sonin.mn
Зүүн хойд Азид болж өнгөрсөн нийгэм, түүхийн үйл явцыг судлах зорилгоор Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэн санаачлан Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд “Зүүн хойд  Азийн судалгааны төв”-ийг өнөөдөр нээлээ.
 
Монгол Улсын ШУА, Япон улсын Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнтэй энэ оны 1 сарын 22-нд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
 
Гэрээний хүрээнд Монгол Улс Япон улстай хамтран Зүүн хойд Азийн бүс нутгийн эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн түүх, соёл, нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг судлах шинэ боломж бий болгох үүрэг хүлээсэн.
 
Судалгааны төвийг байгуулснаар манай эрдэмтэд эх орныхоо түүхийг бүс нутгийн  хэмжээнд судлах боломж нээгдэж байгаа юм. Тэр дундаа ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, БНАСУ-ын эрдэмтэн судлаачиддтай хамтран түүх, археологийн чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломж нээгдэнэ хэмээн Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээлтийн үеэр онцлов.
 
Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, “Манай хүрээлэн 6 салбар инститтай үндэсний байгууллага юм. Манай хүрээлэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Орчин цагийн БНХАУ судлал, БНЭУ судлал, Ислам судлал гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн.
 
Эдгээр хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор “Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөр”-ийг боловсруулсан юм. Энэ хөтөлбөрт гол тулгуур болох судалгааны төвийг өнөөдөр байгуулж байна. Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутгийн голд оршдог тул судалгааны бааз болох бүрэн боломжтой гэж үзсэн” хэмээв.
 
Шинээр байгуулагдах төвийн үйл ажиллагаанд ШУА-ийн салбар бүрийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш, судлаачид оролцох боломжтой бөгөөд бүх үйл ажиллагааг Түүх, археологийн хүрээлэн удирдан зохион байгуулах юм.
 
Ч.Ариунболд
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг