sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өчигдөр Охайо мужийн ард иргэдэд хэдэн үг хэлэхдээ, терроризмтой тэмцэх шинэ арга зам олохыг уриалсан байна.
 
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарыг Сири, Ливи, Иракт ардчилсан Засгийн газар байгуулах бодлоготой нь холбогдуулан буруушаажээ.
 
Тэдний энэ бодлого нь Ойрхи Дорнодын байдлыг тогтворгүй болгож, хэт давруу үзэлтнүүд, тухайлбал “Лалын улс” бүлэглэлийг бий болгосон гэж тэрбээр мэдэгджээ.
 
Мөн тэрбээр, Обамагийн стратеги алдаа дутагдалтай байгааг дурдаад, “хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол улс орны дотоод асуудалд АНУ оролцдог энэ байдлыг зогсоож, терроризмын тархалтыг зогсоох асуудалд анхаарал хандуулна. Энэ зорилготой нэгдэх улс орнууд АНУ-ын холбоотон болох болно” гэж мэдэгдсэн байна.
 
Харин цагаачлалын асуудалтай холбогдуулан тэрбээр, АНУ-д аюул учруулах зорилготой хүмүүсийг барихын тулд хяналтын шинэ сорил бий болгоно гэж мэдэгдэв.
 
Үүнээс гадна тэрбээр, АНУ-д илүү олон сири дүрвэгчийг хүлээн авахаар оролдож байна гэж Клинтоныг буруушаасан байна.
 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг