sonin.mn

 

Мэргэн гүн Гомбожав гэргий Б.Оюунбилэгийн хамт

 

Мэргэн гүн М.Гомбожавын мэндэлсний 110 жилийн ойд

 

ХХ зууны Монголын сэхээтний тэргүүн эгнээнд явж, орчин цагийн шинжлэх ухааны анхны боловсон хүчний нэг болсон Мэргэн хэмээх гүн Гомбожавын мэндэлсний 110 жилийн ой энэ сарын 19-ний өдөр тохиож байна. 

Ойд зориулан “Мэргэн гүн Гомбожав: Амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн баасан гаригт болох юм. Шинжлэх ухааны академи, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газар зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монголын болон ОХУ, Буриадын 20 гаруй эрдэмтэн доктор, профессор Мэргэн гүн М.Гомбожавын амьдрал, өвийн талаар илтгэл тавих ажээ.

ЧИНГИСИЙН АЛТАН УРГИЙН  МЭРГЭН ЦОЛТНЫ УДАМ “МЭРГЭН ГҮН”

Түүний удам угсааг хөөвөл Чингис хааны алтан ургийн (Батмөнх даян хааны хүү Гэрсэнзболод жалайр хунтайж, түүний зургадугаар хөвгүүн нь Далдан хөндлөн) удмын хүн юм. Тэрээр 1906 онд Сайн ноён хан аймгийн Хөндлөн Мэргэн засгийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Агьт хэмээх газар засаг ноён Мөнх-Очирын ууган хүү болон мэндэлжээ.

Богд хаан төр улсынхаа тусгаар тогтнолыг сэргээсний дараа засаг тэргүүн зэрэг тайж Мөнх-Очирт “Мэргэн” хэмээх эрхэм цол шагнасан нь санамсаргүй тохиолдол биш билээ.Түүний хошуунд Дарба бандид зэрэг номын мэргэд цөөнгүй байснаас гадна тэргүүн зэрэг тайж Мөнх-Очир өөрөө ч эрдэм номыг эрхэмлэн үздэг, мэргэн хурц ухаан, мэдлэг чадвараараа албат ард, ахас ихэстээ үнэлэгдсэн хүн байжээ. Тэрээр орд өргөөндөө олон арван ном судар цуглуулсан, Монголынхоо түүх, шашин, соёл, үндэсний өв соёлыг их эрхэмд үздэг, энэ талаар өргөн мэдлэгтэй хүн байсан учраас Богд хаан түүнд “Мэргэн” цол хайрласан түүхтэй аж.

Аав нь угсаа залгамжлах агь Гомбожавыгаа сайн багш дагуулан, хар багаас нь эрдэм номд шамдуулан сургах гэхдээ Монгол даяар нэр алдар нь түгсэн номч мэргэн гэгээнтэн Дарва бандид Агваанчойнжуурдондовт шавь оруулсан байна. Тэрээр тухайн үедээ гадаадын сургуульд хамгийн олон удаа суралцсан гэгддэг, басхүү хятад, төвд, манж, англи, орос, франц, герман хэлтэй, боловсрол мэдлэг арвинтай хүн байжээ. Тиймээс ч эцгийнхээ мэргэн хурц ухааныг өвлөсөн Гомбожав “Мэргэн гүн” хэмээн алдаршжээ.

Түүний нэр Гомбожав буюу монголчилбол “Итгэл аврал” хэмээх утгатай. Том хүүгийн араас засаг ноён Мөнх-Очирын гэр бүлд 1908 онд Ванчинбазар, 1910 онд Лувсанцэрэн, 1912 онд Базаржав, 1914 онд Чилхаажав, 1915 онд Сономцэрэн нарын таван хүү мэндэлж өнөр өтгөн айл болсон байна.

Засаг ноён Мөнх-Очир хөвгүүдийнхээ дотроос Гомбожавыг онцгойлон үзэж хэргэм зэргээ залгамжлуулахаар шийдвэрлэж, 1910 онд ахмад хүүдээ засгийн хэргэмээ залгамжлуулах тухай батлан тэмдэглэж мэдүүлснээр Гомбожавт гутгаар зэрэг олгожээ.

1921 оны зун үндэсний ардчилсан хувьсгал ялж, Ардын засаг тогтон, мөн оны сүүлчээр дайн дажин дуусаж, цаг төр амар төвшин болж эхлэв. Ийм учраас Мэргэн гүний хошууны эрх баригчид 1921 оны арван нэгдүгээр сарын 11-нд агь ноёноо хундага холбох ёслол хийж, Гомбожав нутгийн үе тэнгийн бүсгүй болох Цэвээн зайсангийн ууган охин Туваансүрэнтэй гэр бүл болж, анхны хүүхдээ төрүүлжээ. Удалгүй мөн оны арван хоёрдугаар сарын 13-нд Гомбожавт эцгийнх нь зэрэг хэргэмийг залгамжлуулах ёслолыг хийсэн байна.

1922 онд Мэргэн засаг Гомбожавын өрх нэг, адуу жаран гурав, үхэр хорин хоёр, хонь ямаа гурван зуун гучин долоо хэмээн бүртгэгджээ. М.Гомбожав, Ц.Туваансүрэн нар таван хүүхэд төрүүлж өсгөжээ.

 

ТЭР ФРАНЦЫН ЭРДЭМТЭН П.ПЕЛЛИОГИЙН ГАРЫН ШАВЬ

М.Гомбожав Орос, Монголын эрдэмтдийн хамт. 1930 он.

1924 онд боловсролын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдаж, сайд Эрдэнэбатхаан ЗХУ, Герман, Франц, Итали зэрэг оронд очиж, боловсролын ажилтай танилцсаны дараагаар 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хуралдсан Ардын Засгийн газрын 42 дугаар хурлаар Герман, Франц улсад монгол сурагчдыг суралцуулах асуудлыг хэлэлцжээ. Тухайн үед дунд сургуулийн сурагчдаас авхаалж сэргэлэн, сурах авъяас бүхий 35 хүүхдийг сонгон эрхлэгч багш нарын хамт Герман, Франц улсад явуулан хэвлэл, уран дархан, хүн ба мал эмнэлгийн сургуульд суралцуулан ирээдүйн эмч, инженер, эрдэмтэн багш, сурагч нар бэлтгэхийг АГЯ-нд үүрэг болгожээ.

Мөн гадаад улсад суралцаж бэлтгэгдсэн Д.Нацагдорж, Д.Пагамдулам, М.Гомбожав, Ц.Бадамжав нарын цөөн тооны залуусыг ч мөн дээрхи улсад нэмэн суралцуулахаар тогтжээ. Монголчууд өрнөдийн орнуудаас Герман, Францыг онцолж байсан нь энгийн хэрэг бус юм. Франц улс нь монгол судлалын олон зууны уламжлалтай орон байлаа. Франц улсад М.Гомбожав 1927 оны хоёрдугаар сараас 1929 оны дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хоёр жил гаруй амьдарч, ажиллахдаа франц хэлийг гайхалтай төгс эзэмшжээ. БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнгээс М.Гомбожавыг Францад илгээсэн гол зорилго нь нэрт монгол эрдэмтэн П.Пеллиог дагалдуулан хэл шинжлэл, угсаатны зүйн чиглэлээр сургаж эрдэм шинжилгээний ажлын бэлтгэлтэй болгох явдал байв.

П.Пеллио бол хятад, монгол, түрэг, араб зэрэг дорно дахины судлалд гүнзгий нэвтэрсэн, хэл, утга зохиол, түүхийн салбарт өргөн цар хүрээтэй судалгаа хийж, томоохон бүтээл туурвисан, Парисын Сорбонны Их сургуулийн Төв Азийн хэл, түүх, археологийн салбарын эрхлэгчээр ажиллаж шавь нарын хамтаар дорно дахин судлал, нэн ялангуяа дэлхийн монгол судлалыг урагш ахиулахад гарамгай үүрэг гүйцэтгэж байсан нэрт эрдэмтэн байв.

Тэрээр 1929 оноос өөрийн ажиллаж байсан Сорбонны Их сургуульд М.Гомбожавыг суулгахаар тусгайлан хичээллүүлэх болж дараа жилээс нь хятад, түрэг хэл бичиг ба дуу аялгууны ухаанд суралцуулахаар төлөвлөж байжээ. Парист М.Гомбожав суралцахын зэрэгцээгээр хүрээлэндээ дэм тус болохыг хичээж, ном бүтээл сурвалжлан олох, худалдан авах ажлыг эрхэлж байсан ч 1929 онд эргүүлэн дуудагджээ.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УДИРДАГЧААР НЬ ОРОСЫН ЭРДЭМТЭН Н.Н.ПОППЕГ ТОМИЛЛОО

 

Эх орондоо ирээд тэрээр хэл шинжлэл, тайлбар толь, орчуулга зэрэг хэд хэдэн чиглэлд багагүй зүйлийг оролдон, Буриад-Монголын Эрдэм соёлын хүрээлэнд судалгааны ажил хийж “Үсгийн дүрмийн толь бичиг”, ”Шинэ үсэг өөрөө сурах дэвтэр” хэмээх хоёр ч ном хэвлүүлчихсэн, нэг үгээр хэлэхэд, эрдэм судлалын ажилд дадлагажсаны дээр хувийн амьдралаа ч төвхнүүлж, А.Н.Боржонова (монгол нэр -Оюунбилэг) хэмээх бүсгүйтэй гэрлэж хүү, охин хоёртой болсон байв.

Гэтэл 1934 онд М.Гомбожав Дорно дахины судлалын хүрээлэнд шилжүүлж, эрдэм шинжилгээний удирдагчаар Н.Н.Поппе-г томилсон байна. Ийнхүү тэрээр ЗСБНХУ-ын ШУА-ийн аспирантурт албан ёсоор бүртгэгдэж, дорно дахины судлалын эртний салбаруудын нэг монгол судлалыг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан Орос, Зөвлөлтийн үе үеийн эрдэмтдийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болгосон баялаг өв, ховор чухал гар бичмэл, түүхийн дурсгалуудыг үзэж судлах, монголч эрдэмтдээс суралцан, тэднийг дагаж эрдэмтэн болох шинэ үе эхэлжээ.

Энэ үед Дорно дахины судлалын хүрээлэнд Оросын монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд Б.Я.Владимирцов, С.А.Козин, Н.Н.Поппе, В.А.Казакевич нар ажиллаж, тэдний гүн хүндлэлийг хүлээсэн эрдэмтэн, Гомбожавын багш Ж.Цэвээн ШУХ-ийн хүрээлэнгийн томилолтоор ЗХУ-ын ШУА, Ленинградын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүх, хууль цаазны дурсгалуудыг судлан сууж байв. Энэ нь түүнд сурч боловсрох тун таатай нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж болно.

Ийнхүү сурахынхаа хажуугаар Судар бичгийн хүрээлэнгээс ховор ном судар авч унших, заримыг нь хуулж бичих, орчуулахын зэрэгцээ Монголд анхны музей байгуулахад хувь нэмрээ оруулж, элдэв чулуу сэлтийг ч түүж өгч байжээ. Эрдэм номын замд эргэлт буцалтгүй орсон тэрбээр сургуулиа дүүргээд Судар бичгийн хүрээлэнд ажиллахдаа судалгааны цөөнгүй өгүүлэл, шүүмж бичин, 1924 онд анх байгуулагдсан нэр томъёоны комис сын гишүүнээр ажиллаж, хожим Б.Ринчен, С.Шагж, Я.Цэвэл нарын хамт Монгол хэлний тайлбар толь зохиох ажилд хүчин зүтгэж байв. Мөн Ч.Бат-Очир, Бадамжав нарын хамт Хятадын Жанчхүү, Бээжин, Шанхай зэрэг хотод Монголын эх түүхийн холбогдолтой ном судар цуглуулах тусгай томилолтоор явснаас гадна их хаадын түүхийг, тэр дундаа “Цагаан түүх” хэмээх сурвалжийн талаар хүртэл судалгаа хийсэн байдаг

Харамсалтай нь тэрээр 1937 оны наймдугаар сарын 11-нд улс төрийн хэрэгт баригдаж, хэлмэгдсэн билээ.

 

ӨРНӨ, ДОРНЫН МЭДЛЭГ, СОЁЛЫГ ЭЗЭМШСЭН АНХНЫ ЭРДЭМТЭН

 

Тэрээр хүмүүний хорвоод гуч гаруйхан наслахдаа хуучин, шинийн заагт хувьсан өөрчлөгдөж байсан улс нийгэмдээ өөрийн байр суурийг баттай олж, эрдэм мэдлэгийн төлөө цуцалтгүй шамдан, ойрын хөрш, холын улсад суралцан эрин үеийнхээ их найрагч Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөж ирнэ” гэсэн алдарт  үгийг амьдралд хэрэгжүүлсэн нэгэн байлаа. М.Гомбожав балчир багахан насандаа аглаг буйд хөдөө нутагтаа Дарба бандида хутагтын шавь болж, гэгээн багшийнхаа ачаар дорнын эрдэм ухааны охь шимээс хүртэн ухаанаа задалж байсан бол идэр залуу насандаа алс холын Ленинград, Парис хотноо одож, дэлхийн монгол судлалын шилдгүүд болох Монголын Ж.Цэвээн, нараас өрнийн шинжлэх ухааны онол, арга зүйг сурч, мэргэн ухаанаа хурцалжээ.

Ертөнцийг таньж, эрдмийг сурахаар явахдаа уулзаж учирсан нэгэнд гайхалтай сэтгэгдэл төрүүлж, улс Монголоо нэр төртэй төлөөлж байсныг багш Пол Пеллиогийнх нь захидал, Николас Поппегийн дурдатгал нотлон харуулдаг.

Үндэстэн хөгжиж дэвшихийн тулд иргэн бүр эрдэм боловсролтой байхын учир утгыг гүнээ ухамсарласан залуу Гомбожав эх орондоо эргэж ирсний дараа өвгөдийн үлдээсэн эрдмийн их өв, ном судрыг сурвалжлан цуглуулахаар Бээжин, Тянжин, Шанхайд явж, Буриадын Эрдэм соёлын хүрээлэнд ажиллан Толь бүтээж, сурах бичиг гаргаж байв. Түүний амьдрал эрдэм мэдлэгийн их эрэл хайгуул, олз омгоор дүүрэн байсан учраас түүхэнд “Мэргэн” хэмээн алдаршжээ. Харамсалтай нь түүний амьдарч, ажиллаж байсан цаг үед Монгол улс хөгжил дэвшлийн зам мөрөө хайн бэдэрч онох, алдахын их давалгаан дунд байсан болохоор М.Гомбожав улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 36-хан насандаа амь насаа алдсан гашуун түүхтэй билээ.

Тэрээр Монгол Улс тусгаар тогтнож эхлэхэд барууны орнуудад суралцсан анхны монгол хүн байсан төдийгүй гадаад хэлний төгс мэдлэгтэй, өрнийн болон дорнын өндөр боловсролтой сэхээтэн байсныг түүхийн шаргал хуудсууд гэрчилж байна. Эх орондоо төдийгүй Буриадын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь өнөөгийн судлаач, эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм. Дэлхий Монгол Улсыг сонирхон хэдэн зууны өмнөөс судалж ирсэн байдаг ч мэргэн гүн М.Гомбожав бол анхны монголч эрдэмтэн монгол хүн билээ. Монголч эрдэмтэд чуулж буй энэ өдрүүдэд Монголын эрдмийн их хүн Монголын үндэсний сэхээтний нэрт төлөөлөгч М.Гомбожав агсныг цухасхан дурдахад ийм буюу...

Х.Хатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин