sonin.mn
Өвөрмонголын дөрөв дэх удаагийн соёлын өдрүүд нь “Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян-Улаанбаатар” гэсэн сэдвийн дор энэ сарын 18-21-ний өдрүүдэд болно.
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба /ХМА/, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн ордон, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-наас хамтран удирдан чиглүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХМА, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв гүйцэтгэн зохион байгуулах юм. Үүнд урлагийн тоглолт, биет бус соёлын өвийн тоглолт, үзэсгэлэн, ном бичгийн үзэсгэлэн, монгол уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн зэрэг 7 том салбарын нийт 20 гаруй урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулна.  Энэ нь сүүлийн хэдэн жилд БНХАУ-аас Монгол  Улсад зохион байгуулсан хамгийн том хүрээг хамарсан өдөрлөг юм.
 
Хятадын хүүхдийн жүжгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ. Үндэсний уран зургийн галерейд ирэх пүрэв гарагт болох соёлын өдрүүдийн нээлтийн ёслолд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хорооны хэвлэл мэдээллийн албаны дэд дарга хатагтай Цуй Юу Ин, ӨМӨЗО-ны Намын хорооны гишүүн, Сурталчилгааны албаны дарга Хатагтай Улаан, БНХУА-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хайминь, Монгол Улсын БСШУСЯ болон ГХЯ-ны удирдах албаны хүмүүс, хоёр улсын соёлын салбарын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.
 
Нээлтийн үйл ажиллагааны дараа үзэсгэлэнт Хятад орон сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын номын үзэсгэлэн, монгол уран бичлэгийн үзэсгэлэн олны хүртээл болно. “Үзэсгэлэнт Хятад орон” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн наймдугаар сарын 18-21-нд Монгол улсын Үндэсний уран зургийн галлерейн 3 давхарт болно. Хятадын 30 гаруйн алдарт гэрэл зурагчдын бүтээлүүдийг хамарсан, Хятадын байгалийн үзэмж, хүмүүнлэг соёлын бүтээл, Өвөрмонголын хотуудын барилга байгууламжтай танилцах болно.
 
VR техникийн “Үзэсгэлэнт Хятад орон” үзэсгэлэн нь VR техникээр 3D зураг бүтээн, хэрэглэгч зориулалтын тоног төхөөрөмжид түшиглэн үзэсгэлэнт Хятад оронтой  танилцах юм. Хятадын номын үзэсгэлэнд ӨМӨЗО болон Жэжян мужийн 5 том хэвлэлийн хорооноос нийтэлсэн хятад, монгол хэлээр бичигдсэн 7000 гаруй ном бичгийг үзүүлнэ. Тухайлбал, уран зохиол, аялал жуулчлал, эм эмнэлэг, эрүүл мэнд, сувилал, мал аж ахуй, хүүхдийн ном зэрэг олон төрлийг багтаажээ. Эдгээр ном бичгийг Монгол Улсын үндэсний номын санд бэлэглэх бөгөөд ном бэлэглэх ёслол энэ сарын 21-нд Монгол Улсын үндэсний номын санд болно.
 
Монголын уран бичлэгийн үзэсгэлэнд Өвөрмонголын сүүлийн үеийн уран бичлэгийн хөгжлийг харуулсан Монгол уран бичлэг болон сийлбэрийн 90 гаруй ширхэг бүтээлийг үзүүлэхээр зэхжээ. Харин биет бус соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд Хятадын биет бус соёл олон төрлөөр хөгжсөн болохыг батлах усан хэвлэлийн барын зураг, монгол хатгамал, заргууд барын зураг, цаасан хайчилбар зэрэг 4 салбарын биет бус соёлын өвийг уламжлагчид газар дээр нь зохион бүтээж үзүүлэх юм.
 
Соёлын өдрүүдийн бас нэгэн чухал хэсэг болох “Таван тансаг” Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны чуулгын концерт пүрэв гарагт Соёлын төв өргөөнд болно. “Таван тансаг” Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны чуулга бол Хятадын Умард орны хүүн бүл багатай Орцон, Эвэнк, Дагуур ястан, бараг монголчууд болон буриад монгол ястны хүүхдүүдийн чуулга юм. Тал нутагт үеийн үед өвлөгдсөн ардын дуунуудыг дуулж, олон улс буюу хятадын алдарт найруулагчид оролцон, Америкийн урлагийн Линьколин төв, НҮБ-ын төв байгууллага, Кремлийн ордонд тоглож байсан гэдгээрээ энэ чуулга алдартай.
 
Д.Өлзий

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг