sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-Туркийн харилцааг сэргээх асуудлаарх хэлэлцээ өнөөдөр сайд нарын түвшний уулзалтаар эхэлнэ гэж Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зейбекжи-тэй уулзсаныхаа дараа мэдэгдэв.
 
“Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, үйлчилгээг чөлөөтэй болгох, Орос-Туркийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулах хэлэлцээр байгуулах гэх мэт хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн суурь асуудлууд түр завсардаад байсан. Харин өнөөдөр бид эдгээр асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэх үүргийг холбогдох хүмүүст өгөхөөр тохиролцлоо” гэж Алексей Улюкаев мэдэгдэв.
 
Мөн мягмар гарагт болсон уулзалтын үеэр бид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хамарсан өргөн хүрээний сэдвээр, ялангуяа хоёр улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлд харилцан нэвтрэх, аялал жуулчлалын солилцоог үргэлжлүүлэх, гаалийн хяналтын цэгүүдийг нээх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн гэж тэрбээр мэдэгджээ.
 
Мөн тэрбээр “бидний дунд үүсээд байгаа саад бэрхшээлийг арилгах ямар боломж бололцоо байгаа, эдгээр ажлыг хаанаас эхлүүлэх вэ гэдгийг тодорхойлсон. Үүнд хоёр улсын харилцааг харлуулсан 11 дүгээр сарын үйл явдал төдийгүй бусад өргөн хүрээтэй асуудлууд багтаж байна. Үүнд зах зээлүүдэд нэвтрэх, агаарын тээвэр, визийн журам, гаалийн мэдээлэл солилцох журам гээд олон асуудлыг дурдаж болно” гэж дурдлаа.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг