sonin.mn
ЭЛЬ-КУВЕЙТ. /АР/. Кувейтэд агаарын температур Цельсийн 54 хэмд хүрч халсан гэж НҮБ-ын цаг уурын агентлаг мэдэгдлээ. Азид болон дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст урьд өмнө нь ийм халуун болж байгаагүй ажээ.
 
Дэлхийн цаг уурын байгууллагын  /ДЦУБ/ мэдэгдсэнээр, долдугаар сарын 21-ний пүрэв гарагт Кувейтийн Митрабах хотод агаарын температур 54 хэмд хүрч халсан байна.
 
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улсуудад хэт халж байгаа ажээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Иракийн өмнөд нутагт агаарын температур Цельсийн 53.9 хэмд хүрсэн гэнэ.
 
ДЦУБ мэдэгдэхдээ “Дэлхийн хамгийн өндөр температур 1913 онд Калифорнийн Үхлийн хөндийд бүртгэгдэж байсан. Тэнд агаарын температур 56.7 хэмд хүрч байсан” гэв. Гэхдээ 56.7 градус хүрч халж байсан гэх энэ тэмдэглэл үнэн бодит гэдэг нь маргаантай учир Кувейтэд 54 хэмд хүрч халсан нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт байж магадгүй.
 
14 сар дараалан хамгийн дулаан сар болж, Хойд мөсөн далайн мөс хурдацтай хайлж байгаа учир энэ онд дэлхий даяар хамгийн дулаан жил болж магадгүй гэж ДЦУБ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
 
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг баталж, хэрэгжүүлэхийн төлөө илүү ихээр хүчин чармайлт гаргахыг ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас уриаллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг