sonin.mn
БЕРЛИН. /Politico/. Турк Улс нь лалын босогчдын бүлэглэлтэй хамтран ажиллаж, Ойрхи Дорнод дахь террорист байгууллагуудад дэмжлэг үзүүлж байсан гэж Германы Засгийн газар мэдэгдсэнийг “ARD” телевиз мэдээлэв.
 
Зүүнийг баримтлагч “Die Linke” нам парламентын хурлын үеэр Германы Дотоод хэргийн яамнаас асуулт асуух үед тус яамны албаны хүн хариулахдаа дээрх үзэл бодлыг тусгасан байна. Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лалын босогчид болон “Хамас” зэрэг террорист байгууллагуудтай явуулж буй хамтын ажиллагааг дэмждэг гэж яам мэдэгдэлдээ дурджээ.
 
Египетийн “Лалын ахан дүүс”, “Хамас” болон Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч лалын босогчдын бүлэглэлүүдийг дэмжиж, эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн үйл ажиллагааг Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам болон Эрдоган явуулж байгаа нь тэд лалын босогчидтой үзэл суртал нэг байгааг харуулж байна гэж мэдэгдэлд дурдав.
 
Мөн 2011 оноос хойш явуулж байгаа Туркийн лалын шашинжсан гадаад болон дотоод бодлогын үр дүнд тус улс Ойрхи Дорнод дахь лалын босогчдын бүлэглэлийн төлөөх үйл ажиллагааны төв платформ болсон байна гэдгийг Германы Тагнуулын газрын мэдээлэлд үндэслэн тогтоосон байна гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг