sonin.mn
 
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд удирдан явууллаа. Зөвлөгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.


2016 оны 07 сарын 25-нд болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүргийн биелэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлт

 
2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллаж байна

"2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу инженер хангамжийн байгууллагууд болон холбогдох дүүргүүдтэй хамтран өвөлжилтийн бэлтгэл ажлыг  09 сарын 01-ны өдөр дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
 
Цэцэрлэг, сургуулийн их засварыг 08 сарын 20-ны дотор дуусгана

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 сургууль, 3 цэцэрлэгийн их засварын ажилд 523,5 сая төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 сургуулийн их засварт 169,0 сая тус тус батлагдсан. Барилгын өргөтгөл болон их засвартай сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нарын ээлжийн амралтыг засварын ажлыг дуустал хойшлуулж, 08 сарын 20-ны дотор дуусгахаар төлөвлөгөө гаргаж хяналт тавьж ажиллаж байна.
 
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулав

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадмыг 08 сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулав. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа нэгж, хэлтсийн бие бүрэлдэхүүн хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ.Цагдаагийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийт 74 автомашин, 1668 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр зөрчил, дутагдалгүй зохион байгуулж ажилласан байна.
 
Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдалыг ханган захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Налайх, БЗД, Тэрэлж, Яармаг, Эмээлт, Баруун туруун, Нисэх, Био, Налайхын 4-р зөрлөг зэрэг 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавьж ажиллаж байна.

Энэ хугацаанд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 5992  тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт,  2380 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 23158 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийн ажилласан байна.

 
Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна

2016 оны 07 сарын 28-ны өдөр орсон борооны улмаас Энхтайваны өргөн чөлөө, Намяньжүгийн гудамж, Токиогийн гудамж, Дэнжийн 1000, Их тойруу, Баянбүрдийн тойрог, Сансар, Сансарын нүхэн гарц, Цагдаагийн гудамж, КТМС, Шар хадны зам, Монелийн уулзвар усанд автагдаж авто замуудын зорчих хэсэгт шороо чулуу ихээр хуримтлагдсаныг цэвэрлэж, авто замын усыг соруулах  ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

Мөн 2 бобкат, 1 дреста, 2 ачааны автомашин, болон шөнийн цагаар зам цэвэрлэгээний машинууд  нэмэлтээр гарч, Намяньжүгийн гудамж, Нарны зам, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу,  Баянбүрдийн тойрог, Сансарын нүхэн гарц, Дэнжийн 1000-н зам, Чингэлтэйн өргөн чөлөө, КТМС, Шар хад, Монелийн уулзварын замд 80 зам талбайн үйлчлэгч цэвэрлэгээг хийж, нийт 28 удаагийн рейсээр 108,7 тн хог хаягдлыг цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт  тээвэрлэж ажилласан байна.

 
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгууллаа

2016 оны 08 дугаар сарын 03-наас 06-ны хооронд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулав. Форумд 20 хотын 100 орчим төлөөлөгч оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатарын талбай, Төв Гандантэгчинлэн хийд, Богд хааны ордон музей, “Эвсэг” ноолууран хувцасны дэлгүүр, “АСЕМ вилла” хотхон, Хүй долоо худаг, Централ тауэр, Зайсан толгой, Чонжинболдог, Горхи, Тэрэлж, Мэлхий хад, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гранд хаан Айриш пабд очих, буцах үед Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 101 алба хаагч, 14 автомашинтай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулж ажилласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэтлсээс мэдээллээ.