sonin.mn
АН-ын шинэчлэлийн ажлын хэсгээс “Монголын улс төрийн намын шийдэл, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Улс төрийн намуудын дотоод ардчилал, санхүүжилт, бодлогын тулгамдсан асуудлыг дэвшүүлж байгааг тус намын залуус онцлов.
 
Эрдэм шинжилгээний хуралд улс төр судлаач, доктор Э. Гэрэлт-Од, доктор, дэд профессор Ц. Батболд, доктор, дэд профессор  Ц.Мөнхцэцэг, эдийн засагч, судлаач О.Эрдэнэ-Өрнөх, АН-ын дунд шатны хяналтын салбар хорооны гишүүн Э. Бямбацэрэн, Баянгол дүүргийн Засаг дарга асан, эрх зүйч Д.Оросоо нар илтгэл тавьж  хэлэлцүүллээ. 
 
Хурлын ач холбогдлын тухай АН-ын шинэчлэлийн ажлын хэсгийн зохицуулагч Б.Ган-Очир “Монгол улсын хүн амын 80 гаруй хувь нь улс төрийн намуудад  итгэх итгэлгүй болсон гэсэн судалгааны  дүн байдаг. Ардчилсан тогтолцоо өсөхийн хэрээр намуудад, эрх баригчдад  ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нь зүй ёсны асуудал.
 
Гол нь Монголын төрийг бүрдүүлж буй намууд улс орны хөгжлийг зуун хувь зөв авч явахгүй байгааг залуус хэлж байна. Тиймээс энэ сэдвийг  судлаач, эрдэмтэд олж харж дуугарч байна  гэдэг  нь  хамгийн зөв цэгээсээ эхэлж байна” гэж онцлов. 
 
МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ц.Батболд “Намууд шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээсээ эхлэх ёстой. Мөн нам доторх фракцийн асуудлаа намаасаа гаргахгүйгээр хязгаарласан дүрмүүдийг батлах хэрэгтэй” гэв.
 
АН-ын шинэчлэлийн хорооны гишүүн Н.Тэгшбаяр “Нам  бүлэг хүмүүсийн нэг зүг рүү харж байгаа нэгдэл. Тэрхүү нэгдэл дотроо эрүүл нэгдлүүдийг бий болгох ёстой. Дэлхийн намууд мэргэжил, боловсролоороо нэгдсэн бүлэгтэй. Гэтэл АН-ынхан чих нь бөглөрчихсөн, ард түмнээс сэтгэл нь хол байна.
 
Нийгмийн хэрэгцээ шаардлага, залуучуудын тавьж байгаа асуудал, судлаач шинжээчдийн хэлж байгаа зүйлийг хүлээж авахгүй зөвхөн сэтгэлийн хөөрлөөр шинэчлэл, төрийн ажлыг хийж байна. Хөгжлийн урт хугацааны зөв концепцийг, бодлогын залгамж халааг бий болгож чадахгүй байна.
 
Тиймээс  мэргэжил, боловсролоороо нэгдсэн, бодлого боловсруулдаг, шинэчлэл хийдэг, мэдлэг чадвараараа улсад хүч өгдөг бүлэглэлийг бий болгож шийдлийг хийх хэрэгтэй”-г тэмдэглэв.  
 
АН-ын  гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо 2009 оноос намын Их хурлыг хуралдуулахыг шаардаж, дүрмийн өөрчлөлт явуулж, дотоод ардчиллыг амьд байлгах зорилгоор удаа дараа шаардлага өгч байсан.
 
Харамсалтай нь тухайн үеийн намын удирдлагууд энэ шаардлагыг хүлээж аваагүйгээс улс төрийн намын хувьд үхмэл байдалд ороод байгаа. Тиймээс АН-ын гишүүд дэмжигчдийн хороо ҮЗХ-г огцрохыг шаардаж байгаа. Монголын нийгэмд ардчилсан төр, засгийг бэхжүүлэх ажлыг нэн яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол улс орны дотоод асуудал, эдийн засгийн томоохон хүндрэлүүдийг  дагуулна.
 
Нийгмийн ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, АН идэвхтэй байхын тулд үйл ажиллагаагаа, 1990-ээд онд тээж явсан үнэт зүйлээ сэргээх ёстой” гэлээ.  Хуралд оролцогсод намуудын шинэчлэл, шийдлийн талаар ийнхүү  байр сууриа илэрхийллээ.
 
АН-ын шинэчлэлийн ажлын хэсгээс эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын төлөөллийг  оролцуулсан хурал зөвлөгөөнийг цаашид ч зохион байгуулах болно. Намуудын шинэчлэлийн эхэнд АН явах ёстой гэж үзэж буйгаа онцолж байлаа.
 
А.НАМУУНАА,
Б.ЭНХЖИН
Эх сурвалж: