sonin.mn
ШӨХТГ-аас Яаралтай тусламжийн төв-103 болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХНН-д шалгалт хийсэн талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр өнөөдөр танилцууллаа.
 
Яаралтай тусламжийн төвд хийсэн шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд аль нэг иргэн дуудлага өгөхөд хамгийн багадаа 1 цагийн дараа эмч ирдэг. Энэ мэт асуудлаар иргэдийн гомдлын дагуу долдугаар сарын 22-нд шалгалт хийсэн. Олон улсын стандартаар Яаралтай тусламжийн төвд хэд хэдэн оператор дуудлага хүлээн авч, эмч болон автомашинуудаа хуваарилдаг. Гэтэл манай Яаралтай тусламжийн төвд нэг жижүүрийн оператор жижүүрлэж, хувийн гар утсаараа холболт хийж байсан. Энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна. Мөн Яаралтай тусламжийн төвд 1990 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байна” гэв.
 
УБТЗ ХНН-ийн хувьд ШӨХТГ-тай зөвшилцөлгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил тогтоогдсон байна. УБТЗ ХНН-ын даргын зургадугаар сарын 20-ны тушаалаар, тус байгууллагаар үйлчлүүлэх үнэ тариф нэмэгдсэн бөгөөд тарифыг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монополь аж ахуйн нэгж тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой байдаг. Гэтэл “УБТЗ”-ын хувьд ийнхүү өөрчлөлт хийхдээ ШӨХТГ-аар хянуулаагүй учир хуулийн дагуу 2015 оны нийт орлогын 3 хувь буюу 1.8 тэрбум төгрөгийн торгууль тавьсан гэж ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдэгдэв.
 
 М.Дайриймаа
Гэрэл зургийг: Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцам"эагентлаг