sonin.mn
“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Хос-Бэхи” компанийн дэд захирал Ч.Чулуунцэцэгийг урилаа.
 
-Манай улсад бизнес эрхлэхэд олон давааг туулах зайлшгүй шаардлага тулгардаг гэж үйлдвэрлэгчид хэлдэг шүү дээ. Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэх санаа танд хэдийд төрөв?
 
-Би энэ салбарт 10 гаруй жил ажилласан. Найзтайгаа хамтарсан компани байгуулаад нэг жил болж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шинэ загвар гаргахад анхаардаг. Учир нь сүлжмэл бүтээгдэхүүний салбарт дутагдаж байгаа тэр орон зайг нөхөхийг хичээж байгаа юм. Мэдээж үйлдвэрлэл эрхлэхэд тулгарах бэрхшээл бий. Тэр болгоныг тоочоод байвал бүтэх юм нэгээхэн ч байхгүй. Аливаа зүйлийг хийх чин хүсэлтэй бол гарах гарц байдаг. Сүүлийн үед эдийн засаг хямарлаа, амьдрал хэцүүдлээ гэж халаглах болжээ.
 
Гэхдээ амар хялбар замаар бүтэх ажил гэж байдаггүйг санах хэрэгтэй. Манай компани одоогийн нөхцөл байдлыг дагаж уруудах биш, сөрж давахыг хичээж байна. Магадгүй сүлжмэл үйлдвэрлэлийн салбарт байр сууриа олсон том үйлдвэрүүдтэй өрсөлдөн оршин тогтнох хэцүү гэх байх. Гэвч бид өөрийн байр суурийг бэхжүүлж үйлдвэрлэлээ өргөжүүлэн, ажлын байраа нэмэгдүүлэхийн тулд нэг л зүйлийг гол зорилгоо болгосон. Анх бизнесээ эхлүүлэхдээ гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй ажилласан. Мөн шинэ загвар зохион бүтээж бусад үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа.
 
-Бизнесийнхэн татварын орчин таагүй байгааг шүүмжилдэг. Гарааны бизнес эрхэлж эхлэх үед энэ нөхцөл хэрхэн нөлөөлж байна вэ?
 
-Анх компаниа байгуулаад үйл ажиллагаагаа явуулж эхлэх үеэс л хүмүүсийн хэлж байсан нь тулгамдсан асуудал гэдгийг ойлгосон. Гэхдээ тэр бүрийг төрийн буруу гэж нялзаахыг хүсэхгүй байна. Бодлого боловсруулж, шийдвэр гаргадаг хүмүүс мэргэжлийн болон салбар бүрийн мэргэжилтнүүдийн санал бодлыг ажил хэрэг болгох талд анхаарч байх хэрэгтэй болов уу. Би өмнө нь энэ салбарт 10 гаруй жил хувийн хэвшилд ажилласан. Ерөнхий нөхцөл байдал, дүр зургийг мэдэж байсан. Өөрөө бие даан үйлдвэрлэл эрхлэхээр илүү олон зүйлийг мэдэж авч байна. Татварын хувьд зайлшгүй төлөх учиртайг үгүйсгэх хүн байхгүй. Харин зарчим, дүрэм журам нь бизнес болон үйлдвэрлэлийг хөгжихөд түлхэц болохоор таатай байх учиртай.
 
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийг урамшуулдаг механизм дутагдаад байх шиг санагддаг. Тухайлбал, эхлэлтийн бизнесийг хэрхэн дэмжих, хөгжүүлэх талд анхаармаар байгаа юм. Бусад орнуудын жишгээс харахаар тэд татварын бодлогоор дэмжин тухайн бизнесийг хөл дээрээ тогтох таатай хөрсийг бүрдүүлсэн байдаг юм билээ. Гэтэл манайд эсрэгээрээ компани байгуулсан бол бусад компаниудтай адил тайлан тооцоо гаргана, татвар төлнө. Энэ нь эхлэлтийн бизнес эрхлэгчдэд дарамт учруулдаг. Учир нь тэд аж ахуйн нэгж эрхлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх, юунд анхаарлаа хандуулах, тайлан тооцоогоо хэрхэн гаргах вэ гэдэг мэдээлэл дутмаг байгаагаас алдах тохиолдол гардаг. Тиймээс таагүй гээд байвал аятай санагдах зүйл олдохгүй. Харин таагүй зүйлийг таатай болгохын төлөө хичээх хэрэгтэй.
 
-Өнгөрсөн дөрвөн жилд үйлдвэрлэгчдийн дэмжих төсөл хөтөлбөр боловсруулан ажилласан нь зарим талаар үр дүнгээ өгснийг зургадугаар сард болсон үзэсгэлэнгээс харж болох байх. Гэхдээ байгаа онож буудахгүй байна гэх гомдол гарсаар л байх юм?
 
-Манай компанийн хувьд үйл ажиллагаагаа явуулаад нэг их удаагүй байна. Тиймээс хөнгө­лөлттэй зээл болон өөр бусад хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж байгаагүй. Ямартай ч өөрсдийн нөөц болол­цоогоор юу хийж ча­дах вэ гэдгийг хүмүүст ха­руулахаар зүтгэсэн. Ажлын байртай бо­лох, ажиллах хүчээ нэмэгдүүлэх, үйлд­вэр­лэлийн хүчин чадлыг өсгөхийн тулд сан­хүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Үүний тулд арилжааны банкнаас зээл авна гэвэл үйлдвэрээ хөл дээр нь босгож чадахгүй гэдгийг салбартаа ажиллаж байгаа бусад аж ахуйн нэгжийнхээ туршлагаас харж байна. Ер нь манай улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих зээлийн хүү өндөр байгааг хүмүүс хэлдэг шүү дээ. Энэ бодит үнэн.
 
Жишээлбэл, “А” гэдэг үйлдвэр үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр арилжааны банкнаас зээл авчээ. Өмнө нь 5-6 ажилтантайгаар хэвийн ажиллаж байсан ч зээл авснаасаа хойш байдал бүр муудаж байгааг компанийн захирал нь ярьж байгаа юм. Яагаад гэвэл, урд нь цалин, түүхий эд худалдаж авах, ажлын байрны түрээс болон бусад зардалд мөнгө зарцуулдаг байж. Гэтэл зээл авснаас хойш байдал сайжрах биш улам дордож байна гэж ярьж байсан. Эндээс харвал бизнесийн зээлийн хугацаа болон хүүг боломжийн төвшинд хүргэх хэрэгтэй гэж санагддаг. Энэ мэтээр бэрхшээл тоочоод байвал дуусахгүй. Тэгэхээр үйлдвэрлэгчид хатууг сөрж, зах зээлд өрсөлдөх чадвартай байх ёстой.
 
-Танай салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчний тухайд та юу гэж боддог вэ?
 
-Үйлдвэрлэл эрхлэхэд боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн. Сүүлийн жилүүдэд дээд боловсрол гэж хэт хошуурснаас ажиллах хүч дутагдаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд мэргэжилтэн бэлтгэхэд түлхүү анхаарч байсан ч учир дутагдалтай байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хатуухан хэлэхэд их, дээд сургуульд сурчихаад байгууллагын үүд сахиад суух нь оновчтой шийдэл биш. Эдийн засгийн хувьд ч халгаатай. Дөрвөн жил сурах хугацаанд зарцуулсан мөнгө салхинд хийссэнээс ялгаагүй. Тэгэхээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургуулийн тоог нэмэх нь зүйтэй.
 
Бас нэг зүйлийг онцолмоор байна. Мэргэжлийн сургалтын төв, политехникийн кол­леж төгсөөд ирж байгаа хүүхдүүд тууштай ажиллах сэтгэл дутуу байдаг. Үүнийг анхаарч сургалтынхаа хөтөл­бөрт дадлагажих хугацаа, ажил хийх явцад тулгарах бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ гэдгийг суралцагсдад ойлгуулмаар байгаа юм. Оюутнууд суралцаж байх хугацаандаа ажлын дадлагыг орхигдуулсан гэдгээ мэддэггүй, хүнээс хатуу үг сонсох чадваргүй байгаа нь шаардлага тавихад хүлээж авахгүй байгаагаас харагддаг. Их дээд сургуульд хүн төлөвшдөг. Харин мэргэжлийн сургуульд хө­дөл­мөрлөх чин эрмэл­зэлтэй болдог. Тиймээс мэргэжлийн сургууль төгссөн оюутан, их сургууль төгссөн хүүхэд хоёрын ажилд хандах хандлага эрс ялгаатай харагддаг юм. Би компани байгуулснаас хойш ажилд орохоор ирсэн нэлээдгүй хүнтэй ярилцаж байсан.
 
Тэд нэн түрүүнд “Цалин хэд вэ” гэж асуудаг. Хүн өөрийн бүтээмжийнхээ хэ­рээр цалин авдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дадлагажиж, туршлагажихынхаа хэрэ­эр авах хөлс нэмэгддэг шүү дээ. Тухайлбал, сүлжмэлийн салбарт таван жил ажилласан, сургууль төгсөөд ирж байгаа хоёр хүний цалин өөр байх нь тодорхой. Гэтэл өмнө нь ажиллаж байсан хүнтэй ижил төв­шинд ажлын хөлс авахыг хүсээд байдаг. Үүнийг бас бодолцох хэрэгтэй.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин