sonin.mn
Монголын нам, төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой удахгүй болно. Удирдагч, улс төрийн томоохон зүтгэлтний тухайд “Нэрт” гэсэн тодотгол хэрэглэж байдаг. Аль ч тодорхойлолт нь Ю.Цэдэнбалд томдохгүй гэж бодогдоно. Тэрбээр улс орны удирдлагад 44 жил зүтгэсэн нь энэ цаг үед хосгүй үзүүлэлт юм.
 
Алдаа онооны тухай яриаг Монгол орон түүний удирдлагаар хөгжил дэвшилд хүрснииг үгүйсгэх аргагүй. Энэ их хүний мэндэлсний ойг тохиолдуулан түүний хүү Ц.Зоригтой   1996 онд хийсэн ярилцлагаа сонин байх болов уу хэмээн дахин хүргэж байна.
 
Дашрамд хэлэхэд, Ю.Цэдэнбалын бага хүү Ц.Зориг, 1999 оноос Монгол Улсын иргэний эрхээ сэргээлгэсэн, одоо Москвад амьдарч, эрдэм шинжилгээний нэгэн хүрээлэнд ажиллаж байна. Тэрбээр Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбал академийн ерөнхийлөгч юм. Гэр бүлтэй, гэргий нь Хиагтын буриад Дариймаа. Тэд Далай ламын захиалгаар "Гэсэр" туульсыг англи хэл рүү хөрвүүлэх ажил эрхэлж байхдаа танилцсан аж.
 
Цэдэнбалын Зориг бид хоёр  «Улаанбаатар» зочид буудлын давчуухан өрөөнд ярилцав. Нэг биш хоёр ч удаа уулзлаа. Ингэхийн учир гэвэл бид хоёрын яриа дөнгөж эхэлж байтал түүнийг Хуримын ордны захирал үдийн зоогонд уриад явчихав. Зоригийн ээж А.И.Филатова гуай Брежнев даргыг Монголд нэгэнтээ ирэхэд нь «хатгаж» байж бэлгэнд авсан ордны захирал түүний ач тусыг бодож байгаа нь зөв өө гэж эрхгүй санагдсан. Ц.Зориг костюм өмсч, зангиа зүүдэггүй, авсаархан, хөнгөн хувцасладаг эр бололтой. Москвагаас манай хуучин дарга нарын өмсдөг эрт үеийн даргар савхин цамцтай ирж л дээ. Ойн арга хэмжээнд тэр шүү дээ. Бас элэгдэж цайрсан жинстэй ирсэн юм байлгүй. Ингэхлээр Гэрлэх ёслолын ордны захирал орчин үеийн савхин цамц, бас жинсэн өмд авч өгчээ.
 
Ю.Цэдэнбалын тухайд Төрийн тэргүүн, улс төрийн зүтгэлтний нь хувьд бишгүй ярьж бичицгээсэн, одоо ч бичиж л байна. Харин Ц.Зориг гэж хэн бэ гэдэг нь том дарга, «авгай» хоёрын сүүдэрт үлдсэн нь үнэн юм. Тийм болохоор түүнтэй би энэ тухай ярилцахаар шийдсэн билээ.
 
-Бага насныхаа талаар хуучлаач. Дарга нар, тэр тусмаа төрийн тэргүүний хүүхэд үйлийн эрхээр бусдаас тусгаарлагдчихдаг. Таны хувьд ямар байв. Асрагчтай байв уу?
 
-Сүүлчийн асуултаас эхэлж хариулъя. Асрагчтай байсан. Таван нас хүртлээ болов уу, сайн санахгүй байна. Тэр орос эмэгтэй манайд, бидэнтэй нэг дор аж төрдөг байлаа. ”Тусгаарлагддаг” гэдгийг ямар утгаар хэлж байгаад учир байх болов уу. Багадаа би үйлчилгээний ажилтнууд тухайлбал жолооч, комиссар, эмч нарын хүүхдүүдтэй тоглож наадаж явсан. 
 
Энэ тухайд дээдэс, доодсын ялгаа гэж байгаагүй. Эцэг эх маань үүнийг хорьдоггүй байв. Харин нэгэнт би улсын удирдагчийн хүүхэд байсан болохоор энгийн ардын хүүхдүүд надтай тоглохоос болгоомжилж бэргэдэг юм байсан л байх. Энэ утгаараа бол "тусгаарлагдах" биш, ямар нэг хязгаар байсан биз.
 
-Аль сургуульд сурч байв? Таны арван жилийн монгол анд нөхөд чинь хэн бэ, тэдэнтэйгээ уулзаж учирдаг уу?
 
-Би эхлээд төмөр замын ойролцоох Зөвлөлтийн хоёрдугаар дунд сургуульд сурч байсан. Гуравдугаар сургуулийг төгсгөсөн. Монгол сургуульд яагаад суралцаагүй тухайд бол тэр үед Зөвлөлтийн сургуульд боловсрол өгөх төвшин үнэндээ илүү байсан шүү дээ. Өндөр мэргэжлийн багш нар ажилладаг байв. Ганцаараа би тэнд сурч байсан гэвэл үгүй. Тэр сургуульд надаас гадна дөрөв, таван монгол хүүхэд суралцаж байсан. 
 
Мэдээжээр бидний үерхэл нөхөрлөлд ямар нэг ялгаа, саад тотгор байгаагүй. Жишээлэхэд, бага ангид сурч байхад намайг авахуулахаар эцэг маань машинаа явуулдаг байсан юм. Тэр үед Төрийн тэргүүн одоогийнх шиг хэд хэдэн машин, олон бие хамгаалагчтай байгаагүй. Манайхны зарим нь хол гэртэй. Тэднийг хүргэнэ. Нэг үгээр хэлэхэд, бид дарга цэргийн ялгаагүй, Төрийн тэргүүний машинаар хүргүүлж байсан хэрэг. Нэг ангийн монгол нөхдийн тухайд бол Сарантуяа, Тогтох, Жамсран, Цолмон, Болд гээд хүүхдүүд хамт сурч байсан. Одоо тэд хаана явааг би мэдэхгүй. Харамсалтай нь 1984 оноос хойш бидний холбоог тасалчихсан...
 
-Үерхдэг, бас өөрт чинь таалагддаг монгол охин байсан уу?
 
-Байгаагүй. Түрүүчийн асуултыг гүйцээж нэг зүйлийг хэлэхэд 1984 оноос монголчуудыг Цэдэнбал болон түүний гэр бүлийнхэнтэй уулзахыг хориглочихсон. ЗХУ-ын талаас ч, Москва дахь Монголын ЭСЯ-ны зүгээс ч тэр. Тэр хориг нь сүүлд мэдэхэд бүр 1993, 1994 он хүртэл үргэлжилсэн байгаа юм. 1995 онд Увсад очиж, нутгийнхантай уулзахад тэд 1993 онд Москва орж, бидэнтэй уулзах гэхэд ЭСЯ-ныхан зөвшөөрөөгүй, хаяг нь байхгүй гээд өгөөгүй гэж ярьцгаасан.
 
-Монголчууд "аавын хүү","ээжийн хүү" (Бид хоёр амархан ойлголцохоо бодож орос хэлээр ярилцав. Харин энэ үгийг монголоор хэлж, ойлгосон уу гэж асуухад тэрбээр мэднэ, мэднэ гэж монголоор хариу барив) гэж ярьдаг. Та хэний нь хүү вэ?
 
-Аавын хүү (монголоор хэлэв) Хүүхэд ахуйд аавыгаа тэр болгон олж үздэггүй байсансан. Унтаж байхад ажлаасаа ирээд, унтаж байхад яваад өгнө. Дандаа л ажил дээрээ байна. Сэтгэл зүрхээрээ бол бид хоёр шиг дотно улс байгаагүй.
 
 
-Аавтайгаа хамт өнгөрөөсөн, сэтгэлд хоногшсон өдөр, тэр үеийн үйл явдал юу байв?
 
 -Нэг өдөр, нэг үйл явдлыг онцолж нэрлэх аргагүй. Янз бүрийн л юм болдог байлаа. Тун хааяа аавтай хамт загасанд явна. Аав маань тийм ч сүрхий загасчин биш. Анд явах дургүй. Ан амьтныг өрөвдөөд байдаг юм гэж ярина. Намайг том болсон хойно миний санаачилгаар хааяа нэг анд явдаг байсан. Ер нь тэр үеийн тухай би дурсамжийн ном бичих учир бүтцийг дэлгээд яахав.
 
-Таныг өсгөж хүмүүжүүлэхэд Цэдэнбал гуай ер нь оролцдог байв уу?
 
-Их ажилтай байсан тухай би түрүүн хэлчихсэн. Энэ нь л надад бүр багаас бэлээхэн үлгэр жишээ болдог байв. Түүх, улс төр, эдийн засгийн гээд янз бүрийн ном их уншина. Ингэхдээ мөр мөрөөр нь зурж, бас энд тэнд нь зурж, тэмдэглэл хийж уншина. Энэ нь ч надад эрдэм, мэдлэг хөөх нөлөө үзүүлсэн гэж боддог. Манайх чинь маш баялаг номын сантай байсан шүү дээ.
 
-Түүнээсээ Цэдэнбал гуай хэр олныг Москва руу авч явсан бол?
 
-1984 онд хүний эрхээр Москвад очих үедээ гурав, дөрвөн ном л авч явсан. Түүнээсээ хойш Монгол руугаа ирэхийг ямагт хүсч, шаардаж байсан боловч огт зөвшөөрдөггүй байв. Тэгсээр 1988 оны сүүлчээр нэг юм Монголд ирээд буцахдаа түүний ач буюу манай охинд зориулж багадаа уншиж байсан үлгэрийн номуудыг минь, бас дэлхийн хоёрдугаар дайны тухай хэдэн ном аваачсан.
 
Мөн нэрт хүмүүсийн дурсамжийн номууд авч очсон. Энэ бүхэн нь аав бид хоёр түүний дурдатгалын номыг бичиж байсантай холбоотой юм. Аав минь хэлж, би магнитофонд бичиж авдаг байсан юм. Энэ бол 1985-1988 оны үе, одоо тэр бүхнийг хэвлүүлэхэд бэлэн болгоод байгаа. Багаахан хэсгийг нь ОХУ-ын ШУА-ийн "Восток" (Дорно дахин) сэтгүүлд хэвлүүлсэн. Дурсамжийг бүхэлд нь Цэдэнбалын өвийг хамгаалах санд шилжүүлсэн.
 
-Уучлаарай, 1985-1988 он гэдэг чинь Цэдэнбал гуайн ой ухаан суларсан, мартах, санах болсон үе биз дээ?
 
-Мартах, санахын тухайд залуу, хөгшингүй хэнд ч байдаг шүү дээ. 1984 оны наймдугаар cap хүртэл аавын эрүүл мэнд хэвийн байсан. Харин тэр үед хүчтэй тарилга хийснээс эрүүл мэнд нь эрс муудсан юм. Эмнэлэгт хэвтээд гарсан хойноо бие нь жаахан сайжраад тарилга муугаар нөлөөлснөөс сүүлдээ муудсан. 
 
1984 оны төрийн эргэлт түүнд маш хүчтэй цохилт болсон. Эцэг маань үнэндээ гэрийн хорионд байсан шүү дээ. Эх орон руу нь очуулахгүй. Энэ бүхнээс болж эрүүл мэнд нь муудсан. Тэр эм, тарилга тархинд нь нөлөөлж, амьдралынх нь сүүлийн жилд байдал тун хүнд болсон. Нэг үгээр хэлэхэд түүний эсрэг хийсэн улс төрийн хэлмэгдүүлэлт эрүүл мэнд нь муудахад гүн нөлөөлсөн дөө.
 
-Та "төрийн эргэлт" гэж номондоо ч бичсэн, одоо ч ингэж ярих юм. Ш.Г.Надировын бичсэн, Монголын сонин хэвлэлд хэсэг бусгаараа гарч, орчуулагдан хэвлэгдэж буй номонд арай өөрөөр өгүүлсэн байна лээ. Надиров гуай ЗХУКН-ын Төв Хорооны Монголын тасагт ажиллаж, халуун цэг дээр нь явсан хүн шүү дээ.
 
-Надиров ихийг мэдэх хүн. Үнэхээр тэр гал тогоонд ажиллаж байсан. Түүний номонд үнэн зөв, шинэ шинэ баримт олон байна билээ. Тэр бүхнийг дагуулаад ялангуяа 1984 оны төрийн эргэлт, үйл явдлын тухай цэвэр худал хуумаг дүгнэлтийг чадалтай нь аргагүй шургуулсан байгаа юм. Ингэхдээ өөрийгөө болон хамт ажиллаж байсан нөхдөө цагаатгах зорилго тавьжээ гэж бодогдсон.
 
Тусгаар тогтосон нэг орны Төрийн тэргүүнийг өөр нэг оронд хорино гэдэг чинь аль ч талаас бодоход гэмт хэрэг биш юм уу. ("Ю.Цэдэнбал. 1984 он" гэдэг номонд Ц.Зориг шүүмж бичсэнийг олж үзэв. Түүндээ "1984 оны эргэлтийг төлөвлөж, зохион байгуулж хэрэгжүүлэхэд Надиров биечлэн оролцсон... Ажил төрлийн хувьд Надиров Монголтой байнга холбоотой байсан учир би түүнийг сайн мэддэг, 1984 оны эргэлт хүртэл Улаанбаатар ч, Москвад ч олонтаа уулзаж учирч байв. Эргэлтээс хойш бид үндсэндээ тааралдаагүй. 1993 онд Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллахаар иргэн Надиров 1991 оноос эхлэн тэнд алба хашиж эхэлсэн ажээ. Надировтай хамт ажилласан хоёр, гурван жилд тэрбээр энэхүү гэмт хэрэгт оролцсоныхоо хариуцлагыг сайтар ойлгон ухамсарладаг нь эрхгүй мэдрэгдсэн билээ. Гэхдээ номондоо мэдээжээр үүнийг огт бичээгүй байгаа юм. Гагцхүү энэхүү гэмт үйлдэлд оролцсон хүмүүс ямар бохир хэрэгт гар дүрснээ сэтгэлээрээ ойлгох ёстой гэж бид боддог. Жил орчмын өмнө би 1984 онд Цэдэнбалын орос бие хамгаалагч нарын дарга нь байж түүнийг баривчлах дэглэмийг ёсчлон гүйцэтгэсэн КГБ (УАХХ)-ийн нэгэн офицертой гудамжинд тохиолдлоор дайралдав. Тэрбээр 1984 оны энэхүү үйл явдлаас хойш 1991 оны намар хүртэл КГБ-ийн есдүгээр газар ажиллаж байснаа надад ярив. 1991 онд нөгөөх наймдугаар сарын "хунт" болж мань эр бие хамгаалагчаар нь ажиллаж байсан ЗХУ-ын дээд удирдлагын нэгэн хэрэгт татагдсан гэнэ. Т хэмээх энэ офицер ажлаас халагдсан байна. Тэр хүн өөрийнхөө хариуцлагыг ойлгож байна даа гэж би бодсон. Юу гэвэл тэрбээр тэр үед хийснийхээ төлөө надаас уучлал гуйсан юм" хэмээн өгүүлжээ.)
 
-Ой ухааны сулрал гэдэг нь эмнэлгийн оношинд ч бий, хамт алба хашиж байсан зарим хүмүүс ч ярьдаг. Тэгтэл Та огт өөрийг нотлоод байх юм...
 
-Тэр бүхнийг нүдээрээ үзсэн амьд гэрч нь би байна. Мартах бол хэнд ч тохиолддог гэж түрүүн хэлсэн. Үнэндээ бол 1984 онд тэгж эмнэлэгт хэвтсэнээс хойш эрүүл мэнд нь эрс муудчихсаныг би баттай мэднэ. Илэрхий ямар нэг төлөвлөгөө байсан нь харагддаг юм. 
 
Өглөө зүгээр байсан хүн чинь тарилга хийлгэчихээд орой ирэхэд юу ч ойлгохоо больчихдог байсан. 1984 оны наймдугаар сарын эхээр Батмөнх, Моломжамц нарыг, дараа нь Рагчаа, Намсрай нарын хүн очсон тэр өдрүүдэд, ер нь төрийн эргэлтийн 11-12 хоногт маш өндөр тунгаар тарилга хийчихдэг нь ажиглагдаж байсан.
 
-Хоёр орны тэр үеийн удирдагчдын хуйвалдаан гэж Та хэлэх гээд байна уу?
 
-Хоёр орны гэх нь юу юм, гол нь Москвагаас Зөвлөлтийн удирдагчдын хийсэн ажил даа. Хэн хэн голлон оролцсоныг Надиров харин тэр номондоо нэрлэчихсэн байна лээ. Гуньж гутмаар юм олон бий.
 
 
-Өөр юу гэж...?
 
-Жишээлэхэд оршуулгын ёслол. Аавыг таалал төгсөхөд чухам хаана оршуулахыг бид мэдэхгүй байв. Тэгэхэд Монголд түүний эсрэг хэрэг үүсгэчихсэн байлаа. Тийм болохоор эх оронд нь оршуулж болох эсэх нь бүү мэд. Гэнэт Монголд оршуулна гэсэн Монголын Ерөнхийлөгчийн шийдвэрийг бидэнд уламжлав. Аав минь өөрөө бидэнд “Намайг Монголд минь оршуулаарай” гэж гэрээсэлсэн. Энэ бол түүний сүүлчийн гэрээслэл байв. 
 
Москвагаас нисэж ирээд л үй түмэн асуудалтай тулгарсан. Монголын удирдагчдын хандлага үнэхээр муу байв. Уг нь хэн нэгэн нэртэй хүн хорвоогоос халихад хүний ёсоор хоёр гурван хоног салах ёс гүйцэтгэх боломж олгодог биз дээ. Гэтэл тэгсэнгүй, хоёрхон цагийн зөвшөөрөл өгөв. Эцэгтэй минь салах ёс гүйцэтгэе гэсэн хүмүүс бишгүй олон, бас хөдөө гадаанаас ах дүүгээ ирүүлье гэтэл ийнхүү хааж боогоод эхэлсэн. 
 
Энэ бол Монголын засаг захиргаа нэгэн үед улс орноо удирдаж байсан хүнийг төдийгүй, ард түмнээ хүндэтгээгүй хэрэг шүү дээ. За тэгээд нөхрийгөө дөнгөж оршуулчихаад зочид буудал руу ээжийг минь очтол мөрдөн байцаагч хүрч ирсэн.
 
-Шууд л тэр үү?
 
-Тийм. "Дөнгөж оршуулгаас ирж байхад энэ чинь юу гэсэн үг вэ. Арга ядахад маргааш болооч" гэж бид гуйв. Тэгсэн чинь явчихаад үдээс хойш дахин ирээд ээжийг минь шөнийн 12 цаг хүртэл байцааж байгаа юм даа. Ийм доромжлол гэж ер нь байх уу? Мөрдөн байцаагчийн буруу гэж юу байхав, дээрээс нь заалт өгсөн хэрэг.
 
Геологийн яамны сайд байсан Хурцыг гэрчээр дуудаж нүүрэлдүүлэв. Хань нөхрөө алдана гэдэг шиг хүнд гарз ер нь үгүй. Түүн дээр нь нэмээд энэ байцаалт, удирдлагаас улбаатай маш хүнд уур амьсгал... 
 
Ингээд дууссан бол бас ч яана гэхэв. Москвад бидэнд оршуулгатай холбоотой зардлыг Монголын Засгийн газар даана гэж албан ёсоор мэдэгдсэн учир бид мөнгө төгрөг авч гараагүй юм. Тэгсэн чинь оршуулгын дараа зочид буудал, хоол, унааны болон бусад зардлыг та нар төл гээд тооцооны хуудас гардуулдаг байгаа. Их тэнгэрт буудал, хоолны үнэ бусдынхаас өндөр. Ингэхийг мэдсэн бол тэнд биш, хямдхан шиг буудал олоод байрлачихаж болох л байсан шүү дээ. Бид мөнгөний эрэлд гарцгаав. Тэр үеийн 14 мянган төгрөг гэдэг тун их мөнгө. Яаж ийгээд тэр мөнгийг олцгоов.
 
Уг нь нэг ирсэн улс Монголдоо хэд хонож, хүний ёсоор ах дүү, садан төрөлтэйгээ уй гашуугаа хуваалцах хүслэн бидэнд байсан. Тэр үед Москва руу онгоц долоо хоногт хоёрхон удаа нисдэг байсан шиг санагдана. Үүнд хавчигдаад буцах гэтэл онгоцны зардал байдггүй. Ашгүй Монголын Батлан хамгаалах яам бидэнд Элчин сайдын яаманд рублиэр төлөх болзолтойгоор мөнгө зээлдүүлэв.Түүнийг нь Москвад очоод эргүүлээд төлчихсөн.Одоо өр байхгүй. Нисэж очоод Анастасия Ивановна бүтэн сар эмнэлэгт хэвсэн..
 
-Кремлийн эмнэлэгт үү. Дашрамд асуухад та бүхэн одоо ямар эмнэлэгт үйлчлүүлж байна вэ?
 
-Кремлийн эмнэлэг буюу ЭМЯ-ны дөрөвдүгээр удирдах газарт хэд хэдэн төвшин байдаг юм. Аавыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад гэр бүлийнхэн нь бүгдээрээ хамгийн гол эмнэлэгт нь үзүүлдэг, эмчлүүлдэг байв. 1984 оноос аавыг нас нөгчих хүртэл тэтгэврийнхнийг үздэг гуравдугаар гэмээр ч юм уу төвшинд очицгоосон. 1990 оноос дүүргийн жирийн эмнэлэгт шилжсэн.
 
-Та өөрөө одоо ямар алба хашиж байна вэ?
 
-Өнөөдөртөө би ажилгүй. Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд гурван жил ажиллаад гэрээт хугацаа маань дууссан учир ажлаасаа гарсан. Гэрээгээ сунгана гэхээр Академи мөнгөгүй. Орост эрдэм шинжилгээний ажилтны амьжиргааны төвшин доогуур, маш бага цалин авдаг хэр нь тэр. Наймдугаар сард гадаадын нэг орны ЭСЯ-нд cap орчим ажилласан.
 
-Гадаадын ямар хэл мэдэх вэ?
 
-Англи, франц хэл мэднэ. ЭСЯ-нд энэ чиглэлээр ажил хийсэн.
 
-Монголоор ойлгож, ярина биз дээ?
 
-Зөвлөлтийн сургуульд байхдаа тусгай багшаар монгол хэл заалгасан. Их туршлагатай, сайн багш. Надад худан бичиг ч заасан. Харамсалтай нь монгол хэл, бичгийг мартчихсан. Үнэндээ олон жилийн турш хэлний практик тасарсан. Яахав, зарим нэг үгийг, хүмүүсийн ярьж байгааг ерөнхийд нь ойлгоно.
 
-Та ямар ямар сургууль төгсөв. Ямар сэдвээр докторын зэрэг хамгаалав?
 
-Москвагийн их сургуулийн биологийн ангийг төгссөн. Энэ бол миний нэгдэх мэргэжил. Хоёрдахь нь гэвэл олон улсын эдийн засгийн харилцаа. Би 1983-1986 онд Москвад Гадаад худалдааны академид суралцсан. Биофизикийн сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан.
 
 
-Мэргэжлээ сонгоход аав, ээж тань нөлөөлсөн байлгүй
 
- Мэргэжлээ өөрөө л сонгосон. Аав, ээж маань ер оролцоогүй.
 
-Таны хоббий?
 
-Янз бүрийн л юм бий дээ. Фото хөөцөлддөг. Нэг удаа Улаанбаагарт болсон олон улсын "Интерпрессфото" үзэсгэлэнд гурван зураг тавьж оролцсон. Аавынхаа амьдралын сүүлчийн жилүүдийг фото хальсанд авч үлдсэн. Дээхэн үед явган аялал, жуулчлалд дуртай байлаа. Одоо бол мөнгөгүй юм чинь яах билээ дээ.
 
-Таныг Монголын иргэн болох хүсэлт гаргаж байсан гэж сонссон юм байна...?
 
-Би чинь монгол паспорттай байсан хүн шүү дээ. ЗХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд 1983 он хүртэл дипломат паспорттай байлаа. 1983 оны есдүгээр сараас дээр хэлсэн Гадаад худалдааны академид Монгол Улсын иргэний хувьд, Монголын нэр дээр элсэн суралцсан. Миний оюутны тэтгэлгийг ч Монгол Улс төлж байв. 
 
Дараа нь мөнөөх эргэлт гарч паспортыг маань хураагаад авчихсан. Ингээд бараг бүтэн жил надад хаанахын ч, ямар ч паспорт байгаагүй. Ухаандаа аль ч орны иргэн биш байсан хэрэг. Тэгсээр 1987 онд Зөвлөлтийн паспорт өгсөн. Би өнгөрсөн жил Монголын иргэнээр эргүүлэн тогтоож, монгол паспортыг минь эргүүлж өгөөч гэдэг асуудлыг Цэдэнбалын сангаар дамжуулан тавьсан юм. 
 
Тэр нөхөд Гадаад харилцааны яам, Засгийн газарт хандсан юм гэнэ лээ. Би өөрөө ч Гадаад харилцааны сайд Ерөнхий сайд нарт биечлэн хандаж байсан Яагаад ч юм, засаг төрийнхөн нэг л шийдэж өгөхгүй байна. Хоёр орны иргэн байхыг зөвшөөрсөн хууль эрхийн акт Монголд байхгүй гэдэг юм. Гэтэл үүнийг Оросоос эхлээд тун олон улс оронд зөвшөөрдөг.
 
-Гэр орон чинь Москвад. Тийм болохоор заавал Монголын иргэн байх гэж зүтгэхийн учир байгаа юм уу?
 
-Нэгд, би эцгийнхээ төрж өссөн, иргэн нь байсан орны иргэн гэж өөрийгөө боддог. Хоёрт, шударга ёсыг заавал сэргээх ёстой гэж би үздэг. Юу гэвэл миний паспортыг хууль бусаар хураасан. Иргэн байх эрхийг зөрчиж болно гэсэн заалт Монголын Үндсэн хуульд байхгүй. Дараа нь миний хүсэл зоригийн эсрэг хүчээр Зөвлөлтийн паспорт олгосон. Энэ паспортыг буцаагаад өгчихөж болно л доо. Гэтэл би чинь ямар ч эрхгүй хүн болчихно шүү дээ.
 
-Дэмий гэмээр нэг асуулт асууя. Та Оросын иргэний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэний төлөө санал өгөв?
 
-  Би санал өгөөгүй.
 
- Зарчмын үүднээс тэр үү?
 
-Тийм. Яагаад гэвэл энэ бол өөр орон. Хэрэв би гэнэт хоёрдугаар шатны сонгуульд оролцсон бол нэр дэвшигчдийн аль алины нь эсрэг санал өгөх байсан.
 
-Таны ах Владислав бизнес эрхэлж байгаа гэж сонссон. Ажил төрөл нь бүтэмжтэй биз дээ?
 
-Эхлээд ЭЗХТЗ-д ажиллаж байсныг хүмүүс мэднэ. Энэ байгууллага тарахад арилжааны нэг компанид ажилаж байсан Өнгөрсөн онд түүнийгээ хаачихсан. Одоо бол надтай адил ажилгүй. Ноднин гараа хугалсан, бас ходоод нь өвддөг, байдал хүнд байгаа.
 
-Ээж тань хэр аж төрж байна вэ?
 
-Ер нь Москвад амьдрал хүнд байгаа шүү дээ. 76 настай хүний тухайд эрүүл мэндээс эхлээд олон олон асуудал тулгардаг. Ээж маань гэрийнхээ хажуугийн дэлгүүрээр орохоос өөрөөр алхаж гишгэхэд хүнд болсон. Уг нь Монголд ирье гэж их хүсдэг юм. Монгол оронд юу болж байгааг дандаа асууж сонирхож байдаг. Орост хөдөлмөр эрхэлж байгаагүй учир маш бага хэмжээний тэтгэвэр авна. Хуулийн дагуу Монгол Улс тэтгэвэр тэтгэмж олгох ёстой боловч юу ч өгдөггүй.
 
Уг нь Монголын цэргийн зүтгэлтэн, нас нөгчсөн түүний бэлбэсэн гэргий Орост амьдарч байгаа бол Оросын БХЯ, оросын цэргийн зүтгэлтний, ар гэр нь Монголд суудаг бол Монголын БХЯ тэтгэмж олгох тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байдаг юм билээ. Энэ дагуу тэтгэмж авдаг хүмүүс Москвад бий. 
 
Миний аав адилхан цэргийн зүтгэлтэн. Тийм болохоор бид Оросын БХЯ-нд асуудал тавьсан. Гэтэл тэндхийн нэг хүнд сурталтан ямар нэг бичиг цаас буруу бөглөгдсөн байна гэх мэтээр шалтаглан асуудлыг шийдэж өгөөгүй. Монголын БХЯ Орост хандвал болох байсан биз. Гэвч тэгээгүй.
 
-Анастасия Ивановна Филатова гуайн талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Их ширүүн авгай байсан гэх нь ч бий. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Нийлнэ. Тэрбээр хэцүү, зарим тохиолдолд муухай зантай ч гээд хэлчихмээр хүн. Би юмыг бодитойгоор дүгнэхийг эрхэмлэдэг учраас ээжийгээ ийнхүү муу хэлчихлээ.
 
-Анастасия Ивановна зарим хүмүүсийг зүй бусаар гомдоож байсан юм ч бий. Хүмүүсийг сайн ажиллааасай гэж хүссэндээ ихэнхдээ ингэдэг байсан болов уу?
 
-Үүний зэрэгцээ зарим улс түүний талаар шууд гүтгэж бичсэн. Яагаад ийм зантай болчихсон юм бэ гэвэл өөртөө ашиг хонжоо хайсан цөөн бялдуучид түүний эргэн тойронд явуулга хийж байсантай холбоотой. Ингэхэд аль ч оронд тэргүүн хатагтайн "комплекс" гэсэн ойлголт байдаг шүү дээ.
 
-Та өөрийнхөө зан төлвийг хэрхэн үнэлдэг вэ? Оюун санааны болоод эд материалын хувьд эцгээсээ юу өвлөж үлдэв?
 
-Би түүний үлгэр жишээгээр л хүмүүжсэн. Зан төлвийг нь ч зарим талаар өвлөсөн байх. Аав маш их ажилсаг хүн байсан. Миний хувьд бол эцгээсээ залхуудуу. Ном унших дуртайгаараа бол аавыг дууриасан байх. Өөрийн номын сантай. Мэргэжлээрээ, бас түүхэн сэдвээр ном зохиол уншина. Дорно дахины хүрээлэнд би Монгол болон бусад орны түүхийг судалж байлаа. 
 
Ертөнц, коммунист байсан орнуудад болж буй үйл явдлыг их сонирхдог. Гагцхүү монголын тухай ном зохиол тун ховор, хэвлэлд бараг юм нийтлэгдэдгүй. Материаллаг өвийн тухайд бол Ю.Цэдэнбал, Швейцари, Япон, Зөвлөлтийн банкинд хадгаламжтай энэ тэр гээд баахан хардсан шүү дээ Хэрэг үүсгээд шалгатал юу ч илрээгүй.
 
Цэдэнбалынхан 1988 онд ирэхдээ 2-3 вагон юм Москва руу аваад явчихсан гэж бас шуугисан. Энд Нанзад гуай сууж байна. Энэ хүн бүхнийг гэрчлэнэ дээ. (Биднийг ярилцаж байхад Ю.Цэдэнбалын амьдралийн сүүлчийн мөчийг хүртэл бие хамгаалагчаар нь ажилласан Нанзад гуай байлцав. Зоригийг урьсан сангийнхан зочноо заримдаа "мартчихдаг" бололтой юм. Ой тэмдэглэнэ гээд ажил ихтэй тул тэр биз. Энэ үед нь Нанзад гуай гар, хэл болдог аж.) Гаалийн мэдүүлэг, энэ тэрээг ухаад үзсэн ч болно Бага зэрэг мебель, хувийн эд зүйлээ л аваачсан.
 
Улаанбаатарт манай гэрт байсан бүх юм алга болсон сурагтай. Хувийн номын сан, гадаадын нам, төрийн тэргүүнүүд (Африкаас бусад тивд очлоо гэж аав маань ярьдаг байсан) бас өөрийн ард олноос өгсөн бэлгийн сийлбэр, баримал, уран зураг гээд их юм байсан. Хувийн архив, кино зураг (Анастасия Ивановна сонирхогчийн аппаратаар, сурвалжлагч оруулдаггүй үйл явдлын зургийг авдаг байжээ) соронзон бичлэг хүртэл байсан.
 
Мэдээжээр энэ бүхэн бол Цэдэнбалын хувийн өмч юм. Тиймээс хууль зүйн үүднээс гэр оронд нь өвлөгдөх ёстой. Нөгөөтэйгүүр Монголын түүх, үндэсний баялаг юм. Бидэнд ямар нэг юмыг хувьдаа авчихъя гэсэн бодол өчүүхэн ч алга, гагцхүү тэдгээрийг олж цуглуулж музей болговол хэн хүнд тустай. Тэр эд зүйлсийг гадаадад худалдчихаагүй бол Монголдоо л бий.
 
-Танайхны шүтээн болж үлдсэн юм байхгүй гэж үү?
 
-Надад зарим гэрэл зураг үлдсэн. Бас аавын маань хувцас хунар, хэрэглэж байсан зарим зүйл бий. Эмнэлэгт таалал төгсөхийнхөө өмнө эцсийн удаа үсээ засуулсан. Тэр үед авч үлдсэн туг үс миний хувьд хамгийн үнэтэй зүйл юм. Бас өнгөрсөн жил өвөөгийн өвөлжөөн дээр очихдоо тэндээс хэдэн чулуу авснаа нандин шүтээн болгон хадгалсан...
 
-Та Улаанбаатарт ирэлгүй нэлээд удсан. Энэ удаа нийслэл хот, Монгол орон танд ямар санагдав?
 
-Би бүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Ямарч гэсэн их зүйл өөрчлөгджээ, "БОИНГ" онгоцоор нисч ирлээ. Үйлчилгээ нь бүр шилдэг биш ч гэлээ дэлхийн төвшинд юм гэж бодогдов. Шинэ шинэ барилга босч янз янзын машин хөлхөлдөх болжээ. Зочид буудлын тохь тух хоол унд ч сайн юм.
 
Харин Монгол нутагт төрж өссөн монгол хүн гэр оронгүй юм шиг гадаадын хүний адил зочид буудалд сууж байгаа нь л надад үе үе хачирхалтай санагдаад байгаа юм.
 
Нүдэнд эвгүй харагдаж буй юм гэвэл олон тэнүүлч хүүхэд. Садан төрлийнхөө нэгний гэрээр очтол хоёр хүүхэд шатан дээр унтаж байх юм. "Тийм ээ, байнга хоноглодог юм" гээд хүмүүс тоосон шинжгүй. Энэ бол маш түгшүүртэй зүйл. Хүүхэд улс орны ирээдүй. Тэдний тухай боддоггүй Засгийн газар ирээдүйгээ бодохгүй байна гэсэн үг дээ. Хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж байдаг. Түүний ч дээгүүр тавигдах юм бол чухамхүү хүүхдийн асуудал юм.
 
-Танд Монголын аль нэг байгууллага манайд ирж ажиллаач гэж санал тавьж байв уу? Цаашдаа ямар ажил эрхлэе гэж бодож байна.
 
-Би Монголд амьдарч Монголынхоо төлөө ажиллая, тус дэм болъё гэж хүсдэг. Гэтэл энд суух орон гэр, паспорт ч алга. Энд бүхнийг шийдээд өгвөл дуртайяа ирнэ.
 
-Таны хүслэн биелэх болтугай.
 
1996.10 дугаар cap
Сэтгүүлч Б.Пүрэвдаш