sonin.mn
УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилох асуудлыг хэлэлцлээ. 
 
Тус томилгоог УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэж дэмжсэн юм. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, М.Ганбаатар гишүүн барилгын салбарт мөрдөгддөг олон стандартыг шинэчлэн боловсруулах, МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан “Тусгай зөвшөөрлийг 3 дахин багасгах” асуудлыг хэрэгжүүлэх, Ц.Цогзолмаа гишүүн улсын төсөв хүрэлцэхгүйгээс зогссон барилга, байшинг төсвийн бус хөрөнгөөр гүйцээж барих, М.Оюунчимэг гишүүн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлж, эрчимжүүлэх, Н.Оюундарь гишүүн хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих,  Ц.Гарамжав гишүүн барилгын материалын чанарыг сайжруулах зэрэгт анхаарах гэсэн санал хэлж байв. Мөн дийлэнх гишүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатайг захиж, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэхийг асуухад сайдад нэр дэвшигч Г.Мөнхбаяр “Ипотекийн зээл үргэлжлэх эсэх нь эдийн засгийн байдлаас шууд хамаарна” гэв. 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Барилгын компаниуд улсаас зээл аваад барьчихсан маш их орон сууцнууд байна. Энэ орон сууцнуудыг яаж эргэлтэд оруулах вэ? Улсад энэ салбарт зориулах мөнгө байна уу? Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаж үргэлжлүүлэх юм бэ? Барилга хот байгуулалтын яам болон хотын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах вэ. Энэ бүх асуудал шийдлээ хүлээж байна. Эдгээрт бүгдэд нь анхаарч ажиллах шаардлагатай” гэж сайдад нэр дэвшигчид сануулав. 
С.Эрдэнэ гишүүн “Өнгөрсөн дөрвөн жилийг хараар будаж болохгүй. Бүтээн байгуулалт маш их өрнөснийг хүн бүр харж байгаа. 80 гаруй мянган хүн ипотекийн зээлээр орон сууцанд орж, хот, аймгийн төвийн хөгжил, өнгө төрх эрчимтэй өрнөсөн. Барилгалжилт хэр байснаа хэрхэн өөрчлөгдсөнийг үгүйсгэж болохгүй. МАН хэт олонхи гэдгээрээ түрий барьж ажиллах юм бол тэр хэмжээгээрээ эргээд хариуцлага хүлээнэ шүү” гэлээ.
Ингээд гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувь нь дэмжсэнээр  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томиллоо. 
 
Г.Мөнхбаяр нь 1964.12.11-нд төрсөн. 1984-1989 ОХУ-ын Свердловск хотбн Уралын Политехникийн Их сургууль, 1995-1997 Монгол Улсын Техникийн Их сургууль төгссөн.
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Дээд, магистр, Инженер, Монгол Улсын зөвлөх инженер
Ажилласан байдал:
1989-1990      НААҮЯ-ын туршилт тохируулгын ангид техникч
1990-1991     ОСНАА-н 6 дугаар конторын инженер, 
1991-2004     Улаанбаатар хотын ерөнхий менежер
2007-2008    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008-2012     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2012-2016     НИТХ-ын төлөөлөгч
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг