sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Сирийн шоронгуудад 2011-2015 онд 18 мянга орчим хүн амиа алдсан гэж олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч “Эмнэсти Интернэшнл” ТББ мэдэгдлээ.
 
Тус байгууллагын тайланд дурдсанаар, Сирийн шоронд хоригдлуудыг зодож, хүчирхийлдэг ажээ.
“Эрүү шүүлтээс амьд гарсан” 65 хүний ярилцлага багтсан тайланг тус байгууллага өнөөдөр гаргасан байна. Энэ хүмүүс “шорон болон цагдан хорих төвдүүдэд “аймшигтай хүчирхийлэл” үйлдэгддэг” гэсэн байна.
 
Сирийн Засгийн газрын хүчнийхэн эрүүдэн шүүж байгааг зогсоохын тулд Дамаскт шахалт үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт “Эмнэсти Интернэшнл” уриаллаа.
Харин Сирийн Засгийн газар энэ мэт мэдээлэлтэй холбогдуулан эрс няцаасан хариу өгсөөр байгаа юм.
 
Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг бослого дэгдсэн 2011 оны гуравдугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд Сирийн шоронгуудад 17723 хүн амьсгал хураажээ. Өөрөөр хэлбэл, тус улсын шоронд өдөрт 10, сард 300 гаруй хүн амиа алдаж байсан гэсэн үг юм.
 
Баривчлагдсан хүмүүсийг шоронд ирснийх нь дараа харуулууд хайр найргүй зодож нүддэг гэнэ. Энэ хүчирхийллээ тэд “угталтын үдэшлэг” гэж нэрлэдэг ажээ.
Мөн “Эмнэсти Интернэшнл”-ийн мэдэгдсэнээр, эмэгтэй хоригдлууд харуулуудын бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна.
 
“Тэд биднийг адгууснаас ч дорд үздэг. Хүний санаанд багтамгүй зэрлэг балмад авирладаг” гэж хоригдол Самер “Эмнэсти Интернэшнл”-д мэдэгджээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “би маш их цус харсан. Яг л гол шиг урсаж байсан. Хүн төрөлхтөн ийм доод түвшний амьтан болно гэж би төсөөлж ч байсангүй ... тэдэнд биднийг алах нь ямар ч асуудал биш” гэсэн байна.
 
Мөн өөр нэг хоригдол Зайид (жинхэнэ нэр нь биш) ярихдаа “тагнуулын агентлагийн цагдан хорих төвийн агааржуулалтын систем ажиллахгүй болсны улмаас нэг өдрийн дотор долоон хүн амиа алдсан” гээд “тэд биднийг амьд, үхсэн эсэхийг шалгаж байгаад л зодож эхэлдэг” гэжээ.
 
Сирид хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг нэн даруй авч хэлэлцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт, ялангуяа Сирийн хямралын талаарх энхийн хэлэлцээг хамтран даргалж буй АНУ болон ОХУ-д “Эмнэсти Интернэшнл” болон хүний эрхийн төлөө тэмцэгч бусад байгууллага уриаллаа.
 
Г.Доржханд

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг