sonin.mn
Турк улс болон түүний хөрш орнуудад үүссэн улстөрийн нөхцөл байдал, Турк дэх монгол иргэд, Турк-Оросын харилцаа зэрэг олон сэдвээр Турк Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөз үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт дэлгэрэнгүй ярилцлага өгснийг уншигчиддаа хүргэе.
 
-Манай улстай олон салбарт өргөн харилцаатай Турк улсад онц байдал зарласан тухай монголчуудын ихэнх нь сонсч мэдсэн. Харин онц байдал гэж юу вэ, онц байдлын хүрээнд ямар арга хэмжээнүүд авч байна вэ гэдэг талаар мэдээлэл хомс байгаа учраас бид бүхэн бүдэг бадаг ойлголттой байгаа юм. Иймээс Элчин сайд Та манай уншигчдад үүнийг тодруулж тайлбарлана уу?
 
-Аливаа ардчилсан улс оронд хүчирхийллийн аюул занал бий болсон, олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед онц байдал зарладаг. Онц байдлыг зарлах эрхзүйн үндэслэлүүд гэвэл, Турк улсын Үндсэн хууль, Европын хүний эрхийн Конвенци зэргийг дурдаж болно.
 
7 дугаар сарын 15-ны хэрэг явдал буюу цэргийн эргэлт хийх оролдлогын дараа Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, тус улсад онц байдал зарлах зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөмж шийдвэрийг гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Эрдоган Турк улсын Сайд нарын зөвлөлийг даргалан хуралдуулж, энэ сарын 21-нээс эхлэн  90 хоног буюу 3 сарын хугацаанд улс орон даяар онц байдал зарлах тухай шийдвэр гаргалаа.
 
Гэхдээ энэ шийдвэр нь энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдрал ахуйд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй, хувь хүнд хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнд төрийн зүгээс халдахгүй гэдгийг миний хувьд онцлон хэлэхийг хүсч байна.
 
Онц байдал тогтоосон учир шалтгаан, зорилго нь юу вэ гэдэг талаар дурдъя. Хамгийн гол нь, Туркийн төрийн байгууллагуудын бүтцэд шургалан орсон “ФЕТО” хэмээх террорист  бүлэглэлийн гишүүд, хамсаатнуудыг төрийн аппаратаас зайлуулан цэвэрлэхэд чиглэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Туркийн зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага төдийгүй Гадаад хэргийн яамны аппаратад хүртэл дээрх бүлэглэлийн этгээдүүд шургалан орсон байна. Товчхон дүгнэж хэлбэл, дотоодын хяналт шалгалт явуулах замаар “ФЕТО” бүлэглэлийн гар хөл бологсдыг онц байдал зарласан 3 сарын хугацаанд төрийн аппаратын бүтцээс бүрмөсөн цэвэрлэн зайлуулах зорилготой гэж ойлгож болно.
 
-Удахгүй сар гаруйн дараа хичээлийн шинэ жил эхэлж Монголын олон зуун оюутнууд Турк улсыг зорин явах гэж байна. Гэтэл тэнд онц байдал зарлажээ. Тэгэхээр онц байдлын дэглэмийг цуцлахыг хүртэл хүлээзнэх хэрэгтэй юү гэсэн асуулт гарч ирж байна. Энэ тухайд Та юу хэлэх вэ?
 
-Турк улсад ойролцоогоор 3000 орчим Монгол Улсын иргэд ажиллаж, амьдарч байна. Тэднээс 900 нь их дээд сургуульд суралцаж буй оюутнууд юм. Түүнчлэн хоёр улсын иргэд хоорондоо гэр бүл болсон нь бий. Ийм гэр бүл 130 орчим байдаг. Турк дэх монголчууд олон хотод тархан суурьшсан боловч тэдний ихэнх нь Истанбул болон Анкара хотод төвлөрөн амьдарч байна.
 
Цэргийн эргэлт хийх оролдлого гарсан шөнө Туркийн иргэд төдийгүй манай улсад амьдардаг монгол иргэд маш ихээр айж сандарсан байдалтай байсан. Тухайн шөнийн турш Турк улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Истанбул дахь Монголын Ерөнхий Консулын газар болон монгол иргэд бидэнтэй байнга холбоо харилцаатай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид тэдэнд хандан “гэрээсээ гарахгүй байх, олон хүн цугларсан газраар явахгүй байх, байдал намжтал хүлээзнэх нь зүйтэй” гэсэн анхааруулга, сануулга, зөвлөмжийг байнга өгч байлаа.
 
Энэ бүхний дүнд, дээрх хэрэг явдлын үеэр Монголын иргэд амиа алдсан, шархадсан, гэмтэж бэртсэн тохиолдол огт  гараагүй нь та бидний хувьд сайн мэдээ болж байна.
 
Онц байдал зарласан нь Турк улсад зорчиход ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдгийг хэлье. Хоёр улсын хооронд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж байгаа бөгөөд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан ямар нэгэн журам гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Турк улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас “аялал жуулчлалын урьдаас төлөвлөсөн маршрут, хөдөлгөөнд ямар ч өөрчлөлт ороогүй” гэдгийг бидэнд саяхан мэдэгдлээ.  
 
Үүнийг тодруулж, саяхны нэгэн жишээг би танд дуулгая. МУИС-д Турк судлалын тэнхим гэж бий. Энэ тэнхмийн оюутнууд турк хэлний зуны сургалтад жил бүр хамрагддаг. Мягмар гарагт бид таван монгол оюутныг Турк рүү үдэн мордууллаа. Энэ бол монгол оюутнуудын эцэг эхчүүд, тэдний багш нар нь бид нарт итгэж найдаж байгаагийн илрэл юм. Тэдний хувьд ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй юм байна гэж бид ойлгосон.   
 
-Истанбулын олон улсын нисэх онгоцны буудал бол манай иргэдийн хувьд бусад бүс нутаг, улс орнууд руу явах нэг гол гарц болж байдаг. Энэ буудалд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээ авсан эсэхийг тодруулан лавлах гэсэн юм? 
 
-Истанбул хот дахь Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд нислэгийг хязгаарласан ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Таны хэлсэнчлэн, 15 сая хүн амтай Истанбул хот бол зөвхөн монголчууд төдийгүй гадаад, дотоодын олон сая иргэдийн хувьд Зүүн Ази, Төв Ази, Балканы орнууд, Ойрхи Дорнод руу зорчих, бусад гадаад орнууд руу гарах гарц, улс орнуудыг холбох гүүр болж байдаг.
 
Та бүхэн санаж байгаа байх. “Лалын улс” террорист бүлэглэл өнгөрсөн сарын 28-нд энэ нисэх онгоцны буудалд террорист халдлага үйлдсэний улмаас олон арван иргэн амиа алдаж, олон зуун хүн шархадсан эмгэнэлт хэрэг явдал болсон. Гэсэн хэдий ч шуурхай арга хэмжээ авсны үр дүнд халдлага болсноос хойш хэдхэн цагийн дараа нислэгүүд хэвийн явагдаж эхэлсэн юм. Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн горимд бүрэн шилжсэн. 
 
Гэхдээ халдлагын улмаас зарим нэгэн саатал гарч байгааг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд билет авсан чиглэлдээ нисэх боломжгүй бол билетийн мөнгийг нь буцааж өгөх, эсвэл өөр дамжин өнгөрөх нислэг рүү шилжүүлэх, хэд хоногоор саатахаар байгаа бол Туркийн тал зардлыг хариуцан зочид буудлуудад байрлуулах зэрэг арга хэмжээ авах бүрэн боломжтой. Энэ тал дээр иргэд ямар нэгэн байдлаар хохироогүй гэж үзэж байна.
 
Цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа буюу 16-ны өдрийн үдээс хойш гэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авсны үр дүнд Истанбулын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн горимд хэдийн шилжсэн байсан.
 
- Цэргийн эргэлт хийх оролдлогыг Фетуллах Гүлэн удирдан зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа. Ингэж үзэхийн учир шалтгаан чухам юунд байна вэ? Түүний удирддаг бүтэц ямар замаар ингэж хүчирхэгжив?
 
-7 дугаар сарын 15-нд гарсан цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бол өмнө нь гарч байсан төрийн эргэлтүүдээс эрс ялгаатай байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Ер нь бол, аливаа цэргийн эргэлтийг хийхдээ цэргийн нэгдсэн удирдлагын дор хийдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дайран эзэлсний дараа улс орон даяар хөл хорио тогтоодог зэрэг нь бараг хэвшмэл болсон тактик.
 
Гэтэл харин саяны эргэлт хийх гэсэн оролдлогыг ажиглахад, танкууд гудамжаар явахдаа энгийн номхон иргэдийг дайрч, сөнөөгч онгоцууд маш нам өндөрт нисч өнгөрөхдөө Үндэсний хурлын байр буюу парламентын ордонг бөмбөгдөж байлаа.  Гудамж талбай, гүүрүүдийг танкаар эзэлж байв. Туркийн түүхэнд ийм байдлаар төрийн эргэлт хийх гэсэн оролдлого урьд нь хэзээ ч гарч байгаагүй юм. Энэ бүхэн нь Фетуллах Гүлэн тэргүүтэй террорист байгууллага цэргийн эргэлт хийх оролдлогыг удирджээ гэдгийг нотолж буй хэрэг мөн. Гүлэний удирддаг энэ байгууллага Турк улсын аюулгүй байдалд байнга заналхийлсээр ирсэн бөгөөд бидний нүдэн дээр анх удаагаа ил гарч ирж буй террорист бүлэглэл бишээ.
 
Энэ байгууллага өнгөрсөн 30 жилийн хугацаанд нууц бүлэглэлийн хэлбэрээр оршин тогтнохдоо шашны номлолыг байнга буруугаар ашиглаж байгаа юм. Тэд соёлын хамтын ажиллагааны гүүр, соёл, боловсролын байгууллага, төрийн бус байгууллага гэсэн элдэв нэр хаягийн дор өөрсдийн үйл ажиллагаа, атгаг далд санаагаа халхавчилсаар ирлээ.
 
Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагын гишүүд Туркийн зэвсгэт хүчин, цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллагад маш олноороо шургалан оржээ. Тэд өөрсдийн ертөнцийг үзэх үзлийг тулган хүлээлгэх зэргээр Турк улсын хууль дүрмийг илт зөрчсөн үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ бүхний ард АНУ-ын Пенсильвани муж улсад амьдардаг Фетуллах Гүлэн гэдэг хүн байгаа гэдгийг бид сайн мэддэг. Өмнө нь бид АНУ-д дөрвөн ч удаа хандан, энэ хүнийг Туркийн талд шилжүүлэн өгөхийг шаардаж, шаардлагатай хууль эрхзүйн баримт нотолгоо, материалуудыг Турк улсын Хуульзүйн сайд болон Гадаад хэргийн сайдаар дамжуулан Америкийн талд хүлээлгэн өгч байсан.
 
Дашрамд дурдахад, Турк улс болон АНУ-ын хооронд 1979 онд хэрэгтэнг шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр байгуулагдсан.  Үүний дагуу Гүлэнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг тавиад байна. АНУ бол манай түнш орон, ийм учраас тус улс Гүлэнийг буцааж өгнө гэсэн хүлээлт бидэнд байгаа юм.
 
-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд Туркийн тал Оросын бөмбөгдөгч онгоцыг буудаж сөнөөснөөс хойш хоёр талын харилцаа хагарлын байдалд, зогсонги байдалд орсон.  Харин сүүлийн өдрүүдэд Турк болон бусад орнуудын хэвлэлүүдэд “харилцаа сайжрах төлөв ажиглагдаж байна” гэж бичих боллоо. Харилцаа сайжирч буйн шинж тэмдэг хэрхэн илэрч байна вэ?  
 
-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд Оросын цэргийн нисэх онгоц манай улсын агаарын хилийг зөрчиж орж ирэх үед Туркийн агаарын цэргийн хүчин уг онгоцыг буудаж унагасан тэр үеэс хойш улстөр, батлан хамгаалахын болон бусад олон салбарт бидний харилцаа хөндий хүйтэн болсон. Энэ байдал нь хоёр талын аль алинд нь хохиролтой байсан, сөрөг үр дагавартай байлаа. ОХУ бол Туркийн хөрш орон. Хөрш хоёр улсын харилцааг зохицуулах үүрэгтэй Хамтын ажиллагааны зөвлөл гэдэг бүтэц байдаг бөгөөд түүнийг Турк улсын Ерөнхийлөгч Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар даргалдаг.
 
Өнгөрсөн 6 дугаар сард Ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд захидал илгээж, мөн түүнтэй утсаар ярилцахдаа, хоёр талын харилцааг хэвийн болгохын тулд авбал зохих алхмуудын талаар тохиролцсон юм.  
 
Түүнээс гадна, өнгөрсөн 6 дугаар сарын 28-нд Ататуркийн нисэх онгоцны буудалд болсон халдлагыг Путин эрс зэмлэн буруушааснаараа Турктэй эв санааны нэгдэлтэй байгаагаа нотолсон билээ. Эдгээр үйл явдлын дараа Оросын жуулчид Туркийг дахин зорих болсон юм. Туркийн аялал жуулчлалын салбарын хөгжилд Оросын жуулчид томоохон жин дардаг.  Тодруулбал, жил бүр 3-4 сая Оросын жуулчид манай улсад ирж амарч байна.
 
Түүнээс гадна, хоёр орны гадаад худалдааны эргэлт жилдээ 30 тэрбум долларт хүрдэг. Турк улс хэрэгцээт байгалийн хийнийхээ 60 хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд хоёр улсын харилцаанд хямрал нүүрлэсэн сүүлийн хэдэн сарын хугацаанд байгалийн хийн нийлүүлэлтэд ямар нэгэн саатал гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Харилцаа эргээд хэвийн байдалд орсноор эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа өмнөхөөсөө илүү эрчимтэй өргөжинө хэмээн бид найдаж байна.
 
Мөн нөгөө талаас, Турк болон Орос улс нь Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд билээ. Өнгөрсөн сард болсон тус байгууллагын ээлжит хурлын үеэр Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар уулзлаа. Энэ уулзалт хоёр орны харилцааг хэвийн болгоход чухал алхам болсон гэдгийг онцлон дурдмаар байна. Түүнчлэн мягмар гарагт Турк улсын шадар сайд Мехмет Шимшек, Эдийн засгийн сайд Нихат Зэйбэкчи нар Москвад айлчилж, ирэх сард Оросын Санкт-Петербург хотод хийхээр товлосон Ерөнхийлөгч Эрдоган, Ерөнхийлөгч Путин нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцлээ.
 
Хоёр улс аялал жуулчлал, эрчим хүчнээс гадна барилга, дэд бүтцийн салбар, нэхмэлийн үйлдвэрлэл, жимс ногооны экспорт зэрэг олон салбарт хамтран ажилладаг. Шат дараатай тууштай арга хэмжээ авсны үр дүнд хоёр талын хамтын ажиллагаа маш богино хугацаанд сэргэж, урьдынхаа түвшинд буцаад орж байна.
 
-Дэлхий дээрх халуун цэгүүдийн нэг бол Турк-Сирийн хил зурвас. Энд яг одоо байдал ямар байна вэ? 
 
-Турк бол олон улс оронтой хиллэдэг. Тэдгээрийн нэг болох Ирак улсад 2003 онд дэгдсэн Ирак-Америкийн дайны дараа тогтворгүй байдал бий болсон. Энэ дайн манай хөрш орнуудад цочрол үүсгэн нөлөөлсөн гэж хэлж болно.
 
2011 онд Турк улсын өмнөд хөрш болох Сирид эхэлсэн дотоод улстөрийн сөргөлдөөн, эмх замбараагүй байдал нь манай улсад нөлөөлсөн нь мэдээж. Ерөнхийд нь харвал, Туркийн эргэн тойронд улстөр, засаглалын хямралд өртсөн 9 улс оршиж байна. Эдгээр орнуудад үүссэн эмх замбараагүй байдал нь хүн амзүй, шашны үзэл суртал зэрэг олон талаар бидэнд байнга нөлөөлсөөр ирлээ. Өөрөөр хэлбэл, “хөршийн толгой өвдөхөд бидний толгой өвдөнө” гэдэгтэй нэгэн адилаар.
 
Сирийн тухайд хэлэхэд, ард иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэдэг харгис дэглэм тэнд бий болоод байна. Энэ оронд үүссэн улстөрийн хямрал нь яваандаа иргэний дайн болон даамжирсан билээ. Энгийн номхон ард иргэд олон зуун мянгаараа иргэний дайны хөлд нэрвэгдэн амиа алдлаа. Дайны уршгаар олон сая хүн улс орныхоо дотоодод төдийгүй гадаадад дайжин дүрвэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, зөвхөн Турк улсад гэхэд ойролцоогоор 3 сая дүрвэгчид орж ирээд байна. Тэдний тодорхой хэсэг нь дүрвэгсдийн лагерьт орогнож байгаа бол бусад нь Туркийн олон хотод тархан суурьшжээ. Зовж зүдэрсэн эдгээр хүмүүсийг авран хамгаалахын тулд манай улсын төсвөөс 10 тэрбум гаруй доллар зарцуулаад байна. Санхүүгийн ийм хүнд дарамтыг хөнгөвчлөх үүднээс бид олон улсын байгууллагуудад хандсан боловч тэдний зүгээс дорвитой тусламж дэмжлэг үзүүлсэнгүй. Өнгөрсөн хавар манай улс Сирийн хямралыг зохицуулах асуудлаар Европын Холбоотой хэлэлцээ хийж эхэлсэн билээ. Манай улс зөрчил сөргөлдөөний нэг хэсэг болохгүй, харин түүнийг шийдвэрлэх үйл ажиллагааны нэг хэсэг болох ёстой гэсэн зарчмын байр суурийг бид гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлэх болно.
 
Сирид дэгдсэн хямрал нь “Лалын улс” хэмээх террорист бүлэглэл бий болох үндэс суурь болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бүлэглэлийн онилсон ээлжит бай нь Турк улс болоод байгаа учраас манай улсын зэвсэгт хүчин өөрийн улсын хил дотор болон хилийн чанад дахь уг бүлэглэлийн объектуудад цохилт өгч байгаа юм.
 
-Цэргийн эргэлт хийх оролдлого нь Туркийн эдийн засаг, тус улсын гадаад харилцаа, гадаад дахь хөрөнгө оруулалтад яаж нөлөөлсөн бэ? Манай хоёр орны эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх бол?
 
-Юуны өмнө, уг хэрэг явдал манай улсын бусад орнуудтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тухайд хэдэн үг хэлье. Турк улс бол олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн яах аргагүй мөн. Манай улс бол НҮБ болон Европын Зөвлөлийг үүсгэн байгуулагч гишүүн орон, мөн НАТО-гийн эвслийн гишүүн, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн орон. Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны олон байгууллагуудад гишүүнээр элссэн. Ийм учраас олон улсын хууль дүрэм журмын хүрээнд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа биелүүлэх болно.
 
Турк-Монголын харилцааны тухайд, дээрх үйл явдлын дараа энэ харилцаанд ямар нэгэн сөрөг нөлөөлөл гарахгүй, харин ч эсрэгээрээ өмнөхөөс улам илүү ойр нягт болно гэж бид үзэж байна.
 
Саяхан Монгол Улсад Наадам болж өнгөрлөө, Турк улсад мөн Амазан баяр боллоо. Монгол Улсад шинэ засгийн газар байгуулагдлаа. Ийм учраас хоёр талын хооронд өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэх байх гэж бодож байна. Саяхан Турк улсын Ерөнхий сайд, парламентын дарга, Гадаад хэргийн сайд нар Монгол Улсын төрийн шинэ удирдлагад баяр хүргэсэн цахилгаан утас, албан захидлуудыг илгээсэн билээ. Хоёр улсын эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх гэсэн улстөрийн хүсэл сонирхол бидэнд бий. Боловсролын салбарын харилцааны тухайд, энэ харилцаа өндөр түвшинд гарсан, энэ түвшнээ цаашид хадгалах нь дамжиггүй.   
 
Одоо харин гадаад улсуудад оруулж буй Туркийн хөрөнгө оруулалтын тухайд цөөн хэдэн баримт дурдая. Энэ сарын 15-ны өдөр гарсан цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого Туркийн эдийн засагт тун ялихгүй нөлөөлсөн гэдэг нь харагдаж байна. Хамгийн гол нь, манай улс Хямралын үеийн удирдлагын тал дээр нэлээд сайн туршлага хуримтлуулж чаджээ гэдэг нь саяны хэрэг явдлын үеэр харагдлаа. Ялангуяа банк санхүүгийн байгууллагууд хөл дээр баттай зогсч чаджээ.
 
Цэргийн эргэлт хийх оролдлогын дараа буюу энэ сарын 18-25-ныг хүртэлх ганцхан долоо хоногийн хугацаанд Турк улс 2,4 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Туркэд үйлдвэрлэсэн бэлэн хувцсыг худалдан авах гэсэн эрэлт нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд инфляцийн түвшин 7,5 хувьтай байна гэсэн ерөнхий төсөөлөл байгаа боловч манай засгийн газар инфляцийг 5 хувьд барих зорилго тавин ажиллаж байна.
 
Түүний зэрэгцээ, манай улс дэлхийн улс орнуудад одоогийн байдлаар 100 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр төслүүд улстөрийн нөхцөл байдлаас үл хамааран цаашид хэвийн байдлаар хэрэгжинэ гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.
 
Нөгөө талаас, Турк-Оросын харилцаа эргээд сэргэж байгаа нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Эдийн засгийн цар хүрээгээрээ Турк улс Европ тивд 6-д, дэлхийд 17-д бичигддэг. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар, манай улсын иргэд 9 тэрбум доллартай тэнцэх хэмжээний валютыг өөрсдийн хэрэгцээнд зориулан солиулсан гэх тоо баримт миний өмнө байна. Үүнийг Туркийн ард иргэд төр засгийнхаа явуулж буй үйл ажиллагаанд итгэж байгаагийн нэгэн илрэл гэж үзэж болно.
 
Ярилцсан Б.Адъяахүү
 
 
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг