sonin.mn
Вижн – Алсын хараа
 
Вижн буюу Алсын хараа бол компанийн урт хугацаанд тавьж буй зорилт юм. Вижнийг 20, 30, 50… жил гэх мэтээр урт хугацаанд тодорхойлдог.
 
Нөгөө талаас Вижн бол компанийн ирээдүйд авсан гэрэл зураг гэж хэлж болно.
 
Вижн нь “Бид хаана хүрэх вэ” гэдэг асуултын хариулт билээ.
 
Мишн – Эрхэм зорилго
 
Мишн бол “Бид хэн бэ?” гэсэн асуултын хариулт юм. Энэ бол бидний хүрэх гэж буй зорилго биш. Харин бидний өнөөдөр баримталж буй философи юм.
 
Жишээлбэл, “Батаа шударга оюутан. Тэрбээр ирээдүйд улсынхаа ерөнхийлөгч болж, улс орноо хөгжүүлэх мөрөөдөлтэй” гэсэн тодорхойлолтыг авч үзье.
 
Батаагийн “Ирээдүйд ерөнхийлөгч болж улс орноо хөгжүүлэх” нь түүний ВИЖН бол “Шударга хүн” гэдэг нь түүний МИШН болох юм.
 
Бид МИШН-ээ баримталж ВИЖН-дээ хүрэх учиртай.
 
 
Зорилго
 
Бид юу ч хийлгүй гараа хумхиж суугаад гэнэт ВИЖН-дээ хүрчихгүй. Харин ч тасралтгүй амжилт гаргаж, алхам алхамаар урагш ахиж байх хэрэгтэй болдог. Гучин жилийн дараах амжилтыг тодорхойлох ВИЖН-ээ бодит байдал болгохын тулд бид жил бүр бизнес төлөвлөгөө баталж, тухайн жилийнхээ зорилгуудыг томъёолдог. Зорилго бол ВИЖН-д хүрэх алхам юм.
 
Стратеги – Баримтлах үндсэн бодлого
 
Стратеги нь “Зорилгодоо хэрхэн хүрэх вэ?” гэсэн асуултын хариулт юм. Өөрөөр хэлбэл ямар арга замаар зорилгоо биелүүлэх вэ гэдгийг зааж байдаг.
 
Стратегийн ухааны нэрт эрдэмтэн Ричард Раммелтийн тодорхойлсноор стратеги нь зүгээр нэг цаасан дээр хоосон лоозогноод орхисон бодлого биш.
 
Харин өөр хоорондоо цогц уялдаа холбоо бүхий 3 алхамаас бүрдэнэ. Эдгээр алхамууд тасралтгүй хийгдэж байж стратеги амжилттай болно.
 
visionmission
 
Нөхцөл байдлын анализ: Бид өөрсдийн хүчин чадавхи, орчны нөхцөл байдал, өрсөлдөгч, харилцагчийн талаар үнэн зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй.
 
Ингэж байж бид зөв шийдвэр гаргана. Харилцагчийн хүсэлтээр биш харин түүнээс нь урьтаж хөдлөх боломжтой болно.
 
Өрсөлдөгчийн сул цэг, хүчтэй чанаруудыг нь бид мэдэхгүйгээр өрсөлдөөнд ялах тухай ярилтгүй.
 
Энэ нь боксчид өрсөлдөгчийнхөө бичлэгийг үзэн дүгнэлт хийж, сул талыг нь олж, хүчтэй талаас нь хамгаалах тактик боловсруулж, тоглолтонд ордогтой адил юм.
 
Иймд ажилтан бүр өрсөлдөгч, харилцагч болон бүтээгдэхүүнээ нэвт шувт судалсан байх үүрэгтэй.
 
Баримтлах үндсэн бодлого: Нөхцөл байдлаа зөв харж чадсан байгууллага ирээдүйд хөтлөх бодлогоо сайн тодорхойлж чадна.
 
Энэ бодлогыг бид стратеги гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бидний хийх ажлын үндсэн агуулга нь стратеги юм.
 
Хэрэгжүүлэлт: Сайн анализ, гоё бодлого байгаад хэрэгжүүлэлт байхгүй бол ямар үр дүнд хүрэх нь ойлгомжтой.
 
Хэрэгжүүлэлтийг дэс дараатай, эзэнтэй нь цаасан дээр буулгасныг бид Үйл ажиллагааны төлөвлөгөө гэж нэрлэдэг.
 
Хэрэгжүүлэлтийг хийхдээ чухал ажлаа яаралтай ажлаас салган авч үзэх хэрэгтэй.
 
Өдөр тутмын ажилдаа живж, Стратегийг хэрэгжүүлэх чухал ажлаа орхивол байгууллага бүтэлгүйтэж өрсөлдөөнд ялагдах болно.
 
Өлзийбаярын Ганзориг