sonin.mn
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо.
 
Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний  зохицуулалт,  засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Зуны амралт, зугаалгын цаг дуусч, хичээл эхлэх үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс хотын төв хэсгийн автозамын ачааллыг бууруулах түр зохицуулалт хийж, ирэх амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна. Хөрөнгө мөнгөний асуудлаас зогсонги  байсан зам засвар, арчлалтын ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд төв зам дагуух засварыг хөдөлгөөний нягтралд саад болгохгүйн үүднээс шөнийн цагаар хийж, дуусгахаар ажиллаж байгаа болон цаашид ажлын хэсгээс бүтэн жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх  талаараа танилцуулав.
 
Тэргүүлэгчид,  Сурагчдын автобусны стандарт, хүрэлцээ,  сургуулийн эргүүл, гарц, гэрлэн дохио зэрэг хүүхэд, сурагчдын  аюулгүй байдал, цаашид замын түгжрэлийн хэрхэн бууруулах, дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх, эсэх талаар асуулт асууж, хариуцсан албан тушаалтнуудаас  хариулт авлаа. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Аз жаргалтай хот хөтөлбөр”-ийн хүрээнд замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, давхар зам, гүүр барих асуудлыг шийднэ. Нэн түрүүнд   зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэ, сургууль орчны аюулгүй байдлыг онцгойлон анхаар. Сургуулийн эргүүл буюу “School police”-ийг үргэлжлүүлэн ажиллуул. Шаардлагатай бол нэмэгдүүл” гэсэн үүргийг ажлын хэсэгт өглөө. Харин Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулга хийв.  Тэрээр энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг цэцэрлэгт  шинээр элсүүлнэ.
 
Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч 43 000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн сул орон дээр он дуустал 3057 хүүхдийг нэмж явуулах ажилд 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.  Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн 08 сарын 22-26-ны өдрүүдэд элсэлтийн бүртгэл хийж,  "Элсэлтийн тасалбар" тарааж, 26-ны өдөр сонгон шалгаруулалт явуулна.  Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх бүх хүүхдийг бүртгэнэ. 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудал хичээлийн жилдээ багтаж шийдвэрлэгдэнэ. Энэ хичээлийн жилд цэцэрлэг, сургууль, сургууль цэцэрлэгийн цогцолбор, спорт заалны 34 барилгыг засварлаж буюу  шинээр ашиглалтад оруулна гэсэн мэдээлэл өгөв. 
 
Тэргүүлэгчдийн зүгээс төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмж өгөх хүүхдүүдийн хөрөнгийн асуудлыг он дуустал шийдлээ гэхэд 2017 оны 1-р сарын 1-нээс тэр хүүхдүүдийг яах вэ. Тэгэхээр  төсвийн  тооцоог хичээлийн жил дуустал хийж танилцуулах, сургууль цэцэрлэгийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чиглэл өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.