sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн баг Засгийн газрын 2010 оны 62 дугаар тогтоол, Батлан хамгаалах сайдын 2010 оны 142 дугаар тушаалаар 2010 оны 12 дугаар сарын 19-нөөс эхлэн Судан улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд оролцож эхэлсэн билээ.
 
Энэхүү эмнэлэг нь анхан болон хоёр дахь шатны тусламж, яаралтай сэхээн амьдруулах болон тогтворжуулах арга хэмжээ, мэс засал хийх, шүдний эрүүл мэндийн суурь үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. “UNAMID” ажиллагааны хойд болон баруун секторт НҮБ-ын ажилтан, цэрэг хандивлагч орны цэргийн болон цагдаагийн алба хаагч, орон нутгийн иргэдэд тус багаас эмнэлгийн үзлэг, үйлчилгээг үзүүлж байгаа юм.
 
Өчигдөр “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 8 дугаар ээлжийн цэргийн баг Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслол ЗХЖШ-ын өмнөх талбайд болсон юм. Энэ үеэр тус багийн гишүүн, хошууч Дагдангийн Гантулгатай уулзсан ярилцлагыг толилуулж байна.  
 
 
-Энхийг сахиулах үйл ажиллагаанд та анх удаа явж байна уу?
 
-Энхийг сахиулах ажиллагаанд хоёр дахь удаагаа явж байна. Өмнө нь Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаа Хойд Судан улсад монгол цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэг гүйцэтгэхээр явж байна.
 
-Өмнөх энхийг сахиулах ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэж байв?
 
-Өмнөх цэргийн багийн ээлжинд зургаан сарын хугацаатайгаар эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаад өөрийнхөө эмнэлгийн багт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар хамт олноо манлайлах үүрэг гүйцэтгэх гэж байна.
 
-Энхийг сахиулах үйл ажиллагаанд өмнө нь явж байх үеэр тулгарч байсан бэрхшээл, ямар нэг асуудал гарч байв уу?
 
-Манай өмнөх цэргийн баг цомхон бүтэцтэй 40 хүний бүрэлдэхүүнтэй нэг салаа явсан. Тухайн үед энхийг сахих ажиллагааны багийн эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Миний хувьд биеийн эрүүл мэндээр тэнцээд явсан. Манай багт ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтын нөхцлийг бүрэн хангасан цэргийн албан хаагч нар байсан болохоор эрүүл мэндийн болон бүх талаасаа ноцтой зүйл байгаагүй. Манай цэргийн албан хаагч нар үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн.
 
-Суданд энхийг сахиулах ажиллагаанд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй, ямар үүрэг гүйцэтгэх вэ?
 
-Манайх энэ удаа Хойд Судан улсын динамит ажиллагааны хойд секторын Дарфур мужид цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийн бүрэн үйлчилгээ үзүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Эмнэлэг үндсэн 68 хүний бүрэлдэхүүнтэй.  Үүнээс 35 нь эмнэлгийн ажилтнууд болох мэс заслын, сэхээний, дотор, мэдрэл, зүрхний эмч нар бусад нь нарийн мэргэжил болон сувилагч нар байгаа. Бид нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ.
 
-Урт хугацаа байна. Өмнө нь Афганистанд явж байхад уур амьсгалаас эхлээд нөхцөл байдал ямар байсан. Одоо очих Суданд уур амьсгалын хувьд  арай өөр байх. Энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
 
-Афганистан улс манай оронтой цаг уурын хувьд ойролцоо байсан. Энэ удаагийн очих гэж байгаа газар газарзүйн байрлалын хувьд Африк тивд Экваторын ойролцоо байдаг учраас маш халуун газар нутаг. Бид хэт халууны нөхцөлд үүрэг гүйцэтгэнэ гэсэн ойлголттой байгаа. Тиймээс сэтгэл зүйн болон бие бялдарын бэлтгэлээ сайн хангасан.
 
 
-Судан руу явсан өмнөх долоон ээлжийн хүмүүсээс дахин явж байгаа хүн байгаа биз. Тэнд хамгийн бэрхшээлтэй асуудал нь юу бол?
 
-Манай багийн хувьд өмнө нь Хойд Судан улсад цэргийн хоёрдугаар шатны эмнэлэгт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүн /цэргийн албан хаагчид/ бол байгаа. Тэднээсээ бид асууж лавлаж мэдсэн зүйл бий. Бас өмнөх ээлжийн буюу одоо үүрэг гүйцэтгэж байгаа 7 дугаар ээлжийн цэргийн багаас холбогдох мэдээллээ авч цагийн байдлыг үнэлж ажиллаж байна.
 
Суданд очиж байгаагүй бидний хувьд хамгийн эхэлж тулгарах бэрхшээл гэвэл эх орондоо, Афганистан зэрэг ойрхон улсад зорчсон болохоор халуун тивд очиж үзээгүй учраас амьтнаас эхлээд цаг уурын нөхцөл гэх мэт асуудлууд тулгарч болзошгүй. Гэхдээ бид урьдчилан бэлтгэгдсэн болохоор харьцангуй гайгүй байх. Манай хамгаалалтын салаанд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчид байгаа тэд нар бидэнд тусалж зөвлөж ажиллаж байгаа.
 
-Хойд Суданд цагийн байдал ямар байгаа, Та бүхний очих бүс хэр аюултай бол?
 
-Бидний очих бүст цагийн байдал хүндэрч байгаа. Нутгийн ард иргэд болоод Засгийн газар нь, мөн дээрээс НҮБ-аас зөрчилдөх асуудалтай гэсэн мэдээлэлтэй байгаа, тийм ч тайван бус гэдэг нь ойлгомжтой.
 
-Ер нь эх орон, гэр бүлтэйгээ холбогдох мэдээлэл авах боломж ямар байдаг вэ?
 
-Бид нарын судалж мэдсэнээр интернэтээр болон утсаар холбоо барих боломжтой. Харин захиа, илгээмж явуулах боломж байхгүй. Хойд Суданд зөвхөн НҮБ-ын онгоц л бууж газардах эрхтэй байдаг.
 
-Хоол хүнсний хувьд ямар байдаг вэ?
 
-НҮБ-ын хангалтаар тусгай зориулалтын хоол хүнсний жагсаалтаас сонголтоо хийж авна.
 
-Халуун орны янз бүрийн халдварт өвчин гарах эрсдэлээс хэрхэн хамгаалсан бол?
 
-Халуун орны халдварт өвчин гарах магадлалтай. Энэ нь шумуулаар дамжин халдварладаг халуун орны хумхаа өвчин юм. Бид нар урьдчилан сэргийлэх бүх вакцинаа хийлгэсэн. Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх эсрэг эмээ уугаад шумуулнаас өөрийгөө  хамгаалах арга хэмжээг авах бүрэн боломжтой.
 
-Хойд Судан руу явах цэргийн багт хэдэн насны хүмүүс байгаа бол?
 
-Харьцангуй залуу цэргийн баг байгаа. Дийлэнх нь 20-35 насныхан юм. 40 гаруй насны 3-4 хүн байгаа. Манай багийн захирагч, хурандаа Г.Наранхүү өмнө нь Сьерра-Леон улс болон халуун тивд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай сайн удирдагч байгаа.
 
Энхийг сахиулах үйлсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч залуучууд биеэр оролцон мэдлэг, мэргэжил, ур чадвараа ийнхүү зориулж байгаа нь бахархалтай ариун үйлс юм. Монголын олон зуун аав, ээж, амраг хань, ахан дүүс энэхүү энхийн үйлсэд хүүгээ, охиноо, эгч, ах, дүүгээ цагаан сүүгээ өргөн хилийн чанад руу үдэн мордуулж байна.
 
 
Тэдний нэг болох хайрт ханиа Судан улс руу энхийг сахиулах үйлсэд үдэн мордуулж байгаа гэргий Д.Даваасүрэнтэй уулзаж сэтгэгдлийг авсан юм.
 
“Миний хань “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 8 дугаар ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Г.Наранхүү. Тэр өмнө нь 2010 онд Сьерра-Леон улсад энхийг сахиулах үүргийг амжилттай гүйцэтгээд ирсэн. Энэ удаа дахиад л жилийн хугацаатай явж байна.
 
Эх орныхоо болон НҮБ-ын нэрийн өмнөөс алс холын Африк тивд 70 гаруй монгол залуусыг удирдан үүрэг гүйцэтгэх өндөр хариуцлага хүлээж “Цэнхэр дуулгатан” хэмээх нэр алдрыг дуурсгаж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирнэ гэдэг ханьдаа бүрэн итгэж, бас ханиараа бахархаж байна. Миний үүрэг гэвэл ар талд нь ямар нэг санаа зовоох зүйлгүй байлгаж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх. Бид аль аль талдаа сэтгэлийн хат, бэлтгэлтэй байх учиртай гэдгээ сайн ойлгож байгаа” гэв.
 
Д.Өлзий

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг