sonin.mn
 
Ипотекийн зээлэнд хамрагдах болзол хангасан 43 цэргийн алба хаагчид 10 хувийн буцалтгүй тусламж олгох батламж, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаад бэлтгэл, чөлөөнд гарсан, тусламж туслалцаа хэрэгтэй байгаа 8 хүнд таван ханатай өргөө цагаан гэр олгох батламж гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд боллоо.
 
 
Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр БХЯ, ЗХЖШ-аас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь ипотекийн зээлэнд хамрагдах шалгуур болзлоо хангасан алба хаагчдад 10 хувийн буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Өмнө нь 49 цэргийн алба хаагч 10 хувийн буцалтгүй тусламж буюу 6.5 сая төгрөгийн тусламж авсан. Үүний үргэлжлэл болж өнөөдөр "Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр", "Цэргийн алба хаагчийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэхүү тусламжийг олголоо. 

Батламж гардуулах ёслолд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг нарын албаныхан оролцов. 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ батламж гардан авсан алба хаагчид болон ахмад буурлуудад хандан "Цаашдаа энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Гэвч эдийн засаг хүнд байна гээд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй. Аль болох шийдвэрлэж ажиллана" гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, ипотекийн зээлд хамрагдах болзол шалгуураа хангасан 92 цэргийн алба хаагчдад БХЯ-наас 10 хувийн буцалтгүй тусламжийг ийн олгоод байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг