгаажуулсан зөвлөхүүдээс зөвлөх үйлчилгээ авсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BSI, ВСеrt зэрэг байгууллагуудаар амжилттай баталгаажуулагдах боломжтой болно.
 
Энэ нь зөвхөн өөрийн компанийг олон улсын стандарттай болгож байгаа асуудал биш юм. Үндэсний үйлдвэрлэгчдэд зах зээлээ гадагшаа тэлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, тэдний итгэлийг олох, олон улсын хөрөнгийн зах зээлээс амжилттай хөрөнгө босгох, тэр ч байтугай олон улсын төрөл бүрийн тендерт саадгүй оролцох таатай нөхцөл боломжийг бүрдүүлнэ. 
 
-Тэгэхээр дөнгөж бизнест хөл тавьж эхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олон улсын зах зээлд гарах боломж байна гэсэн үг үү?
 
-Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхэд том, жижиг нь асуудал болохгүй. Олон улсын стандартаа нэвтрүүллээ, баталгаажуулалтаа явууллаа. Ингээд л шийдэгдэх асуудал. Харин ч жижиг байх тусам ашигтай. Сургалт, зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалт нь хямдхан тусна.
 
Тиймээс компаниуд жижиг байх үедээ л стандартчилагдах хэрэгтэй. Энэ нь та нарыг цаашид олон улсын төвшинд гарахад хялбар болгоно. Дэлхийн зах зээл дээр “Зөвхөн эднийхийг авна. Танайхыг авахгүй” гэдэг асуудал байхгүй. Зөвхөн стандартаа л шаарддаг. Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлчихвэл “Хүрээд ир”, “Ороод ир” гээд зах зээл нь хүртэл нээлттэй болчихож байгаа.
 
-Манай бизнес эрхлэгчид “Монголын зах зээл жижиг, худалдан авах чадвар муутай” гэдэг. Гэтэл нөгөө хэсэг нь “Манай улс хоёр том гүрний дунд оршдог. Тэнд л манай хэрэглэгч, худалдан авагч бий” гээд байдаг. Гэтэл олон улсын чанарын стандартыг нэвтрүүлчихвэл энэ нь асуудал биш болох нь ээ. Бүр дэлхийн хаалга нээгдэж байна гэж ойлгож болох уу?
 
-Бид одоо том, жижиг гэж ярьдагаа болих хэрэгтэй. Бидэнд дэлхийн зах зээл нээлттэй. Боломж бүрэн байна шүү дээ. Монголын зах зээл жижигдээд байгаа бол дэлхийн зах зээл рүү ор л доо. Бидэнд бүх үүд хаалга нээлттэй л байна шүү дээ. Ингэхийн тулд л олон улсын чанарын стандартыг нэвтрүүлчих гээд байгаа юм.
 
Европын холбооноос “Бид ийм бараа бүтээгдэхүүнүүдийг авъя. Ийм үйлдвэрүүд ороод ирсэн ч болно” гээд жагсаалтаа гаргачихаад байгаа шүү дээ. Гэтэл манайд энэ боломжийг ашиглаж, гадагшаа зах зээлээ тэлж чадаж байгаа нь хэд байна вэ гэдэг нь харин асуудал болчихоод байна.
 
-Яагаад, асуудал болчихож байгаа гэж. Төрийн өмнөөс Стандартчлал хэмжил зүйн газар баталгаажуулалт хийгээд л байгаа шүү дээ?
 
-Тэд Монгол Улсынхаа хууль дүрмийн дагуу баталгаажуулалт хийж байгаа нь үнэн. Аж ахуйн нэгжүүд ч тийшээ хандаж баталгаажуулалт хийлгэдэг. Харамсалтай нь хил даваад л нөгөөх нь зүгээр нэг цаас болж хувирч байгаа шүү дээ.
 
-Тэгэхээр Монгол Улсын Стандартын хууль, дүрмэнд өөрчлөлт оруулах цаг болсон гэсэн үг үү?
 
-Шаардлагатай. Дээрээс нь баталгаажуулалтын байгууллагуудыг олшруулах хэрэгтэй. Үүнд цэвэр өрсөлдөөн хэрэгтэй. Олон улсад нэр хүнд бүхий цэвэр баталгаажуулалтын байгууллага байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ дотоодын баталгаажуулалтын байгууллага ч байх хэрэгтэй. Тиймээс энэ салбарыг хувьчлах ёстой.
 
Зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалт хоёр тусдаа байх ёстой. Өөрөө зөвлөчихөөд баталгаажуулна гэдэг байж боломгүй асуудал. Манай улсад ийм алдаа гарч, компани, аж ахуйн нэгжүүд маань цаг хугацаа, санхүү гээд маш олон зүйлээрээ хохирч байна.
 
Гэтэл гадаадын аудиторууд олон улсын дүрэм, хөтөлбөрийнхөө л дагуу “тоглоно” шүү дээ. Дашрамд хэлэхэд, бид одоо гадаадаас аудит урьж авчрах шаардлагагүй болж байгаа. Манай залуучууд маш сайн бэлтгэгдэж байна.
 
Тиймээс монгол хүн эх орондоо олон улсын чанарын баталгаажуулалт хийгээд суух цаг ирж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд ажиллах мэргэжилтнүүдээ бэлтгэн гаргаж эхэллээ. Энэ нь манай компаниудад ч хямд тусна шүү дээ.
 
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: