sonin.mn
Хэнтий аймгийн Чингис хотод Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форумыг наймдугаар сарын 19-21-нд зохион байгуулахаар болжээ.
 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Чингис зочид буудлын “Тэмүүжин” танхимд хэвлэлийн бага хурал хийлгэж тус форумын талаар мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Циао Саньван, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичиг Хүчирхэг, Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
 
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрийн “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо” хэсэгт, Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форумыг жил бүр харилцан зохион байгуулна, мөн ХМБ-ын төлөөлөгчид харилцан айлчлах, мэдээ, мэдээлэл, сурвалжлага хийхэд шаардлагатай хөнгөлөлтийг тухайн улсаас үзүүлнэ гэж тусгажээ.
 
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд МСНЭ, Хятадын сэтгүүлчдийн холбооноос 2 орны хэвлэл мэдээллийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тус форумын сүүлийн 3 форумд Монгол Улсын ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж хамтын ажиллагаанд амжилт хүссэн билээ.
 
 
2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн хэвлэл мэдээллийн алба уг форумыг Алшаа аймагт амжилттай зохион байгуулсан юм. Хэнтий аймгийн Чингис хотод болох энэ удаагийн форумд Монголын талаас, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны Газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгальмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон ТББ-ын удирдах ажилтнууд, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчид оролцоно.
 
Мөн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, “Үндэсний мэдээ” сонин, News.mn зэрэг төвийн болон орон нутгийн ХМБ-ын удирдах ажилтнууд, сэтгүүлчдээс бүрдсэн төлөөлөгчид багтжээ.
 
БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба /ХМА/-ны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны  Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга, ӨМӨЗО-ы Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга, хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн ХМА-ны дэд газрын дарга Жан Чян болон Хятадын Төрийн зөвлөлийн ХМА, Шиньхуа агентлаг, Хятадын Ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, CCTV, Өвөрмонголын Радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцох юм.
 
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талаас Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор хэвлэл мэдээллийн орчин үеийн хөгжил, нийгэм дэх нөлөө болон тус салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцох юм. Мөн тус салбарын цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх арга замыын тухай илтгэлүүд тавьж энэ сэдвээр хоёр тал харилцан санал бодлоо дэвшүүлж, нэгдсэн зорилтоо тодорхойлох юм.
 
Д.Өлзий   

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг