sonin.mn
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст, Канад Монгол хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй болохыг дурдаад, парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад Монгол Улсад ирсэн гэлээ. Энэ удаагийн уулзалт хоёр орны парламент хоорондын харилцааг эрчимжүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Уулзалтын үеэр талууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр санал солилцон, байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүд энэ салбарыг амжилттай хөгжүүлсэн Канад Улсаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.