sonin.mn
 Тэнгэрт хоёр наргүй, улсад хоёр эзэнгүй гэдгийг бүгдээр ухах хэрэгтэй.
                                                                                                       Эрдэнэ ван Намсрай
 
   Хаант Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч, элчин сайд И.Я.Коростовец, Да лам Цэрэнчимэд хоёр уусан идсэндээ халуурч, Намсрай вангийн босгыг давж оров. Шүүх яамны залуу сайд тэднийг найрсгаар угтан авч, идээ будаа өргөн хатуу дарсыг задаллаа.
 
Бүлтгэр сэргэлэн нүдтэй хэдий ч харьцангуй дуу цөөнтэй залуу сайд дарс хүртэхээрээ үг хэл нь чамгүй ихээр олшрох ажгуу. Тэрбээр орос дипломатчийн далыг алгадаж, байн байн эрхийгээ гозойлгоно. Тэгснээ ардын дуу хүнгэнэтэл гаргана. Богд хаантай хар залуудаа зэрэгцэн суугаад дарс хүртэж байснаа бахдан дурсана…
 
Оргилуун дарсыг мэлтэлзүүлэн өргөхдөө “Аугаа их Монгол гүрний ирээдүйн төлөө…” хэмээн өгүүлэхэд нүдэнд нь нулимс мэлтрэвч нэг л тийм ер бусаар гялалзаж байлаа.
 
Энэ хүн бол сэргээн тунхагласан Богд хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван М.Намсрай болой.
 
   Халхын Хүрээний бүх хэргийг Түр ерөнхийлөн шийтгэх газрын бүрэлдэхүүнд орсон анхны хэдийн нэг нь Мижиддоржийн Намсрай. Алтан ургийн удмын хүн гэгдэх эл эр 1876 оны Улаан хулгана жил тайж Мижиддоржийн ууган хүү болон мэндэлжээ. Намсрай сурвалжит язгууртны ёсоор гэрийн сургуулиар боловсрол эзэмшиж, 1892 оноос тэргүүн зэрэг тайж залгамжилж, 1894 онд эрийн цээнд хүрсэн тул хошуу Засгийн тамгыг хүлээн авч, хошуу олноо захирах болов.
 
   1895 оны гуравдугаар сараас Түшээт хан аймгийн чуулган даргын газраас М.Намсрайд умард хилийн харуулыг түр захируулж, удалгүй Хүрээний сайдын газраас ерөнхийлөн захируулсан байна.
 
   М.Намсрай нь Жавзандамба хутагтын түлэгдсэн сүмийг шинэтгэн засахад, Бат тэмдэгт бичгийн зүйлд мөнгө зэргээр тусалсны зэрэгцээ хязгаарыг сахин хамгаалах үйлсэд үнэнчээр хүчин зүтгэсний учир 1904 онд Улсад туслагч гүнгийн зэрэг хүртжээ.
 
   Гүн Намсрайд 1907 оны эхээр Жавзандамба хутагт итгэл хүлээлгэж сангийнхаа даамлын албанд тохоов. Ийн Эрдэнэ ван Намсрай Жавзандамба хутагтын сангийн хэрэг эрхлэх гүнгийн албыг хашиж, Хүрээний газар сууж, Шавь яамны хэрэгт оролцож байхдаа Богдод ойр байсны золоор ихэд таашаагдан нүүр талтай болсон нь түүний хувь заяанд томоохон эргэлт гарахад үлэмж нөлөөлсөн аж.
 
   1910 онд Манжийн хаан урьд цэргийн хэрэглэлд мөнгө тусалсан учир харавтар улаан жолоо шагнан олгуулжээ. Тэрбээр хил хязгаарыг хамгаалан зүтгэх явцдаа тусгаар тогтнолоо сэргээх юмсан гэсэн орь дэврүүн хүслийг зүрхэндээ хэдийнэ тээжээ.
 
1900 оны эхээр Манжийн Шинэ засгийн бодлогоор хятад тариачдыг үй олноор Ар Монголын умард зүгт шилжүүлэн суулгаж эхлэв. Энэ бодлогын гол бай нь Түшээт хан аймгийн Эрдэнэ гүнгийн хошуу байлаа. Тус хошууны нутагт хятадын 10 гаруй мужаас ирсэн тариачид энд тэндгүй, 100 гаруй хөндий нугыг сэглэн, газар хагалж, бэлчээрээ хамгаалсан монголчуудыг бүлэглэн зодож, тэр ч бүү хэл амь насыг нь хөнөөх явдал олонтаа гарчээ.
 
Ер нь Түшээт ханы гүн Намсрай, Сэцэн ханы То ван нарын нутаг тариа тарихад нэн таатай, үржил шимт хөрстэй байсан нь тариач хятадуудын арааны шүлсийг их эртнээс асгаруулж байжээ.
 
Манж Чин улсын бодлого туйлдаа хүрч, Монголын ноёд хүнгүй шахам өргөн уудам нутагтаа яагаад тариа тариулах, уул уурхай эрхлүүлэх боломжгүй гэж үзэж буйдаа тодорхой хариу өгөхийг тулган шаардах бичгээр илэрхийлжээ. 1911 оны эхээр Манжийн төр Монголын хойд хилийн харуулуудыг хятад цэргүүдээр тэр аяар нь солих шийдвэр гаргасан нь Жавзандамба хутагт, Монголоо гэсэн эх оронч бүх ноёдын жинхэнэ ясны зэвүүг хөдөлгөж орхисон юм.
 
Ялангуяа Эрдэнэ гүн Намсрай Хятадын үүр уурхай болсон нутгаа хараад тэвчээрээ барсан хэдий ч шүд зуун дуугүй тэвчсээр байв. Гэвч цагаа ирэхээр бүх зүйл тэсэрдэг. Намсрайн албатууд хятадын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа, орон нутгийн дайныг нэгэнт өдүүлсэн байлаа.
 
Намсрай гүн ч хутагттай шадарлах болсон үеэс түүний үндэсний үзэл нь цол дагаж бяр гэгчээр улам хүчтэй мэдрэгдэх болсон гэдэг. Тэрбээр хятадын эсрэг хошуу нутаг дахь байлдааныг төвөөс сэм зааварлаж, бас чиг санхүүжүүлж байв.
 
   Мань хүн мөнөөх 1911 оны зун болсон эх орончдын алдарт нууц уулзалтад оролцсон таван хүний нэг байсан ба төд удалгүй 11 дүгээр сарын 30-нд байгуулагдсан Монголын түр засгийн анхны долоон хүний нэг болов. Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газарт зөвлөхийн албыг хашиж эхлэв.
 
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж, YIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, хамгийн дээд эзэн хаан зарлиг буулгаж “Түшээт хан аймгийн улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэргийн тайж Намсрайд үе улиран Эрдэнэ цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайдын тушаалд тохоов” хэмээжихүй.
 
Ийн Богд хаант Монгол Улсын Шүүх яамны анхны сайд М.Намсрай нь “Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг”-ийг мөрдөж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж эхэлсэн байна.  Залуу сайдын удирдсан Шүүх яам улс орондоо шинэ эрх зүйн орчныг  бүрдүүлж, шүүх болон байцаан шийтгэх ажиллагааг боловсронгуй болгохын төлөө идэвхийлэн ажиллаж байв.
 
Шүүхийн тогтолцооны шинэтгэл ёсоор Түшээт хан, Сэцэн хан, Их шавь болон гадаад иргэдтэй холбоотой хүний амь, хулгай худлын зэрэг аливаа хэргийг Гадаад яаманд өргөн мэдүүлж, хамт нийлж шийтгэх, бусад жижиг хэргийг харьяат засаг өөрөө эрхлэн шүүж, дөнгөлөхөөс доош ялаар шийтгэх эрх олгов.
 
Цөлөхөөс дээш ялтай хэргийг харьяат засаг ноёд тодорхойлон ял оноож, Шүүх яамаар хянуулж дуусгах, хэрэв хүнд ноцтой хэргийг чуулган дарга, чадахгүй бол ялт ардыг Шүүх яаманд зарлан аваачиж, биеэр шүүж ял оноох журам тогтоосон байна.
 
Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийн хэргийг ойрыг үзэж Улиастайн сайдад мэдүүлж, мөн сайдын газраас ялган салгаж шийдвэрлэх, дөрвөдийн Бат ерөөлт далай хан, Үнэн зоригт хан хоёр аймгийн хэргийг Ховдын сайд шийдвэрлэхээр болгов. Харин цаазаар авах ялыг Богд хааны зарлигаар гүйцэтгэх болов.
 
Эл ялыг Нийслэл Хүрээний зүүн дүүрэгт Шар хаданд гүйцэтгэж байжээ. Ийн хошуу засаг, чуулган дарга, Ховд, Улиастай, Хиагтад суух хэрэг шийтгэх сайд, төрийн зарим холбогдох яам, Шүүх яам гэсэн шүүхийн олон шаттай тогтолцоо бүрэлдэв.
 
Шүүх яамны сайд М.Намсрайн өргөн мэдүүлснийг Богд хаан нягтлан үзээд, үндэсний онцлогийг тусгасан хуулийг боловсруулан гаргатал “Гадаад Монголын хууль зүйлийн бичиг”-ийн заалтыг түр хэрэглэх зөвшөөрлийг өгсөн аж.
 
   1915 оны эхээр хөгшид, хүүхэд, өвчтэй хүмүүсийг цаазлах ялаас хэлтрүүлж, тэр ч бүү хэл туйван, чавчирга, цөлөх, алах ялыг золио авах ялаар сольж, мөнгөний тоог тогтоожээ. Зун нь Манжийн үеийн хуулийг хүчингүй болгож, Монголын хуулийн бодлогыг үндсэнд нь шинэчлэв.
 
   Богд хаант Монгол Улсын Засгийн газар улсын хууль зохиох комиссыг эрдэмт түшмэд, шашны зүтгэлтнүүд оролцсон 16 хүнтэйгээр байгуулан ажилд нь оруулж, тэдэнд тус дөхөм үзүүлэх зорилгоор хуучин хуулийн бичгээр хангах, шинэ хуульд саналаа ирүүлэхийг бүх яам, дөрвөн аймаг, шавь тавд шаардсан аж.
 
Хэдийгээр хууль зохиох комисст М.Намсрай сайд өөрөө ороогүй ч зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн юм. Улсын хууль зохиох комисс 65 дэвтэр бүхий “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг улсын дээд, доод хурлаар хэлэлцүүлэн, Богдоор батлуулсан юм. Уг хуулийг 1915-1918 онуудад уван цуван байдлаар гаргаж, эцэст нь эмхэтгэжээ.
 
   1912 онд шинэ Монгол Улсын санхүүгийн чадамж муу байсан учир эзэн хаан улсын хэрэгцээнд мөнгө хандивлах хөдөлгөөн өрнүүлсэн юм. Намсрай ван ч уг санаачилгыг талархан дэмжиж 10 шахам мянган лан мөнгийг улсдаа өргөсөн юм.
 
   Энэ онд Чин зүтгэлт гүн Б.Хайсан эрдэм чадал, овсгоо самбаагаараа нэр төрийн үлэмж оргилд хүрч Богд хаанаас түүнд Түшээт ханы Буур зэрэг зургаан харуулын нутгаас газар өмчлүүлж, мань хүн түүн дээрээ орос, хятадуудаар тариа тариулж, хадлан авах, эмийн ургамал түүх, ав хийх болжээ.
 
Эл нутгийн ерөнхий захирагч, Шүүх яамны тэргүүн сайд Намсрай нь Хайсангийн үйл ажиллагаанд эгдүүцэн, мань хоёрын алдарт зарга 1915 он хүртэл гурван жил үргэлжилсэн түүхтэй. Ганц Намсрай ч биш тухайн хошуу нутгийн ноёдууд бүгд Хайсангийн эсрэг хөдөлсөн юм.
 
Намсрай газар нутгаа гадны үүр болгож, ухуулж төнхүүлэхгүй буцааж авна гэж дайрсан бол Хайсан хариуд нь “Өгөхгүй!” гээд гүрийчихэж. Намсрай гүн “Тэр тэнгэрт хоёр наргүй, улсад хоёр эзэнгүй гэснийг ухахгүй юм.
 
Би Хайсанг өлсөж даарч явахад нь өрөвдөж тусалсан. Гэтэл тэр ач санахын оронд нутагт минь орос, хятадуудыг орогнуулж, тахилгат газрын өвс, шороо, модыг сүйтгэн, харш зүйлийг дэврээв. Оросуудтай нийлж тарианы аж ахуйд шунан, овог хольцолдон сууж хойч өдөр ховхоршгүй бэрх …” гэсэн бол Хайсан ч мөчөөгөө өгөлгүй Шүүхийн сайдтай заалдсан бичигтээ “Өчүүхэн би орох орон, идэх будаагүйдээ гадагш хэсээгүй. Монголоо үүрд бататгахын зүг хичээн зүтгэж, арав гаруй жил энд тэнд зовж зүдэрснийг дотно гадны эм, хүүхэд хүртэл мэднэ.
 
Миний бие Хүрээнд ирж Монголоо тусгаар улс болгох хэргийг нууц гаргаж, Богд эзэнд үүсгэн айлтгаж байхад Эрдэнэ жүн ван үхширтэл унтаж, зүүдлээ ч үгүй явсныг түмэн мэднэ” хэмээн хорон үгээр утжээ. Хэн эрх мэдэлтэй, тэр дийлдэг юм хойно Шүүх яам түүнийг Монголын эрх ашгаас урвасан хэмээн буруутгаж, баривчилсан юм.
 
Да лам Цэрэнчимэд Намсрайтай уулзан архидаж, учирлан байж Хайсангийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хуучин албаа хашихыг санал болгосон ч Намсрайд голдоо ортол гомдсон Чин зүтгэлт гүн төрд зүтгэх сэтгэл алдарч 1915 оны эцсээр өмнө зүг зүрхээрээ уйлж одсон гунигт түүхтэй.
 
Энэ үеэр Жүн ван Намсрайн  бие чилээрхсэн учир Шүүх яамны сайдын тушаалаас чөлөөлөхийг хүссэнийг Богд хаан ёсоор болгож, харин Шадар сайд хэвээр үлдээсэн байна.
 
   Жүн ван М.Намсрайн Монгол Улсын төлөөх хүчин зүтгэлийг Богд зүй ёсоор үнэлж, 1913 онд хэргэм зэрэг шагнаж, 1914 онд зарлигаар тэргүүн сайдын тушаалд ногоон жууз хүртээв.
 
   1915 онд түүнийг шүүн таслах албанд сайнаар зүтгэснийг айлтгаад зарлигаар Чин вангийн зэрэг шагнав.
 
   1918 онд түүний гавьяаг дөвийлгөн шар хүрэм, үе улиран Чин вангийн зэргийг Богд хаан тусгайлан зарлиг буулган шагнажээ.
 
   1919 он Сюй Шү Жан генералын цэрэг Монголд цөмөрч, Засгийн эрхийг булаан авав. Богд хаан ч хорионд оров. Зоригт баатар Тогтох, Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав, Цахарын Баяр гүн, Найдан ван, Манлай ван Дамдинсүрэн, Эрдэнэ ван Намсрай тэргүүтнүүд эзэнгүй болсон  Монголынхоо төлөө зэвсэгт бослогод бэлтгэж эхлэв.
 
   1920 оны зун урвагчид эх орончдыг илчилж, Манлай ван, Хатанбаатар, Магсар хурц, гүн Гомбо-Идшин, ван Жигмэддорж, Да лам Пунцагдорж, Сэцэн ван, Эрдэнэ ван Намсрай, бэйс Иш-Очир бүгдийг Хүрээний шоронд хорьж, эрүүдэн шүүжээ. Бурхны авралаар тэднийг Унгерны цэрэг сулласан юм. Хятадууд ч Монголын томчуул хоригдож байсан шоронгоо хөндөлгүй, тэр чигт нь орхиод явсан нь цаанаа учир шалтгаантай байсан биз. Засгийн байшингаа галдсан улс шоронг хүнтэй нь шатаачих юу ч биш баймаар.
 
   1921 оны долдугаар сард Ардын Засгийн газар, таван яам эмхлэгдэн байгуулагдахад мөнөөх Эрдэнэ ван Намсрай таван Шадар сайдын нэгээр томилогдон ажиллаж, Ардын засагт хүч, эрдмийг өгч байжээ. Богдыг таалал төгссөний дараа түүнийг буруу номтнуудтай ойр дотно холбоотой, үзэл бодлын хувьд засрашгүй гэсэн шалтгаанаар Дотоод яамныхан буруутган цааш нь харуулчихсан байх магадлал тун өндөр. Юутай ч түүний үхлийн тухай баримт өнөө болтол учир битүүлэг хэвээр байна. Хожмын судлаачид эл талаар илрүүлэн тогтоох буй за.
 
   Юутай ч Эрдэнэ жонон ван Мижиддоржийн Намсрай нь алтан ургийн угсаатан тайж төдийгүй 1911 оны Үндэсний эрх чөлөөний их хувьсгалыг оройлон манлайлагчдын нэг байсан язгуур гавьяатан. Тэрбээр ХХ зууны Монгол Улсын Шүүх яамны ууган сайдын хувьд эрх зүйт төрийн эх үндсийг тавьсан монгол төрийн гарамгай зүтгэлтэн билээ.
 
 Ж.Баяржаргал
Эх сурвалж: "Соёмбо" сонин