sonin.mn
Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-аас  "Залуучуудын хөгжлийн сар"-ын аяныг эхлүүлжээ.
 
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Залуучууд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд энэхүү аян нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Уг аяны нээлтэнд  Иргэний боловсрол төвийн захирал Р.Нарангэрэл, Монголын Залуучуудын эвслийн зохицуулагч Н.Биндэръя, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зохицуулагч Г.Учрал нар оролцлоо.
 
Иргэний боловсрол төвийн захирал Р.Нарангэрэл “Залуучуудын хөгжлийн сар гэсэн учраас залуучууд хөгжихөд ямар асуудал тулгамдаж байгаа, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад юу хийж чадахаа тодорхойлох юм. Үүгээр дамжуулан баримт, бичиг боловсруулж төр засгийн шийдвэр гаргах хүмүүст хүргүүлэх нь сарын аяны гол зоритуудын нэг юм” гэдгийг онцлон хэлэв. 
 
"Залуучуудын хөгжлийн сар"-ын аян энэ жил “Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна, Залуучуудын хөгжлийг дэмжсэн бодлого, төсвийн хувиарлалтыг бий болгоё” уриан доор явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 26-ыг хүртэл үргэлжилнэ. Нэг сарын хугацаанд “Залуучуудын Иргэний нийгмийн хоёрдугаар чуулган”, “Демокрейзи Карнавал”, “Оюутны Эрүүл мэндийн өдөрлөг”зэрэг 16 арга хэмжээг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан залуучуудын дунд зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээнүүд залуучуудад нээлттэй бөгөөд иргэний нийгмийн байгууллагын залуучууд өөрсдийн санаачлагаар үйл ажиллгаануудаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
 
Эхний арга хэмжээ наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдрийн хүрээнд "Залуучуудын иргэний нийгмийн хоёрдугаар чуулган" болно. Энэ  чуулган нь залуучуудыг асуудал дагуулсан нийгмийн эмзэг бүлэг биш, харин бүтээлч, хариуцлагатай, эерэг өөрчлөлтийг авчрагч асар их хүч гэдгийг нийгэмд таниулах юм. Мөн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан хэлэлцэн шийдвэрлэх нөлөөллийн үйл ажиллагаа явагдах юм байна.
 
М.Дайриймаа

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг