sonin.mn
БЕРЛИН. /Politico/. Европын Холбоо хилээ өөрөө хамгаалж чадна, дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд Турктэй хэлэлцээр байгуулах шаардлагагүй гэж Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курц мэдэгджээ.
 
"Туркийн иргэдийг визгүй зорчуулах асуудалд ЕХ-ны удирдагчид хөнгөн хуумгай хандаж болохгүй. Бид Туркийн дарамтад орж болохгүй бөгөөд бидэнд “В” төлөвлөгөө хэрэггүй. Харин бидэнд сайн “А” төлөвлөгөө хэрэгтэй. Мөн бидэнд өөрийнхөө хилийг хамгаалах чадвартай хүчирхэг Европ хэрэгтэй" гэж тэрбээр Германы “Focus” цахим хуудсанд мэдэгдсэн байна.
 
Мөн тэрбээр, Европ руу хууль бусаар ирж байгаа хүмүүсийг хилийн гаднах арлуудад байрлуулж, гуравдагч орнуудад байрлах дүрвэгсдийн төвүүд рүү илгээх хэрэгтэй гэж мэдэгдэлдээ дурджээ.
 
Австри нь өнгөрсөн нэгдүгээр сард цагаач, дүрвэгсдийн тоог хязгаарлах арга хэмжээ авч, 2019 он хүртэл 127 500 орогнол хүсэгчийг хүлээн авна гэж мэдэгдсэн билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг