sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад Содномдаржаагийн Даваасүрэнг томиллоо. 
 
С.Даваасүрэн нь 1991-1995 онд МУИС-ийг төгсөж, 1995-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, 1999-2001 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд мастер, 2005-2011 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. АНУ, Англи, Югослав зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.
 
Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд гишүүд 88.9 хувь дэмжиж С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилов.
 
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны орон тооны гишүүн Э.Батболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлж, Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр томилох саналыг 96.3 хувь нь дэмжлээ. 
 
Д.Баярсайхан нь 1993-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд төрийн санхүүгийн удирдлагаар мастер хамгаалжээ. Улмаар АНУ, Итали, Люксембург зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.
 
Тэрбээр 1997-1998 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтэст мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн-Аюуш” ХХК-д захирал, 2005-2012 онд Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч, 2012 оноос Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг