sonin.mn
БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлийн транзит тээврийн туршилтын үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр анхны тээвэрлэлтээ хийж эхэлсэн. Энэ талаар ЗТХ-ын дэд сайд Б.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодруулав.
 
-Монгол-Хятад-Орос гурван улсын транзит тээврийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү туршилтын арга хэмжээ Монгол Улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?
 
-Монгол, Орос, Хятад гурван улсын хоорондох Эдийн засгийн коридор байгуулах олон жилийн яриа хэлэлцээр бодит үр дүнд хүрч Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо энэ оны 6 дугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 16 дах удаагийн хурлын үеэр гурван улсын тэргүүн нар хамтарсан гэрээнд гарын үсэг зурсан.
 
Гурван талт эдийн засгийн коридор нь Монгол Улсын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын “Транс-Евроазийн бүсийн хөгжил” хөтөлбөрийг нийлүүлсэн томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр юм.
 
Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар гурван улсын Тээврийн асуудал хариуцсан яамд идэвхтэй ажиллаж байна.
 
Энэ хүрээнд зохион байгуулж буй туршилтын тээвэрлэлтийн арга хэмжээ нь Монгол Улсын хувьд Азийн авто замын сүлжээнд орох ач холбогдолтой. Улмаар Монгол Улс хөрш орнуудын нутгаар тээвэр хийж, далайд гарах боломж юм.
 
Энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмолжсоноор Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европ тив болон ОХУ, БНХАУ-ыг холбосон “Тээвэр логистикийн төв” бий болох боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
-Туршилтын тээвэрлэлт хийснээр ямар боломж бий болж байна вэ?
 
-Туршилтын тээвэрлэлтийн хүрээнд дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хийх талаар олон жилийн яригдсан, судалсан зүйлийг бодит байдалд турших, танилцах боломж бүрдэж байна. Мөн тээвэр худалдааг хөнгөвчлөх, үүсч буй бэрхшээлийг арилгах арга замыг хамтран шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.
 
- Монгол, Орос, Хятад гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна?
 
-Монгол Улс ОХУ болон БНХАУ-тай Автотээврийн хэлэлцээрийг Засгийн газар хоорондын түвшинд байгуулан ажиллаж байгаа бөгөөд манай гурван улсын автотээврийн харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэхийн тулд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах нь хамгийн чухал.
 
Ингэснээр гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх эхлэл бүрдэх бөгөөд цаашдаа дотоодын эрх зүйн зохицуулалтуудаа бий болгох боломж бүрдэж байгаа юм. Гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд Олон улсын автотээврийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хилээр нэвтрэхэд шаардагдах бичиг баримтыг цөөрүүлэх хэрэгтэй.
 
Мөн гурван улсын автотээврийн салбарт мөрдөгдөж буй стандартын шаардлагыг ижил болгох, замын дагуух дэд бүтцийг бий болгож, төлбөр хураамжийн хэмжээг ойртуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
-БНХАУ-ын Зам, тээврийн дэд сайд Монгол Улстай бүхий л талаар хамтран ажиллах боломжтой талаараа илэрхийлсэн гэсэн?
 
-Хятадын тал Тяньжиний тээвэр логистикийн төвийн газар болон хөрөнгө оруулалтын асуудал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ер нь БНХАУ манай улстай олон жилийн найрсаг харилцаатай байж, эдийн засгийн хамгийн таатай боломжуудыг олгож ирсэн улс. Цаашдаа энэ бодлогоо хэвээр хадгална гэдгийг онцолсон.
 
Ч.Ариунболд

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг