sonin.mn

Дэлхийн улс орнууд улс төрийн бодлого, эдийн засгийн хөгжил ба хүчин чадал, аюулгүй байдлаа хангах арга замаасаа хамаарч хэд хэдэн бүс нутагт харьяалагдах явдал түгээмэл байдаг.

 
Монгол Улс Зүүн хойд Азийн улс орнуудтай өргөн хүрээнд бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг билээ.
 
Зүүн хойд Азид байгалийн баялагийн нөөцөөрөө бүс нутгийн хөгжлийн хэрэгцээг хангах боломжтой ОХУ-ын Алс Дорнод, эдийн засгийн хурдацтай өсөлт, хөгжлийн далайцаараа тэргүүлж буй орнуудын нэг болох БНХАУ-ын зүүн хойд мужууд, эдийн засгийн хүчирхэг гүрэн Япон, Азийн баруудын нэг Өмнөд Солонгос, байгалийн баялагийн арвин нөөцтэй Монгол Улс хамаарагддаг нь нэг талаас бүс нутаг төдийгүй дэлхийд тэргүүлэх, цаашид хүн төрөлхтөний хөгжлийн томоохон төв байх ирээдүйтэй бүс нутаг юм.
 
Нөгөө талаас бүс нутагт явуулж буй их гүрнүүдийн улс төрийн бодлого, нөлөөлөл, эрх ашгийн өрсөлдөөн, аюулгүй байдлын уламжлалт асуудлууд нь бүс нутгийг тогтворгүйжүүлэх бодит аюулыг бий болгож болзошгүй юм.
 
Иймд дэлхийд тэргүүлэх байр суурийн төлөөх хүчний төвүүдийн тэмцэл хэмээн тодорхойлогдож буй их гүрнүүдийн зүгээс тус бүс нутагт явуулж буй улс төрийн бодлого, нөлөөллийг аюулгүй байдалтай хамааралтай талаас нь товчхон авч үзэхэд:
 
Бүс нутаг дахь их гүрнүүдийн улс төрийн бодлого:
 
Зүүн хойд Ази дахь их гүрнүүдийн улс төрийн бодлого, нөлөөлөл ба эрх ашиг нь АНУ-ын хүрээгээ тэлэх, БНХАУ байр сууриа бэхжүүлэх, ОХУ их гүрний байр сууриа эргүүлэн тогтоох гэсэн нөлөө бүхий эдгээр орны ашиг сонирхолын давхцал болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах замаар өөрийн орны аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны нэгдэл гэж үзэж болох талтай.
 
Мөн Зүүн хойд Азийн голлон тоглогчид болох БНСУ, БНХАУ, Япон энэ гурван улсын дунд эдийн засаг, улс төр, газар нутаг, байгалийн баялгийн төлөөх тэмцэл хүчээ авч байна.
 
Зүүн хойд Ази дахь их гүрнүүдийн улс төрийн бодлого, эрх ашгийн үндсэн асуудал нь нэг талаас Орос, Хятадын стратегийн түншлэл, нөгөө талаас АНУ, Япон, БНСУ-ын цэргийн харилцан ажиллагаа гэсэн хуваагдмал байдалд байна.
 
Өөрөөр хэлбэл энэ хоёр бүлэг улсуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаа боловч аюулгүй байдлын түвшинд хамтран ажиллахад хараахан бэлэн болоогүй байна гэж зарим судлаачид үздэг.
 
Бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох дараах хүчин зүйл байна. Үүнд:
 
1.Солонгосын хойгийн асуудал
 
2.Газар нутгийн маргаан ба салан тусгаарлах үзэл
 
3.Түүхий эд, эрчим хүчний хязгааргүй хэрэглээ
 
4.Хүнсний хомсдол
 
5.Үй олноор хөнөөх зэвсгийн тархалт
 
6.Аюулт халдварт өвчний тархалт
 
7.Байгаль экологийн тэнцвэрт бус байдал
 
8.Терроризм
 
9.Зохион байгуулалттай гэмт хэрэг
 
Эдгээрээс бүс нутгийн асуудлыг хамгийн ихээр хурцатгаж байдаг, их гүрнүүдийн улс төрийн бодлого, нөлөөлөл, эрх ашигт хамгийн их нийцэж буй дараах 3 асуудлыг голлон авч үзье.
 
Солонгосын хойгийн асуудал нь нэг талаас БНАСАУ өөрийгөө хамгаалах, сөргөлдөгч талд шахалт үзүүлэх, өнөөгийн улс төрийн дэглэмээ хадгалах, байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн улс төрийн алхам бол нөгөө талаас АНУ БНСУ, Япон улстай байгуулсан гэрээний дагуу аюулгүй байдлыг нь сахин хамгаалах үүргээ гүйцэтгэж байгаа эсрэг, тэсрэг байр сууринаас үүдэлтэй зөрчилт байдал юм.
 
Тус бүс нутагт: 
 
- Орос -Японы /Куриллийн арлын/ 
 
- Япон- Өмнөд Солонгос /Такэшима/ Докодо арлын/
 
- Хятад - Японы / Сенкаку арлын/
 
- Хятад - Өмнөд Солонгос
 
- Хятад - Японы хоорондын гээд газар нутгийн болон усан хилийн маргаантай асуудлууд нэлээд бий.
 
Тайваний салан тусгаарлах хөдөлгөөнтэй холбоо бүхий зөрчил /шаардлагатай үед Тайванийг эх орондоо нэгтгэх гэсэн Хятадын цэрэг стратегийн гол зорилго буюу “Нэг Хятадын зарчим”/-аас үүдэлтэй сөргөлдөөн, Шинжаан-Уйгар, Түвд, Өвөр Монголын салан тусгаарлах үзэлтэй холбоотой асуудлууд БНХАУ-аас бүс нутагт явуулах улс төрийн бодлогыг мөн нөхцөлдүүлдэг.
 
Үндсэндээ Зүүн хойд Азид Европын улс орнууд, Азийн бусад бүс нутагт байгуулагдсан шиг аюулгүй байдлыг хангах нэгдмэл байгууллага байхгүй тул судлаач, эрдэмтэд энэ бүс нутагт аюулгүй байдлын механизм бүрдээгүй, зөвхөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой байдлыг хангадаг гэж үздэг.
 
Зүүн хойд Азид явуулж буй БНХАУ-ын бодлого, үйл ажиллагаа:
 
БНХАУ-ын Зүүн хойд Ази дахь бодлого, чиглэлийг ерөнхийд нь “дэлхийд тэргүүлэх гүрэн болж, улмаар хүчний туйлуудыг үүсгэн эзэмдэх” гэж тодорхойлж болно. БНХАУ-ын энэхүү бодлого нь түүний улс төр, стратегийн болон түншлэлийн баримт бичгүүдээс харагдаж байна.
 
АНУ хэмээх нэгэн хүчирхэг туйлтай өрсөлдөхийн тулд Орос, Хятад хоёр “Стратегийн түншлэл”-д нэгдэж, дэлхийн хүчний “төв”-үүдийг тэргүүлж байна.
 
БНХАУ дэлхийн өнцөг булан бүрт нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж, сансрын орон зайг эзлэх, батлан хамгаалах хүчээ зузаатгах, газар нутгийн маргаанаа шийдвэрлэх, хүн амын хэт өсөлт, эдийн засгийн хөгжлөө бүс нутгийн оролцоотойгоор шийдвэрлэхийг эрмэлзэх болсон.
 
БНХАУ бол Умард Солонгосын найдвартай түнш гүрэн. Хятадаас үзүүлж буй тусламж, дэмжлэг нь Умард Солонгосын оршин тогтноход чухал нөлөө үзүүлдэг. Хятадын зүгээс Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах сонирхолтойн дээр зургаан талт хэлэлцээрийг амжилттай явуулахад хамгийн их нөлөө үзүүлж чадах орон юм. 
 
Гэвч энэ асуудлаар төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа нь нэг талаас АНУ-ын эсрэг тоглоомын хөзөр болгож ашиглах бодлогын хүрээнд төдийлэн хүч гаргахгүй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг.
 
Манай урд хөршийн эдийн засаг, арми нь улам бүр хүчирхэгжиж, нөлөө нь нэмэгдэхийн хэрээр хөрш зэргэлдээ улсуудтайгаа газар нутгийн маргаан хийх нь эрс нэмэгдээд байна.
 
Зүүн хойд Азид аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэхэд Хятад улс асар их нөлөөтэйн дээр Хятад-АНУ-ын улс төрийн харилцаа үүнд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл дээрх улсууд улс төрийн хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байх нь тус бүс нутагт аюулгүй байдлыг тогтооход чухал нөлөө үзүүлнэ.
 
ОХУ-ын баримталж буй бодлого: 
 
Энэ бүс нутгийн тэргүүлэгч гүрний нэг бол НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд энэ утгаараа олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, цөмийн зэвсгийг хорогдуулах, дайныг холдуулах чиглэлээр буурьтай гадаад бодлого явуулах үүрэгтэй том гүрэн бол ОХУ.
 
ОХУ-ын тэргүүлэх байр суурь нь зарим үед давамгайлдаг тал бий. ОХУ “Крымыг өөртөө нэгтгэн авч, Донецк, Луганск мужуудын дотоод хэрэгт оролцож байна” гэж Европын холбоо дургүйцлээ илэрхийлсээр байгаа билээ. Нөгөө талаар ОХУ-ын батлан хамгаалах бодлого нэлээд түрэмгий шинжтэй болсон.
 
Өнөөдрийн Зүүн хойд Азид ОХУ-ын байр суурь, гүйцэтгэх үүрэг үлэмж ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ орны дорнод Сибирь, Алс Дорнодын районы нийгэм-эдийн засаг, цэрэг, стратегийн тогтвортой байдал нь Зүүн хойд Азийн аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй байж болох талтай. ОХУ тус бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагаанаас дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:
 
- Хуучин ЗХУ-ын байр сууриа эргүүлэн олж авах хүчин чармайлтыг гаргаж байна. Үүний тулд БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийг байгуулж, хамтын хүчээр АНУ, НАТО-гийн нөлөөллийн хүрээг өргөжүүлэхгүй байхад анхаарлаа хандуулж байна.
 
- Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа ба 6 талт хэлэлцээрт шийдвэрлэх үүрэгтэй оролцох боломжтой.
 
- Эрчим хүчний эх үүсвэрийн асар их нөөцдөө тулгуурлан Зүүн хойд Азид экспортлох, Зүүн Сибирь, Алс Дорнодыг бүс нутгийн эдийн засгийг харилцаанд татан оролцуулах замаар нөлөөллийн хүрээгээ тэлэх алхмыг хийж байна.
 
ОХУ болон БНХАУ нь ШХАБ-аар дамжуулан улс төрийн бодлого, нөлөөллөө эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. ОХУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хүчирхэг Хятадтай хамтарч Төв, Зүүн хойд Азийн бүс нутагт, Солонгос дахь АНУ, Европын холбоо, Японы нөлөөг хязгаарлаж, Белорус, Казахстан, Узбекстан, Киргизстаныг цэрэг-улстөр-эдийн засгийн “торон”-д байлгаж, АНУ болон НАТО-той нөхөрлөх бололцоог олгохгүй байх улс төрийн бодлого баримталж байна.
 
Харин БНХАУ Оросын болон Монголын түүхий эдээр өсөн нэмэгдсээр байгаа түүхий эдийн хэрэглээгээ хангах, Орос, Монголд бараагаа борлуулах, Оросоос зэвсэг, шинжлэх ухаан технологийн шинэ зүйл авах, Монгол дахь АНУ болон бусад орны нөлөөг хязгаарлах, эдийн засгийн талаар бүрэн нөлөөндөө авах бодлого баримталж байна.
 
Монголын хувьд АНУ, Европын холбоо, Японтой ойр дотно түншилж, тэдний дэмжлэг тусламжийг авах-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр бус харин ажиглагчийн байр сууринаас хандах - Хоёр хөрштэйгээ ижил тэнцүү төвшинд харилцаж эдийн засгийн хэт хараат байдлаас аажим аажмаар холдох чиг барьж байна гэхэд болно.
 
АНУ-ын баримталж буй бодлого:
 
Манай гараг дээр “хүчний туйл”-ын хэмжээнд хүрч чадсан АНУ-ын стратегийн давуу байдал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдэж байна.
 
Азид байр сууриа улам бэхжүүлэх, цаашид өсөн нэмэгдэх Хятадын нөлөөг саармагжуулах, нэг туйлт ертөнцийг эцсийн зорилгоо гэж үздэг АНУ нь Солонгос, Япон дахь цэргийн баазуудаа хэвээр хадгалсаар байгаа нь Солонгосын хойгийн асуудал хурцдах, хоёр Солонгосын сөргөлдөөнийг “тоглоомын хөзөр” болгох нэг талын шалтаг, шалтгаан гэж үзэж болно.
 
Үүний зэрэгцээ, Зүүн хойд Азид хэрэгжүүлж буй АНУ-ын геостратегийн бодлогод түүний гол өрсөлдөгч болох Хятадыг хязгаарлах асуудал чухал байр суурь эзлэж байгааг хэн бүхэн мэдэх билээ. Ийм ч учраас АНУ-ын зүгээс бүс нутаг дахь нөлөөллийн хүрээгээ улам бүр тэлэх зорилгоор Япон, Өмнөд Солонгостой харилцах харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх, үүндээ Монгол улсыг татан оруулах улс төрийн бодлого баримталж байна.
 
Монгол Улсын баримталж буй бодлого:
 
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал болон манай улсын гадаад бодлогын гол баримт бичгүүдэд Зүүн хойд Азийн бүс нутгийн талаар баримтлах Монгол Улсын бодлогыг:  Нэгд, бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох, Хоёрт, түүний гол баталгаа болох бүс нутгийн аюулгүй байдлын механизм бүрдүүлэхийг дэмжиж, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах гэж томьёолсон байдаг.
 
Манай улс зөвхөн Зүүн хойд Ази төдийгүй, Ази-Номхон далайн бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөхийг эцэс болгох, улс орнуудын зэвсэгт хүчний өсөлтийн дээд хязгаарыг тогтоох, бусад улс оронд цэргийн баазаа байгуулах явдлыг зогсоох, нэгэнт байрлуулсан цэргийн баазын тоог цөөрүүлэх саналыг дэмжих, олон улсын цэрэг-улс төрийн байдлыг тогтвортой болгох, хамтын ажиллагааны хүрээнд өөрийн цэргийн аюулгүй байдлыг хангах байр суурийг баримтладаг.
 
Монгол Улс Зүүн хойд Азид тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг зохион байгуулах бүрэн боломжтой, чадвартай, нэр хүндтэй улс хэмээн манай судлаачид үздэг юм. Бидэнд үүнийг хэрэгжүүлэх олон давуу талууд байна.
 
- Бүх улс орнуудтай хоёр болон олон талын найрсаг, хамтын ажиллагаатай
 
- Энэ бүс нутгийн газар нутгийн маргаангүй цорын ганц улс орон
 
- Бүс нутагт цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх байр сууриа НҮБ-ын гишүүн орнуудаар хүлээн зөвшөөрүүлсэн
 
- Ямар нэгэн цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй, гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байгуулахгүй, төвийг сахисан энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдаг.
 
Түүнчлэн Монголд өөр хоёр онцлог давуу чанар байдаг. Нэгд, тогтвортой тайван улс, хоёрт, хоёр том хөршийн дунд "амьд” үлдэж чадсан түүхэн туршлагатай бөгөөд өнөөдөр ч уг туршлага амжилттай хэрэгжиж байна.
 
Дүгнэлт:
 
Зүүн хойд Азид түүний бүрэлдэхүүнд багтаж буй ОХУ, БНХАУ, Япон төдийгүй, АНУ-ын эрх ашиг, оролцоо маш өндөр байна. АНУ хүрээгээ тэлэх, БНХАУ байр сууриа бэхжүүлэх, ОХУ их гүрний байр сууриа эргүүлэн тогтоох зэргээр нөлөө бүхий олон орны ашиг сонирхол давхцаж, улмаар Солонгосын хойгийн маргаантай асуудал ужиграх хандлагатай байна.
 
ОХУ, БНХАУ-ын зүгээс бүс нутаг дахь АНУ-ын нөлөөллийн хүрээг хумих зорилгоор стратегийн түншлэлийн хүрээнд ажиллаж байгаа бөгөөд түүний ард ШХАБ, БРИКС зэрэг байгууллагуудын нэр, нөлөө байна.
 
Нөгөө талаас АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх замаар өөрийн хүрээгээ тэлэх, шинэ тутамд өсөн нэмэгдэж байгаа Хятадын нөлөөллийн хүрээг нэмэгдүүлэхгүй байхыг эрмэлзэхийн зэрэгцээ түүндээ НАТО-ийн нэр нөлөөг ашиглахыг мөн эрмэлзэж байна.
 
Ерөнхийдөө АНУ, ОХУ, БНХАУ нь Зүүн хойд Азид “тэнцвэртэй, тогтвортой” байдлыг зөвхөн цэргийн хүч чадлын нөлөөгөөр л барьж байна.
 
Бүс нутагт аюулгүй байдлын механизм үндсэндээ бүрдээгүй бөгөөд их гүрнүүд зөвхөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд улс төрийн бодлого явуулж байгаа нь цаашид Солонгосын хойг, Тайваны хоолой, газар нутгийн маргаан, салан тусгаарлах үзэлтэй холбоотой асуудлууд ойрын хугацаанд шийдвэрлэгдэх гарц харагдахгүй байна.
 
Манай улс бүс нутагт явуулж буй их гүрнүүдийн улс төрийн бодлого, нөлөө, эрх ашигт хүссэн хүсээгүй татагдан орох нь дамжиггүй тул бидний зүгээс жижиг буурай гэлтгүй бүс нутгийн асуудалд идэвх санаачилагатай, ухаалаг, уян хатан оролцож, алсын хараатай, мэргэн бодлого явуулах нь хөгжил дэвшил төдийгүй, аюулгүй байдлаа сахин хамгаалах чухал асуудал юм.
 
 
Н.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин