sonin.mn
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд мэдээлэл хийлээ.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн эхэнд эдийн засгийн бодит нөхцөл байдал болон Засгийн газраас нэн яаралтай авч хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцууллаа.
 
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чожилсүрэнгийн Монгол Улсын сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар хийсэн мэдээллийн дараа багагүй маргаан гарсныг онцлоод үүнтэй холбогдуулж иргэд, хэвлэл мэдээлэл, гадаад ертөнцөд, гадаад дотоодын санхүүгийн зах зээлд бодит мэдээлэл өгөхөөр шийдсэнээ хэлэв. Мөн “Аливаа мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөх, боловсруулах боломжийг бий болгоно. Статистик, эдийн засгийн тоо мэдээллийг буруу тодорхойлж, засвар оруулж мэдээллэвэл цаашид засч болохгүй нөхцөл байдлыг бий болгоно. Бид эдийн засгийнхаа “онош”-ийг зөв тодорхойлж байж дараа дараагийн хийх арга хэмжээ бодлогоо төлөвлөнө.
Үүний үндсэн дээр бид бодлогоо төлөвлөсөн. Гэвч харамсалтай нь өдөр бүр Сангийн яаманд бүртгэл тооцоо судалгаагүй арга хэмжээ, концессийн гэрээ, төслүүд ар араасаа гарч ирж байна. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгээс хазайх эрх байхгүй. Тийм учраас бодит нөхцөл байдалд энэ олон төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их шаардлаа” гэв.
 
Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хоёр үе шатанд хуваажээ. Эхний үе шатанд ойрын хугацаанд буюу 12-18 сарын хугацаанд “Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх”-ээр төлөвлөжээ. Ингэхгүйгээр цаашаа явбал одооны алдаагаа давтаж, эдийн засгаа хямралаас гаргах боломжгүй гэж үзэж байгаа аж.
 
Хоёрдугаар үе шатанд макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийн төлөвлөлтөө бодит эдийн засгийн хөрсөнд хүргэсний дараа “Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх” нь зүйтэй гэж үзэж байна.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн “Маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй нь манай улсын нэг том хүндрэл. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс зөвхөн нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Тиймээс манай Засгийн газар давхардсан олон төслүүдийг хумьж, салбар болгонд улс орны хэрэгцээ шаардлагыг хангахуйц, ард иргэдэд хэрэгцээтэй 1-2 төслийг барьж ажиллана. Үүнийгээ хэрэгжүүлсний дараа өөр шинэ төсөлд орох ёстой гэж үзэж байгаа” гэлээ.
 
Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг Засгийн газраас хийж эхэлжээ. Эс бөгөөс цаашид төсөвт өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй, төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд төсвийн алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх төлөв ажиглагдаж байгаа юм байна. Тиймээс УИХ-ын даргад Ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх хүсэлтийг Ерөнхий сайдаас тавьжээ. Төсвийн тодотгол хийснээр макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Төсвийн тодотголтой цуг “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр” боловсруулж, өргөн барихаар Засгийн газраас бэлтгэл байгаа аж.  
 
Үүнээс гадна Ерөнхий сайд “Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил нэг ч алга байна. Жишээ нь Монгол Улс төмөр замын бодлогоо тодорхойлсон ч төмөр замаа барья гээд явчих төсөл алга. Тэгэхээр цаашид тодорхой хэмжээний эх үүсвэр олж, эхний ээлжинд хийх ажлаа тодорхойлон түүндээ ТЭЗҮ боловсруулах ажлыг Засгийн газар” гэж онцоллоо.
 
Ерөнхий сайд мэдээллийн төгсгөлд “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоон мэдээллээ үнэн зөв, бодитоор гаргаж тавьсан. Цаашдаа үүндээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэж мэдэгдсэн юм.
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг