sonin.mn
Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал Улаанбаатарт нээлтээ хийж буйтай холбогдуулан Монгол Улсын Ардын уран зохиолч, "Болор цом"-ын эзэн яруу найрагч, туульч Тангадын Галсантай ярилцсан юм.
 
-Та бол Олон улсын монголч эрдэмтний хурлын 57 жилийн түүхийн амьд гэрч. Монголч эрдэмтний их хурлыг анх зохион байгуулж байсан тэр үеийн түүхээс сонирхуулаач?
 
-Баруун тивд дэлхийн бяр шандас, авхаалж, самбааны олимп болж байна. Эзэн Чингисийн гал голомт Монгол Улсад Монгол судлаачдын олимп болж байна. Би энэ олимпийг 57 жил үзэж байгаа өвгөн гэрч. Монгол судлалын олон улсын хурал зохион байгуулна гэдэг 1950-аад онд улс төрийн хувьд их хүнд байсан. Яагаад гэвэл тухайн цаг үед Монголын үндэсний ухамсар сэргэчихвий гэж болгоомжилдог байлаа. Хоёрдугаарт хөрөнгө мөнгө муутай, гадаадын зочин хүлээж авах буурчийн газар ганцхан байсан. Гэтэл өнөөдөр АСЕМ-аар “дэлхий” ирж байхад нүүр улайхааргүй Монгол болсон байна. 
 
Анхдугаар хуралд оролцож байсан эрдэмтэн мэргэд нэгэнт дээд тэнгэрт хальж, Монгол судлалаа тэнгэрийн оронд хөгжүүлээд сууж байна. Энэ түүхийг мэдэх цөөхөн амьд гэрчийн нэг нь би юм.
 
Тэр үед МАХН-ын Төв хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга нь Дарамын Төмөр-Очир гэж их дэвшилттэй хүн байсан тулдаа Чингисийн ойг, Монголч эрдэмтдийн их хурлыг хийлгэж амжсан. Түүний ард талд аугаа их Базарын Ширэндэв, Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан байсан нь мэдээж. Монгол бичгээр юу ч бичиж болдоггүй хориотой үед Монголч эрдэмтдийн хурлын тайзны арын дэлгээст бурхны гүнгэрваад “Монголч эрдэмтдийн их хурал” гээд эвхээс эвхсэн монгол бичгээр бичсэн байсан юм шүү. Энэ бол “Монгол Улс байгаа шүү” гэдгийг илтгэж, үнэний өмгөөлөгч, худлыг хуйхлагч, цаг түүхийн гэрч, монгол судлаачид нүдээр ирж үзсэн нь их чухал болсон юм.
 
Тэр хуралд социалист орноос гадна Америкаас, Японоос монголч эрдэмтэд ирж байв. Халхын голын байлдааны үзэн ядах сэтгэхүйтэйгээ л байхад монгол хэл сайн мэддэг Японы эрдэмтэн ирээд монголоор таталган бичиж байхыг хараад төр дайнд турхирсан болохоос цаана нь Монголтой л адил, Монголыг хайрладаг, судалдаг ард түмэн байж шүү дээ гэж таниж байлаа. Монгол судлал ингэж дэлхий судлал болох эхлэлийг тавьсан юм. Сүүлдээ хойно, урд Монгол судлал их хөгжсөн. Тэр хэрээр Монгол судлалын төвийг нэг хэсэг ЗХУ-д, Хятадад байна гэх мэтээр ярьдаг байсан. Гэтэл одоо Монгол судлал бол Монгол Улсдаа байна гэж буй явдал бол маш том үзүүлэлт юм даа.
 
-Олон улсын Монгол судлалын Их хурал өнөөдрийн түвшинд ирж, 11 дүгээр хурал Улаанбаатар хотноо болж байна. Энэ хурлыг та хэрхэн дүгнэж, ямар үр дүн хүлээж байна?
 
-Өнөөдрийн хурлыг харвал “шүд нь унасан ам” шиг нэг ч суудал онгойхгүй дүүрсэн байна. Монгол судлаачид яасан олон юм бэ. Дахиад олон хүн орж чадаагүй үлдсэн гээд бодохоор эрдмээр дамжуулан дэлхийд Эзэн Чингисийн удмын оюун ухаан, хүч чадал, авьяас билгийг хүргэх сайхан ерөөл бүрдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол их утга төгөлдөр бөгөөд их шинэлэг үг юм. Урьд бол албан ёсны хэдэн үг л хэлдэг байсан.
 
Гэтэл нөхөр Ц.Элбэгдорж Монголч эрдэмтний их хурлын үед аугаа их эрдэмтэн Бямбын Ринчен, Оросын эрдэмтэн Ю.Н.Рерих гуай хоёрын дүрсийг хэлсэн үгтэй нь гаргаж байна. Хөөрхий багшийнхаа дууг 57 жилийн дараа дахин сонсож байхад их сонин санагдаж байлаа. Улс төрийн илтгэл дотор түүхэн үнэнийг цаг үеийнх нь баримтаар амилуулна гэдэг их олон хүний сэтгэлийг хөдөлгөж байлаа. Тэгж байтал миний монхорын хоёр талын ёонхороос нулимс мэлтрэх шахав. Яасан гэтэл Германы эрдэмтэн бүсгүй халхын аялгуугаар нэг ч аялгууны зөрөөгүй ярьж байх нь манай зарим УИХ-ын гишүүнээс илүү харагдаж байлаа. Энэ бол монгол хэл, Монгол судлал дэлхийд хэрхэн түгсэн, харь үндэстний хүн атлаа монгол хүн зөндөө олон болсныг харуулж байна.
 
Монголоор сайхан ярьдаг Элчин сайдууд бий. Гэтэл өнөөдрийн герман эрдэмтэн шиг ярьж чаддаггүй шүү дээ. Аялгууны жаахан зөрүү байдаг. Үүгээр зогсохгүй тэр эрдэмтний хэлсэн дотор хийсэн ажлыг дүгнэн тавихаас гадна хийгүүштэй ажилд гадаадынхныг уриалж, хариулцлагыг өөрсөддөө үүрүүлж байгаа нь үгүй мөн сайхан харагдаж байв. Энэ жилийн Их хурал зөвхөн хэл түүх судлалын үеэс хальж зах зээлийн нийгэмд ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэхэд Монгол судлалын үүрэг хариуцлага ямар байх тухай ярьж байна. Өвгөн би энэ зунжингаа их баярлалаа. Дэлхий Монголд чуулсанд, Улсын их баяр наадмаар Хүн гүрний үеэс наашхи түүхийн дундуур аялуулсанд, Монголч эрдэмтдийн их хурал болж байгаад магнайн тэнийн баярлаж байна. Хувьтай хүн юм даа. 
 
-Монгол судлалыг илүү их хөгжүүлэхэд ойрын ирээдүйд зайлшгүй шаардлагатай хийх зүйлсийг Та юу гэж харж байна вэ? Жишээлбэл Ерөнхийлөгчийн илтгэл дээр Монгол хэл, соёлын сургуулийг сэргээн байгуулах хэрэгтэй гэж дурдагдлаа?
 
-Ардчиллын буянаар хуучны хэтэрхий үхмэл тогтолцоонд орсон сургуулиудаас хүмүүс гарч, Монгол судлалаа өргөе гэсэн сайн санаагаар хувийн дээд сургуулиуд байгуулж эхэлсэн. Түүн дотор хоногт 25 цаг ажилладаг монгол эрдэмтэн хэмээн алдаршсан Чой.Лувсанжав Монгол хэл, иргэншлийн дээд сургуулийг нээсэн. Тэр хүн цаг түүхийн гачлан дунд таслуулчихсан монгол бичгийг залгуулж өгч чадсан. Монгол бичгээ мэддэг хүн улсад зуугаадхан байсан. Тэгэхэд тэр хүн ардчилалд хүн юу хийж чадах вэ, түүнийгээ л хийх хэрэгтэй юм гээд тасарсан бичиг үсгийг амилуулж, босгох ажил хийсэн. Үүнийг залгуулж монгол бичиг төрийн их хэрэгт хэрхэн орсныг Ерөнхийлөгч өнөөдөр хэллээ. Монгол Улсаас гадаадын улс гүрнүүдэд явж байгаа төрийн албан ёсны бичгийг монгол бичгээр хичээнгүйлж, хоёр дахь хэлээр орчуулан хавсаргаж байсугай. Хүүхдийн төрсний гэрчилгээ, их, дээд сургууль төгссөний батламжийг монгол бичгээр бичээгүй бол хүчингүйд тооцсугай. Ингэж Монгол Улсын төр, засгийн бодлогын хувьд зарлиг гарсан. Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ монгол бичиг, эх хэл, соёлоо сэргээхийн төлөө байсан юм шүү. Төрийн бодлого ямар байна, үйл хэрэг тэгж дэвждэг юм байна.
 
Дэлхийг Монголд чуулуулж чадсан гавьяатай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалын том төв сургуулийг Монгол Улсдаа байгуулья гэж байгаа нь Монголд монгол судлалын судалгааны жинхэнэ урлантай академи байгуулагдана гэсэн үг шүү дээ. Энэ мэтээр Монголч эрдэмтдийн их хурлаас гарах үр дүн их.
 
Монголын түүх гэхэд урд, хойд хоёр хөршийн архивын лавлагааг л хардаг байсан үе бий. Гэтэл Чингисийн хөвгүүд Цагаадай, Зүч, Тулуй хаана хүрсний түүх барууны архивт тэр чигээрээ байж байна. Түүнийг сэргээх эхлэл төдий байгаа бол энэ Их хурлын буянаар Оюутолгойгоос дутахгүй Оюун эрдэнийн их орд тэнд байгааг нааш хүргэж ирье гэх эрдэмтэд зөндөө байгаа. Тавантолгойгоос илүү тавин толгой Монгол судлал руу орно гэхээр их сайхан санагдаад сууж байна даа. 
 
Н.Гантуяа
 
Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг