sonin.mn
Монгол, Оросын дайчдын хамтарсан "Сэлэнгэ-2016" сургууль ирэх сард болно.
 
Сургууль ирэх сарын сүүлээс эхлэн есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм. Цэргийн хамтарсан бүлэг хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах, түүнчлэн тухайн нутагт тагнуулын болон хайгуулын үйл ажиллагаа явуулах зэргээр сургуулилт хийнэ.
 
Хээрийн сургуульд танкийн батальон, мотобуудлагын рот, минометын болон өөрөө явагч их бууны батарей мөн хамгаалалтын ба пуужингийн салаа, агаарын хамгаалалтын цэргийн нэгжийг татан оролцуулахаар төлөвлөжээ.
 
Манай улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид "Сэлэнгэ 2016"-д бэлтгэх төлөвлөлтийн бага хуралд оролцох үеэрээ Оросын Дорнод цэргийн тойргийн удирдлагатай хэлэлцээ хийж, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр бэлтгэлээ хангах журмыг батлан ложистикийн асуудал дээр санал нэгджээ.
 
Үүнээс гадна Буриадын нутагт цэргийн зэвсэг техникээ хаана байрлуулахаас эхлээд хээрийн сургууль явуулах талбайд тойм судалгаа явуулах, техник байрлуулах станцын байдлыг үнэлэн, цэргийн хуарантай танилцсан аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг