sonin.mn
МҮХАҮТ-ын удирдлагууд БНХАУ-ын Нин Ся мужийн худалдааны танхимын дарга Хэ Жэн Рун тэргүүтэй мах. махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
 
Хоёр талын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг болон төлөөлөгчийн газрыг харилцан байгуулах,  импорт, экспортын худалдаанд орон нутгийн хөнгөлөлт эдлэх асуудлаар санал солилцож баруун 5 аймагтай хамтран ажиллахаар боллоо.
 
Уулзалтаар Хөвсгөл, Баянхонгор аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.
 
Санамж бичигт “Торгоны зам эдийн засгийн бүс" санаачилгыг дэмжих замаар Монголын "Талын зам" хөгжлийн стратеги бодлоготой уялдуулан хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт  хамтын ажиллагаа өргөжүүлэхийг тусгав.
 
Мөн үеэр хятадын талаас манай баруун 5 аймгаас  малын мах импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж Монголын талаас эхний ээлжинд Хөвсгөл, Баянхонгор аймгаас хонь, үхрийн мах экспортлохоор тохиролцоонд хүрлээ.  
 
Нин Ся муж нь Баянхонгор, Хөвсгөл аймагт уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, үржүүлэг, хөргүүрт тээвэрлэлт, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх юм байна.  
 
Мөн хоёр тал өндөр түвшний айлчлал, аж ахуйн нэгжүүдийн харилцан арга хэмжээг зохион байгуулах, Нин Ся муж дахь Хятад-Арабын үзэсгэлэн худалдаанд Монголын аж ахуйн нэгжүүдийг  оролцуулах боломжийг нээв.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг