sonin.mn
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
АН-ын хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг Засгийн газар зогсоосон нь бодлогын алдаа гэж үзэж буйгаа мэдээллийн эхэнд онцлов. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк  арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байна. Учир нь арилжааны банкууд Төвбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдэлийг өөрсдөө хүлээсэн. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл болно” гэв. Мөн тэрбээр “Эдийн засагт үүссэн хямрал нь олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай гэлээ.
 
Зарим төрийн албан хаагчийн цалинг буруулна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна.
 
Үүнээс гадна олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн заалтаа зөрчиж байна. Үүнээс гадна бидэнд ирсэн мэдээллээр нийслэлд 2012 оноос хойш ажилд орсон судалгааг гаргаж эхэлсэн байна. Энэ судалгаанд орсон ажилчдыг хоморголон халах гэж байна. Өнөөдөр Монгол Улсад 180,000 гаруй төрийн албан хаагчид, тэдний ард тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд амьдарч байна. Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв.” гэлээ.
 
Мөн тус бүлгээс УИХ-ын даргад хандан Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахад шаардлагатай тогтоол, хөтөлбөрийг батлахыг шаардсан албан бичиг хүргүүлэх болсныг мэдэгдлээ.
 
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг