sonin.mn
Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.
 
Монгол төрийг хяналттай, хариуцлагатай, шударга байлгах, МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлах, Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангуулах, ард түмний аюулгүй амьдралыг баталгаажуулах үүднээс УИХ-д үнэмлэхүй олон суудалтай эрх баригч МАН-ын төр засгийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах болсноо МАХН үүгээр мэдэгдэж байна.
 
Юуны өмнө Та бүхний сонгогдоод ажиллаж байгаа Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ ямархан эрх зүйн орчинд, ямархуу шударга бус өрсөлдөөний нөхцөлд, ямар их хууль бус үйлдлийн үр дүнд бий болсныг Та бүхэнд сануулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
 
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа аль хэдийнээ эхэлчихээд байхад МАН,АН-ын удирдлага хуйвалдан Сонгуулийн хуулинд бүдүүлгээр халдан ард түмнийг төлөөлөх чадвараараа хамгийн дутагдалтай сонгуулийн тогтолцоог сонгон авч, зөвхөн өөрсөддөө ашигтай, өөрсдөө л сонгогдох хувилбараар хуулиа өөрчлөн, сонгуулийг ямар ч бэлтгэлгүйгээр явуулсан нь иргэний улс төрийн эрхийг ноцтой зөрчин, сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн.
 
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өөрсдийн үзэмжээр өөрчлөн “царцааны нүүдэл “хэмээх бохир технологиор бараг бүх тойрогт сонгуулийн луйвар хийж сонгуулийн саналын дүнд ноцтой нөлөөллөө. Энэ ажилд зарим төрийн байгууллага оролцож хамжилцсан нь асуудлыг улам бүр ээдрээтэй болгож байна.
 
6-р сарын 27-ны өдөр буюу санал авахаас 2 хоногийн өмнө сонгуулийн саналыг авахдаа хурууны хээг авалгүйгээр саналаа өгөхөөр ирсэн хүн бүрийн саналыг авахыг үүрэгдсэн нь дээрхи царцаануудыг нүүлгэх, нэг хүн хэд хэдэн удаа, хэд хэдэн газар саналаа өгөх боломжийг олгож хууль зөрчиж, энэ шийдвэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөллөө.
 
Сонгогчдод мөнгө төгрөг тараах, архидан согтууруулах, сонгогчдын өр зээлийг барагдуулах зэрэг янз бүрийн аргаар сонгогчдын саналыг худалдаж авах нь хэвийн үзэгдэл болсон байна. Энэ асуудалд Та бүхнээс цөөнгүй хүн нэр холбогдсон.
 
Сонгуулийн үр дүнд энэ мэт хууль эрх зүйн болон мөнгөний нөлөө их байсны хажуугаар намын хүчин зүйл ихээхэн нөлөөллөө. МАН ба АН нь ард түмнийг хагалан бутаргаж, булхай луйварт уруу татан, ялангуяа энэ ажилдаа залуучуудыг ихээхэн хэмжээгээр ашигласныг МАХН буруушааж байна.
 
Улс төрийн намын түвшинд байдаг ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагаагаа ард түмний дунд мөнгөөр дамжуулан халдварлуулан үндэсний хэмжээний луйвар булхайн сүлжээг бэхжүүлж байгааг МАХН эсэргүүцэж байна.
 
Сонгуулийн дүнд хар машины ид шид нөлөөлсөн хэмээн шударга ёсны төлөө гэсэн эгэл жирийн сонгогчид, улс төрийн бусад хүчнүүд, нэр дэвшигчид үзэж байгааг МАХН дэмжиж байна
 
Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН, АН-аас нэр дэвшигчдийн гаргасан зөрчлүүд СЕХ болон хууль хяналтын байгууллагад очоод хэрэгсэхгүй болох, түүнийг авч хэлэлцэхгүй байх зэргээр хууль хяналтын байгууллагаас эдгээр нэр дэвшигчдэд илт давуу байдал бий болгож байхад бусад намаас нэр дэвшигчдийг үндэслэлгүйгээр нэрсийн жагсаалтаас хасах зэргээр хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим ноцтой зөрчигдөж байсныг сануулья.
 
Энэ бүх хууль бус үйлдэл, алдаа дутагдлын үр дүнд Та бүхэн сонгогчдын 45 хувийн саналыг авсан атлаа УИХ ын гишүүдийн 85 хувийг эзэлж байгаа УИХ-ын гишүүд болсон гэдгээ үргэлж санаж байхыг анхааруулж байна. 
 
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо:
 
• “Эдийн засгийн хямралаас гаргаж
 
• Эх орноо өрнөөс салгаж
 
• Төрийн дампуурлыг засч
 
•Тэгш журамт, баян чинээлэг
 
• Монголоо цогцлоож чадна” хэмээн амалсныг МАХН дэмжиж байна.
 
Энэ удаад Та бүхэндээ хандаж дараах анхааруулгыг өгч байна. Үүнд:
 
1.Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаа бүрэн утгаар нь хэрэгжүүлэх
 
2.Давхар дээлээ тайлах санаачлагаа амьдрал дээр хэрэгжүүлж, бусдад үлгэрлэх
 
3.Хүүхдийн мөнгийг 2016 оны есдүгээр сарын 1 нээс эхлэн олгож эхлэх
 
4.“Цалинтай ээж” хөтөлбөрөө 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхлэх
 
5.Эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөгөө 2016 оны наймдугаар сарын 15-ны дотор УИХ-аар хэлэлцэж батлах
 
6.Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хууль бус үйлдэл, алдаа завхралыг нэн даруй таслан зогсоох
 
7.Хууль хяналтын байгууллагын бие даасан байдлыг хангах, улс төрийн нөлөөнөөс гаргах, улс төрийн нөлөөнд автсан, автуулсан тохиолдолд хариуцлага тооцдог болох
 
Түүнчилэн сонгуулийн сурталчилгааны үед МАН Эрдэнэтийн 49 хувийг оффшор компани авсныг буруушааж, засгийн эрхийг авбал нэн даруй хууль журамд нийцүүлэн засна хэмээн амалж байсан амлалтаа биелүүлж, энэ 49 хувийг Засгийн газар бүрэн мэдэлдээ авах буюу эсхүл ард иргэддээ хувьцаа болгож өгөх талаар нэн даруй шийдвэр гаргах шаардлагатайг анхааруулж байна. 
 
Төрийн албыг мөнгө төлсөн болон өөрсдийн бизнес, ашиг сонирхол нэгтэй хүмүүсээр бүрдүүлэхгүй байх, улмаар 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжаалах санаачлага гарган хэрэгжүүлж байсан бол түүнийгээ нэн даруй зогсоож, энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар өөрсдөө санаачлагаараа шалгуулан дүнг ард түмэндээ мэдэгдэхийг Та бүхнээс хүсч байна.
 
МАХН нь Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө тэмцэж, зүтгэж ирсэн баялаг туршлагатай, түүхтэй, Монгол Улсыг өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралаас гаргах цогц бөгөөд тодорхой бодлоготой, түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчний нөөцтэй намын хувьд Та бүхний явуулж байгаа үйл ажиллагааг гагцхуү улс орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс анхааралтай хянаж, амжилт гаргавал дэмжиж, алдаа дутагдал гаргавал шүүмжилж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.
 
Иймэрхүү анхааруулга сануулгыг МАХН-аас 14 хоног тутам Та бүхэнд өгч байх бөгөөд энэ санаачлагад нэгдэж манай намтай хамтран ажиллахыг АН болон бусад улс төрийн хүчин, иргэний нийгмийн байгууллага, иргэддээ уриалж байна.
 
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ