sonin.mn
НҮБ. /АР/. Нигерид “хүний санаанд багтамгүй” зэрлэг балмад хүчирхийлэл үйлдэж байна гэж лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийг НҮБ зэмлэн буруушаалаа. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Стивен О’Брайен хэлэхдээ “босогчдын энэ бүлэглэл олон мянган хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэсэн” гэв.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, Нигерид 9 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. “Боко Харам” бүлэглэлийнхэн нь “Лалын улс”-ад үнэнчээр зүтгэхээ амласан билээ.
 
Ноён О’Брайен хэлэхдээ “тус бүлэглэлийн үйлдсэн аймшигтай зэрлэг балмад хүчирхийлэл нь Нигерид хүний эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүргэсэн” гэлээ.
 
2016 оны 1-6 дугаар сарыг хүртэлх хугацаанд тус бүлэглэлийнхэн дөрвөн улсад 50 гаруй хүүхдийг ашиглан амиа золиослох террорист халдлага үйлджээ.
 
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ “Нигерийн Борно мужид бараг 250 мянган хүүхэд тураалд орж, зовж шаналж байна” гэж анхааруулсан юм. Тус муж урьд нь “Боко Харам”-ын хяналтад байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг