sonin.mn
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал  энэ сарын 25-нд болно. Энэ үеэр тус намынхан УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнг нухацтай хэлэлцэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох асуудал яригдахын сацуу хамгийн гол нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгон, намынхаа их хурлаараа хэлэлцүүлэхэд бэлэн болгох учиртай. 
 
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоолыг хэлэлцэж, Шинэчлэлийн  Засгийн газрыг огцруулах товч дарсан  Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа тэргүүтэй  АН-ын найман гишүүнийг намаас хасах саналыг энэ үеэр оруулахаар шахаж буй аж.
 
Харин мөнөөх 8 гишүүний хувьд үүнтэй огт санал нэгдэхгүй байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ сонгуулийн хуулийн маш муу хувилбарыг сонгосон З.Энхболд, Б.Гарамгайбаатар тэргүүтэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй юм байна.
 
Тэр бүү хэл Э.Бат-Үүл, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Л.Болд гэсэн АН-ын даргын марафонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмэгдсэн аж. Тэрээр АН-ыг эрс шинэчлэх хөтөлбөр боловсруулж буй гэх бөгөөд үүнийгээ АН-ын ҮЗХ болон их хурал дээр танилцуулах юм байна.
 
Э.Мягмар