sonin.mn
Узбекийн нийслэл Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалт болсон. Энэ үеэр манай гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Хөтөлбөр бодитоор хэрэгжиж туршилтын шатны транзит тээвэр өнгөрсөн бямба гарагт манай улсаар дайран өнгөрсөн. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээс тодрууллаа.
 
-Транзит тээврийн туршилт эхэлж саяхан манай улсаар дайран өнгөрлөө. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
-Тийм ээ. ОХУ-ын Эрхүүгээс гурван машин гарч өнгөрсөн бямба гарагийн 09:00 цагт манайд ирж зургуулаа болоод БНХАУ-ын зүг хөдөлсөн. Тэндээс есүүлээ болоод буцаж 21-ний өдөр манайд ирээд Дүнжингаравт гурван улсын томоохон арга хэмжээ болно. Энэ бол гурван улсын эдийн засгийн коридорын тээвэр, дэд бүтцийн чиглэлээр хийх, төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил.
 
Тодруулбал, гурван талын ложистикийн компани байгуулах асуудлаар хамтарсан яриа хэлэлцээр өрнүүлэх гэж байгаа. Мөн Улаан-Үд-Хиагт, Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд, Эрээн Бээжингийн гаднах тойрог, Тяньжины чиглэлийн авто замыг дамжин өнгөрөх чиглэлийн сүлжээнд идэвхтэй ашиглах, хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судална. Үүнээс гадна Азийн автозамын сүлжээгээр олон улсын тээвэр гүйцэтгэх тухай хоёр улстай хэлэлцээр байгуулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэж байгаа. Үүний хүрээнд туршилтын тээвэр эхлээд явж байна. 18-ны өдөр Тяньжин боомтод нээлтээ хийх үеэр гурван улсын авто тээврийн яамныхан оролцоно.
 
 
-Транзит тээврийн туршилтын нээлт, хаалтад гурван улсаас нөлөө бүхий төлөөллүүд оролцож байгаа гэсэн. Үүнийг тодруулаач?
 
-Олон улсын харилцаа талаасаа Хятад улс үүнд ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа. Тухайлбал, Тяньжинд болох үйл ажиллагаанд ОХУ, Хятадын Зам, тээврийн яамны дэд сайдууд оролцож байгаа. Гурван Улсын Зам тээврийн дэд сайдууд Улаанбаатар, Улаан-Үд, Тяньжинд болох үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөсөн. 23-нд Эрхүүд хаалтын үйл ажиллагаа болно.
 
-Транзит тээврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай талаас тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
 
-Зам, замын чанарын асуудал бэрхшээл болж байна. Учир нь есөн машин цуваад явахад нэг км гаруй урт цуваа болж байгаа. Олон улсын тээвэр нэг км-ээс ч урт цуваа явна. Гэтэл хөдөлгөөний аюулгүй байдлаас эхлээд бэрхшээл байна. Наад зах нь Дарханы зам хэтэрхий нарийн, урт цувааг гүйцэж түрүүлэх, цувааны эгнээ рүү орох зэргээс эхлээд асуудлууд байна. Үүнээс гадна тээврийн техникийн үйлчилгээ гарч ирж байна. Эдгээр нь ажлын байр бий болох, шатахууны төлбөрөөс эхлээд техникийн талаасаа манайд ихээхэн ач холбогдолтой. Транзит тээврийн хамгийн том ач холбогдол нь ачаа тээврийн эргэлт хурдасч хугацаа хэмнэж байгаа. Ачаанаасаа шалтгаалаад 7-10 хоногт хүргэдэг байсан бол одоо 3-4 хоногт хүргэх боломжтой.
 
-Танай байгууллага удирдлагын талаас нь л хариуцаж ажиллаж байгаа юу?
 
Яамны зүгээс удирдлага, зохион байгуулалтыг нь ханган ажиллах төрийн төлөөлөл байгууллага. Транзит тээврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон байгууллага хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, дамжин өнгөрч буй Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа. Мөн Авто тээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл, Замын цагдаагийн газар болон хувь хүн, албан байгууллагууд манай яамтай хамтран ажилаж байгаа.
 
-Гурван чиглэлд авто зам, төмөр замаар холбох эдийн засгийн үндэслэлийг гаргах гэж байгаа. Үүнийг шийдвэрлэсэн үү?
 
-Энэ талаар ярилцах шатандаа явж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
 
-Транзит тээврийн үйл ажиллагаанаас манай улс 2020 он гэхэд 200 тэрбум төгрөгийн ашиг олно гэсэн мэдээлэл тараад байгаа. Үүнийг юунд үндэслэж гаргасан юм бол. Үүнээс илүү ашиг олох боломжтой юу?
 
-Транзит тээврээс олох ашиг, мөнгөн дүнгийн талаар одоогоор мэдээлэл аваагүй байна. Тиймээс шууд хэлэх боломжгүй. Туршилтын дараа хэрэгжүүлэх, анхаарах цогц бичиг баримт гаргах байх.
 
-Сонирхоход, та төмөр замаас эхлээд байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, хөрөнгийг шилэн болгоно гэсэн. Энэ ажлын явц хэр байна вэ?
 
-Энэ нь хууль мөрдүүлэх, хэрэгжүүлэх л ажил. Тухайлбал, Тендерийн тухай хуулиар бүх тендер нээлтгэй ил тод зарлаж, ил тод шалгаруулах ёстой. Мөн шилэн данс байна. Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд гуравхан хууль байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд хангалтгай. Өмнө нь гаднаас нь шахаж шаарддаг байсан бол одоо дотроос нь шилэн данс ил тод нээлттэй мэдээллийг яаж хэрэгжүүлж болох вэ гэдгийг харуулна. Автотээврийн үндэсний төв, МИАТ компани зэрэг манай яамтай хамтарч ажилладаг байгууллагууд сайн жишээнд ордог. Түүнийгээ алдахгүй үлгэр жишээч ил тод нээлтгэй байх ёстой.
 
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин