sonin.mn
Нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодуудад 24 цагаар шалгалтыг зохион байгуулах гэнэ.
 
Үүнд, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, түүхий эдийн зах, Баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн тавдугаар хороо Тэрэлж  зүүн аймаг явах чиглэл, дөрөвдүгээр зөрлөгийн пост, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн шалган бүртгэх товчоо зэрэг газруудад ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт явуулах ажлын хэсэг ажиллах юм байна.
 
Мөн Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Баянгол дүүрэг “ТОСО” худалдааны төв, Сүхбаатар      /7 буудал/, Баянзүрх /Гачуурт/, Чингэлтэй /Гүнт/ дүүргийн нутаг дэвсгэр дэх цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг хот, дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад тус тусын цагдаа, хэв журам сахиулах албадтай хамтран зохион байгуулах ажээ.
 
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой бөгөөд жил бүрийн найм, есдүгээр сар нь тарваган тахлын халдварын идэвхжил өндөр байдгийг албаныхан дурдаж байлаа.
 
Өнгөрсөн онд дүүргүүдийн авто тээврийн шалган бүртгэх 7-н товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирж байгаа нийт 60507 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж тарваганы түүхий мах  тулам 501 ширхэгийг илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд лабораторийн шинжилгээнд шинжлүүлэхэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй сөрөг хариу гарсан бөгөөд зөрчил гаргасан 45 иргэнийг 4,992,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ оногдуулж, Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сурталчилгааны  материалыг 50379 хүнд өгч ажилласан байна.